ДӨРВИЙН ДӨРВӨН ХҮН ҮРЭГДЧИХЭЭД БАЙХАД ДӨМБИЙГӨӨД СУУДАГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 16 секунд
ДӨРВИЙН ДӨРВӨН ХҮН ҮРЭГДЧИХЭЭД БАЙХАД ДӨМБИЙГӨӨД СУУДАГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ

ДӨРВИЙН ДӨРВӨН ХҮН ҮРЭГДЧИХЭЭД БАЙХАД ДӨМБИЙГӨӨД СУУДАГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ

Сайжруулсан түлшний угаарт хордсон хэд хэдэн дуудлага энэ сарын 04-ний орой Хордлогын төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч харамсалтай нь дөрвөн иргэн амиа алдлаа. Үүгээр зогсолгүй өчигдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суудаг нэг өрхийн гурван хүн угаарын хийнд бас дахин хордож 28 настай, эмэгтэй Ц нас барсан байна. Цааш ч үргэлжлэх бололтой. Угаарт хордсон иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 70 хол гарчээ. Ер нь бол есдүгээр сард л сайжруулсан түлшинд угаартсан мэдээлэл дуулдаж эхэлсэн юм. Арай амь насаа алдсандаа хүрээгүй байсан. Ийм аюул нүүрлэхийг урьдчилж мэдсэн эрх баригчид, хотын удирдлагууд нүхээ ухаж, “Сайжруулсан түлшний талаар муугаар бичвэл тагнуул, цагдаагаар шалгуулна” хэмээн давилуунтаж байсан юм байна. Ямар муухай зөнтэй дарга нар вэ. Хүүхдүүд угаартаж нас барахыг мэдээд хүчнийхнээр сүрдүүлж байдаг.

Нийгэм ийм аюултай байдалд хүрч, дөрвийн дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдчихээд байхад дөмбийгөөд суудаг хэвлэл мэдээлэл гэж хаана ч байхгүй. Дуугарч л таарна. Угаарын асуудал босонгуут л эрх баригчид хэвлэл мэдээллийн удирдлагууд руу есөн шидийн сувгаар ярьж, учир нь олдтол мэдээлэхгүй байхыг хүсч байна. Тэгдэггүй юм, дарга нар аа. Энэ бол үнэхээр үндэсний хэмжээний эмгэнэл. Үүнд хэвлэл мэдээллийнхэн ухаалаг хандах хэрэгтэй. Алдаа нь яг хаанаа байна. Үнэндээ хаа хаанаа асуудал бий. Ямар ч байсан хүмүүс нас барсан нь факт мөн. Угаартаж нас барсан хүний тоо нэмэгдэх шинжтэй болсон нь бүр аюултай баримт. Үүний эсрэг төр засаг юу хийх ёстой, юу хийж байна. Асуудлын гол нь үүндээ байна. “Бид шалгалаа, сайжруулсан түлшинд асуудал алга, 30 мянган өрх түлсний нэг хувьд л ийм асуудал үүслээ, тийм болохоор хориглохгүй...” гэхчлэн эрх баригчид яриад мэтгээд байгаа нь үнэндээ тэнэглэл мөн. Гэхдээ эдгээр тэнэгүүдийн дотроос нэг ухаалаг нь гарч ирээд асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

Хүний амь наснаас илүү үнэтэй юм гэж хаана ч байхгүй. Амиа алдсан иргэддээ эмгэнэж байна. Бидний амьдралаас хол байгаа аюул биш шүү дээ. Бидний яг дэргэд байгаа аюул. Орон сууцанд байдаг биднээс хол гэсэн өчүүхэн санаагаа ингэж ил харуулж болохгүй, дарга нар аа. Далд бүр ч харуулж болохгүй.

Монголд болж буй хэрэг явдалтай зэрэгцээд Финландын зүүн бүсийн Куопио хотын нэгэн сургуульд хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж нэг хүнийг хөнөөж, 10 хүн шархдуулсан хэрэг гарлаа. Тус улсын зүгээс тэр дор нь Онц байдал зарлаж, хэргийн учрыг мухарлахаар улс орон даяараа хөдөлж байна. Манай улстай тун төстэй, 5.4 сая хүнтэй энэ улсад иргэн нь цаг бусаар амиа алдахад ингэж Үндэсний хэмжээний аюулын хэмжээнд авч үзэж байна. Манайд таван ч иргэн маань зуурдаар амь насаа алдчихаад байна. Бидний байгаа царайг хар. Хоёр нялх хүүхэд, ах дүүсээрээ амиа алдчихаад байхад эрх баригчид нь “Бидний бэлдсэн түлшнээс л лав болоогүй байна шүү” гэж хэлчихээд гэртээ очоод хэвтчихэж байгааг. Байшингийн загвар муу хийлээ гэж Монголоор нэг аашилж загнадаг Ерөнхий сайд нь хаана явна. Байшинг чинь нурааж л таараа гээд бахирч байдаг хотын дарга нь гарч ирээд эмгэнэл илэрхийлчихэж чадахгүй л байна. Сайд, дарга бүхэн арьсаа хамгаалсан мэдэгдэл хийж байна. Монголчуудыг айдаст автуулж буй энэ хэрэг явдал дээр чинь л жинхэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь яаралтай хуралдаж, анхаарлаа хандуулдаггүй юм уу.

Сайжруулсан түлш үнэхээр хортой, хоргүйг цаг алдалгүй тогтоох хэрэгтэй байна. Хоргүй юм бол яаж түлэхийг нь бас цаг алдалгүй айл өрх бүрийн хаалгаар орж тайлбарлаж таниулах хэрэгтэй байна. Айл бүрт хүрч утаагүй түлшийг хэрхэн зөв хэрэглэхийг заахгүй өөр ямар ажил тэгээд хийх гэсэн юм бэ, та нар. Өөр хийх ажил та нарт байгаа юм уу. Ард түмэн чинь дэлхийд байхгүй хүйтнийг хэрхэн давах асуудал та нарын хамгийн чухал ажил биш үү. Үүнийг л хийгээдэх гэж ард түмэн та нарыг наад суудал дээр чинь залсан юм байгаа биз дээ. Гэтэл хариуцсан том дарга нь юу гэнэ вэ, “Би айл бүрээр орж сайжруулсан түлш хэрхэн түлэхийг заах юм уу, чадахгүй” гээд сууж байна. Гэр хорооллын 200 мянган өрхийн өөдөөс салаавч өгч буй эрх баригч гэж энэ. Өнөө 200 мянган өрхийн дийлэнх нь тэдэнд саналаа өгсөн нь сонгуулийн статистикаас харагддаг шүү дээ. Нийслэлчүүд бид бүхэн чинь ямар юмнуудаа төрд сонгочихсон юм бэ.

АН-ын зүгээс өчигдөр мэдэгдэл гаргасан. Нийслэлийн удирдлагуудыг авчирч УИХ-д сонсгол хийлгэе гэж. Энэ нь хамгийн зөв. Улсын эрхийг барих хамгийн дээд байгууллага УИХ дээр энэхүү эмгэнэлт асуудлыг ярилцаж шийд. Тэгэхгүй бол тэр доод шатны дарга нар чинь “Айл бүрээр орж гал түлэхийг заах юм уу” гээд суугаад байна. Ард түмний шууд сонгон байгуулсан төр бол УИХ. Та нар доогуур байгаа дарга нараа томилсон. Тэдэнтэйгээ хариуцлага тооц. Төрийн бүх шатны байгууллагыг, бүтцийг ажилд нь оруулж, гэр хороолол, түлшний үйлдвэр, цэгүүдэд жижүүрлүүл. Дүүрэг, хороо, гудамж, талбай, айл өрх бүрт тэднийг очуул. Хамт хоно, гал түлүүл, гэр хорооллоос ажилд нь явуул. Муулаад байдаг соц нийгмийн үед ажил нь унаад байгаа аймгуудад Төв хорооноос В.Бүнчин гэж даргыг нэр цохон томилж ажиллуулдаг байсан бодит түүх бий. В.Бүнчин дарга ажил нь унасан газар бүрт цэргүүдээ дагуулж очин тодорхой хугацаанд амьдардаг байсан гэдэг. Малчныд хонож, галчтай нь хамт уурын зууханд ажиллаж, жолоочтой нь хамт бүхээгт нь явж, зам тавьж байгаа газарт өглөө үүрээр ажилчных нь хувцас өмсчихсөн зогсож байдаг байсан гэдэг. Яг л ийм амьдралын гүнд, хэрэгтэй газарт нь, хэрэгтэй цагт нь, асуудлыг нь шийдэж, ажлыг нь хийлгээд зогсож байдаг удирдлага өнөөдрийн төр засагт нэг ч алга. Ялангуяа аж ахуйн ажил дийлэнх нь байдаг нийслэлд цагаан цамц, зангиатай, гял цял болсон баахан дарга нар, ард нь амьдрал нь нурсан 200 мянган өрх. Ийм байхад элэнцгийн чинь эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт вэ... Та нарыг сонгосон ард түмэн цаана чинь үхэж байна. Та нар сайн ажилласан бол иргэд ингэж олноороо үхэхгүй байсан. Үхэл хагацал хэдүй болтол үргэлжлэхийг өнөөдөр хэн ч мэдэхгүй болчихоод байгаад л аюул оршин байна шүү.

Уг нь бол утаагүй түлш нь ахиц дэвшил хэмээн бид өөдрөг сайнаар бичсээр байгаа. Гэвч харамсалтай нь сайжруулсан түлшний эргэн тойронд хэрэг явдал өрнөөд байна. Үүнд хэвлэл мэдээллийнхэн маш сонор соргог байх ёстой. Бодит үнэнийг мэдээлэх ёстой. Үнэнийг мэдээлэхэд хамгийн их түлхэц өгөх нь төр засгийн шат шатны байгууллагууд юм. Төрөөс л хэвлэл мэдээллийнхныг бодитой мэдээллээр, цаг алдалгүй хангаад өгвөл бид хамтраад үнэнийг нийгэмд ойлгуулж чадна. Гэтэл төрийн зүгээс зуларч, нууцалж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн арьсаа хамгаалсан мэдээлэл хийгээд байвал сайжруулсан түлш нэг мөсөн сөнөнө. Хүн үхлээ, сонгууль дөхлөө гээд зогсох л юм бол дахиад Улаанбаатарыг утаанаас салгах тухай хэн ч зориглохгүй. Эрсдэл ирлээ. Эрсдэлийг ухаалгаар зохицуулахын оронд дээрх хоёр шалтгаанаар унтарвал өнөөдрийнхөөс ч тэнэг хэрэг болно. Яг нарийндаа бол угаартахаа хүрвэл аргалын утаанд ч угаартана. Түүн шиг түлшийг буруу хэрэглэвэл олон хүн үхэх бололтой. Мэргэжлийн болоод, мэргэжлийн бус хүмүүс сайжруулсан түлшний талаар мэргэжлийн үг хэллэгээр зөв буруу ойлголтыг нийгэмд өгсөөр байна. Миний ойлгосноор иргэд маань шаталт муутай нүүрсэнд хэрэглэдэг хуучин аргаа шаталт өндөртэй шинэ түлшинд хэрэглэж эхэлсэн нь алдаа болох шиг боллоо. Өнөөдрийн эрх баригчид энэхүү шинэ түвшний түлшийг хэрэглэх зааварчилгааг иргэдэд үнэхээр сайн зааж сурталчилсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Өнгөрсөн хавраас эхлээд бараг бүтэн жил шахуу зөвхөн энэ талын зааварчилгааг ард түмэнд заах байлаа. Даанч тэгсэнгүй дээ. Эцэст нь өнөөдөр ямар байдалд хүрэв!!!

Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд утаагүй түлшинд угаартаж үхэх үү. Эсвэл түлэхгүйгээр хөлдөж үхэх үү гэсэн прадокстой тулгарч байгаа бололтой ...

Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ
Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.