Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 18 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж, ургац хураалтын нөхцөл байдалтай танилцлаа.

2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах нөхцөл бүрдсэн боловч сүүлийн өдрүүдэд тариалангийн бүс нутагт хур тунадас үргэлжлэн унасны улмаас ургац хураалт удааширсан байна.

Одоогийн байдлаар 2023 оны жилийн ургац хураалт улсын хэмжээнд үр тариа 10 хувь, үүнээс улаанбуудай 6 хувь, төмс, хүнсний ногоо 40 орчим хувь, тос, тэжээлийн таримал 5-7 хувьтай явагдаж байна.

Цаашид байгаль, цаг уурын таатай нөхцөл бүрдвэл ургац хураалт үргэлжилж, улаанбуудайн хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжтой гэдгийг энэ үеэр албаныхан хэлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь “Ивэн түрүү” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллалаа.

Тус компани нь эргэлтийн 2100 га талбайтай. Энэ жил 1200 га талбайд улаан буудай, 400 га талбайд малын тэжээл, тосны ургамал тариалжээ.

Жил бүрийн ургацаасаа дараа жилийн тариалалтад зориулан 200-300 тн чанар сайтай үрийг нөөцлөн лабораторийн шинжилгээнд хамруулж, нутагшуулан тариалж байгаа нь үр дүнгээ өгч усалгаагүй талбайгаас 24-28 центнер ургац хураан авч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгийн 600 сая төгрөгийн зээл авчээ.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд тариаланчдад цаг үеэ олсон бодлогын дэмжлэг үзүүлсэнд ерөнхий захирал Д.Бат талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дараа нь Орхон аймгийн Жаргалант сумын нутагт байрлах “Орхон тариа” ХХК-ийн үтрэмийн байрлалд ажиллав.

Тус компани нь 2002 онд байгуулагдсан бөгөөд нийт 20 ажилчинтай. Сайн чанарын улаанбуудайг нутагшуулан тарьж үржүүлэх, төмс, хүнсний ногоог тариалж борлуулах, адуу, үхэр, шувуу, гахайн сүргийг фермерийн зохион байгуулалтаар өсгөж үржүүлэн сүү цагаан идээ боловсруулах, жимс, жимсгэний мод, бут сөөгийг тариалах үржүүлэх, хадлан тэжээл бэлтгэх зах зээлд нийлүүлэх чиглэлээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Нийт 1700 га эргэлтийн талбайтай бөгөөд энэ онд 960 га талбайд үр тариалсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 1.5 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.

Үүнээс эргэлтийн хөрөнгийн чиглэлээр 720 сая төгрөг, хөрөнгө оруулалтын чиглэлээр 780 сая төгрөгийн зээлд хамрагдан, трактор, өөрөө явагч Туман-3 бодис цацагч худалдан авч, техникийн шинэчлэл хийжээ.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлснөөр тоног төхөөрөмжийн импортын чиглэлд ажиллаж буй компаниудын үйл ажиллагаа өргөжиж, хүртээмж нэмэгдсэн гэдгийг “Орхон тариа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дэлгэрбаяр энэ үеэр хэлж байв.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 1,200 аж ахуйн нэгжид нийт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна.

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.