Ө.ГАНТӨР: АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙН 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХҮСЭЛТ ИРСЭН БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 11 секунд
Ө.ГАНТӨР: АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙН 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХҮСЭЛТ ИРСЭН БАЙНА

Ө.ГАНТӨР: АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛИЙН 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХҮСЭЛТ ИРСЭН БАЙНА

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлаад хоёр сар орчим хугацаа өнгөрлөө. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк ямар ажлуудыг хийж ажиллаж байна вэ?

Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк “Ажлын байрыг дэмжих зээл”, “Ипотекийн зээл”, Монголбанкны репо санхүүжилтийн эх үүсвэртэй зээлүүдийг олгоод явж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд өнөөдрийн байдлаар манай банк 3,069 харилцагчийн 126.1 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Мөн 1,540 зээлдэгчийн 138.6 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна. Ипотекийн зээлийн хувьд нийт 957 харилцагчийн 74 тэрбум төгрөгийн хүсэлт ирснээс 249 зээлдэгчид 19.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Монголбанкны Репо санхүүжилттэй зээлийн хувьд 9 зээлдэгчид 2 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Судалгаанд 7 зээлдэгчийн 10.5 тэрбум төгрөгийн зээл байна.

Мөн “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу малчдыг дэмжих , ноолуур бэлтгэлийн , хаврын тариалалтын жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөрт Төрийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж, нөхцөл журмыг батлан, харилцагчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд бэлэн болоод байна.

Ажлын байрыг дэмжих зээлийг банкууд гаргахгүй байна гэсэн яриа их байна. Энэ тал дээр тайлбар хэлээч. Мөн эх үүсвэр дуусах уу?

 “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн олгох нийт хэмжээ банкны системийн хэмжээнд 2 их наяд төгрөг байгаа. Тус зээлийн эх үүсвэрийн хувьд банкууд өөрсдийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа бөгөөд олгох зээлийн нийт хэмжээг Монголбанкнаас банк тус бүрт тогтоож өгч байгаа. Мөн банк болгоны эх үүсвэр харилцан адилгүй тул ирж буй зээлийн хүсэлтийн хэмжээ, олгоод байгаа зээлийн хэмжээ зэргээ харгалзан хүсэлт хүлээж авахыг зогсоох эсэх асуудлыг тухайн банк өөрөө шийдэх байх. Манай банкны хувьд зээлийн хүсэлтийг хэвийн авч байгаа. Хэдий хөл хориотой байгаа ч харилцааны менежерүүд зайнаас зээлийн хүсэлтийг судалж, банкны зээлийн хороо цахимаар хуралдаж зээлийг шийдвэрлэн гаргаж байгаа. Уг зээлийн хүсэлт авч эхэлснээс өнөөдрийг хүртэл манай банканд 12,283 харилцагчийн 1.1 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн. Энэ нь эрэлт хэр их байгааг харуулж байгаа бөгөөд нөгөө талаараа банкны ачаалал ч нэмэгдэж байна.

Бизнесийн зээлтэй зээлдэгчдийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл” болон Репо санхүүжилтийн зээлээр дахин санхүүжилт хийж нөхцөл сайжруулах боломжтой юу?

Уг хоёр зээлийн хувьд дахин санхүүжилтээр олгох нийт зээлийн хэмжээ нь зээл олгох хугацаанд банкны олгох зээлийн нийт дүнгийн 30 хувиас хэтрэхгүй байх гэсэн шаардлага байгаа. Иймээс хэмжээ хязгаартай гэсэн үг. Мөн өмнө авсан зээлийн зориулалт нь “Ажлын байрыг дэмжих зээл” болон Репо санхүүжилтийн зээл”-ийн зориулалттай ижил байвал дахин санхүүжилт хийж болж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлдэгч ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхээр зээл хүсч байвал Ажлын байрыг дэмжих зээлээр дахин санхүүжилт авч болно. Харин хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл хүсэх тохиолдолд зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Ажлын байрыг дэмжих зээл нь КОВИД 19 цар тахлаас шалтгаалж цалингаа тавьж чадахаа больсон, түрээсээ төлж чадахгүй байгаа, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон бизнесүүдэд үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бол Репо санхүүжилтийн зээл нь жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилготой бөгөөд зээл олгох дээд хэмжээ нь Репо санхүүжилттэй зээлийн хувьд 3 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй гэдгийг харилцагчид маань ойлгох хэрэгтэй байна.

Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой комиссоос нийслэлд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд иргэд, байгууллагууд банкны үйлчилгээ авах шаардлага үүсч байна. Төрийн банк хөл хорионы үед хэрхэн ажиллаж байна вэ?

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийслэлд хөл хорио тогтоосон тул Улаанбаатар хотын салбар нэгжүүд ажиллахгүй байгаа. Манай харилцагч байгууллага аж ахуйн нэгжүүд цалингаа олгох, тендерийн баталгаа гаргуулах, валют арилжаа хийх зэрэг яаралтай санхүүгийн гүйлгээнүүд хийх шаардлагатай байдаг тул цөөн тооны салбарыг дотоодод нь ажиллуулж цахимаар харилцагчдынхаа гүйлгээг хийх боломжийг олгосон. Харин харилцааны менежерүүд зайнаас ажиллаж зээлийн хүсэлтийг судлан шийдвэрлэж байна. Банкны зээлийн хороод хэвийн үеийнхтэй адил цахимаар хуралдаж холбогдох шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Нэг үгээр хэлбэл, Төрийн банк энэ цаг үед ажиллаад, зээлээ олгож байна.

Орон нутгийн 412 салбар нэгжээс аймгийн онцгой комиссын шийдвэрээр 145 нэгж ажиллахгүй байгаа. Бусад 267 салбар нэгжийн үйл ажиллагаа хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-17:30 цагийн хооронд харилцагч нартаа үйлчилгээ үзүүлж байна.

Нэг үеэ бодвол харилцагчид маань банкны үйлчилгээг цахимаар аваад сурчихлаа.  Гэсэн хэдий ч зарим харилцагчид картын нууц дугаараа андуурах, мартсаны улмаас АТМ-д залгиулах, цахим банкны нууц үгээ андуурч хаалгах асуудлууд гарч байгаа. Дээрх шалтгаанаар болон банкны зарим үйлчилгээг зайнаас авах гэсэн иргэд Төрийн банкны 1800-1881 дугаарт ихээр хандах болсон. Хэвийн үеийнхээс ачаалал хэд дахин ихсэж харилцагчид бухимдах болсонтой холбогдуулан банкны зүгээс нэмэлтээр тусгай дугаар гарган харилцагчиддаа туслах үйлчилгээг ажиллуулж эхэллээ. Мөн харилцагчдынхаа хүсэлтээр зайнаас Гялсбанк болон данс нээх үйлчилгээг судлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

Монгол улс Алс Дорнодын боомтод гарцтай боллоо
Монгол улс Алс Дорнодын боомтод гарцтай боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.