“Царцааны нүүдэл” МҮХАҮТ-д үүрлэсэн нь бизнесийн салбарынханд том аюул!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 16 секунд
“Царцааны нүүдэл” МҮХАҮТ-д үүрлэсэн нь бизнесийн салбарынханд том аюул!

“Царцааны нүүдэл” МҮХАҮТ-д үүрлэсэн нь бизнесийн салбарынханд том аюул!

Одоогоос зургаан сар гаруйн өмнө буюу 2019 оны хоёрдугаар сарын 28-нд МҮХАҮТ-ын XX Их хурал Соёлын төв ордонд болж, хурлаар МҮХАҮТ-ын дүрмийг баталж, Ерөнхийлөгчийг сонгосон. Харин энэхүү сонгуулийг явуулсан МҮХАҮТ-ын “түр” дүрэмтэй холбоотой будилаан эдүгээ Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хүрчихээд байна. Учир нь тус их хурлаас гуравхан хоногийн өмнө Удирдах зөвлөл түр дүрэм гэгчийг баталжээ. Энэ нь Төрийн бус байгууллагын тухай хуульд ч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд ч байхгүй зохицуулалт боловч МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл тухайн үед баталсан байгаа юм. Энэ түр дүрмээр нийт 3500 гишүүн саналын эрхтэй болж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 1000 гишүүн, хөдөө орон нутгийн салбар танхимаас 2500 гишүүд саналын эрхтэй оролцохоор болсон байдаг.

Нэг талаасаа хөдөө орон нутгийн гишүүддээ танхимын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих боломжоор хангаж байна гэж харж болохоор боловч бодит байдал дээр хурал болохоос гуравхан хоногийн өмнө уг өөрчлөлтийг оруулж, 2500 гишүүyд бүгдэд мэдэгдээгүй зөвхөн “тусгайлан авчирж санал өгүүлэх” гишүүдийг л Их хуралд оруулах, саналын эрхтэй болгосон гэсэн зорилготой байсан байдаг. Уг нь МҮХАҮТ-ын дүрмийн 6.5-д “Үндэсний танхимын гишүүдийн 50 хувь+1 ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцогдох ба асуудлыг ил санал хураах журмаар ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн байдаг. 

Гэтэл 2019 оны хоёрдугаар сарын 28-нд болсон МҮХАҮТ-ын XX их хуралд оролцсон гишүүний тоо 757 байсан гэх бөгөөд саяхныг хүртэл 2019 оны 2-р сарын 28-ны хуралд оролцсон гишүүдийн тоо нэмэгдсээр хурлын тэмдэглэл засагдаж өөрчлөгдөж байна. Ингээд 3500 гишүүн хуралд оролцох, хуралд ирэхээр тооцоолсон хурал нь хурлын ирцийг тоолох өдрөө буцаад зөвхөн Үндэсний танхимын 1028 болж багасав. Хуралд оролцож 50+1 ирцэнд орон нутгаас 189 гэсэн “хайрцаглагдсан” санал бүхий сонгогчийг автобусаар зөөж авчирсан байдаг нь танил дүр зураг харагдана. Хуралд оролцох эрхтэй хөдөө орон нутгийн 2500 гишүүн өнөөдрийг хүртэл 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн ХХ Их хуралд оролцох эрхтэй байсан талаараа огт дуулаагүй гэвэл та итгэх үү?

Шинэлэг арга барил болгож гар утсаар санал авах, “Удирдах зөвлөлд гурван жил байсан хүнийг л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно” гэхчлэн элдэв чагт тавьсны эцэст өнөөх яаран санаачилж хүчлэн баталсан түр дүрмээрээ орон нутгийн гишүүдэд хуралд оролцох эрх олгоод зөвхөн 189 царцаануудаа хуралд оруулж санал өгүүлсэн байдаг. 

Учир нь 3,500 гишүүний тал нь ч ирээгүй, ирсэн гэх 757 гишүүд нь дөнгөн данган 20 хувь бүрдүүлэхтэй үгүйтэй болжээ.

Дээр хэлсэнчлэн “түр дүрэм” батлах зохицуулалт нь Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд ч байхгүй зохицуулалт учир шүүгч Удирдах зөвлөлийг түр дүрэм батлах эрхийг хүчингүй болгуулах Хан-Уул дүүргийн шүүгчийн захирамж гарч зөвхөн Үндэсний 1028 гишүүд хуралд оролцох эрхтэй байсан аж. Хуралд оролцогчдийн зүгээс нэг бол хөдөө орон нутгийн 189 гишүүнийг саналын эрхгүй хуралд оролцуулах үгүй бол нэгэнт эрх олгосон 3500 гишүүнийг бүгдийг хуралд оролцуулах эрхээр хангах шаардлага тавьсан боловч хуралд оролцогчдыг микрофоноор үг хэлэх эрхийг хааж боогдуулж “жүжигчилсэн хурал”-аа эхлүүлжээ.

Энэхүү хууль бус сонгуулийн дүнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч О.Амартүвшин 259, Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 гишүүний санал авчээ. Энэ дүнг Түр дүрэм, хуучин дүрмийн аль ашигтай хувилбарыг дур зоргоороо, өөрт ашигтай байдлаар тайлбарлаж Монгол Улсын хууль, МҮХАҮТ-ын өөрийн дүрмийг хүртэл зөрчсөн ирцийг “тайлбарлан тоолж” Танхимын удирдлагаар томилогдсон байна. МҮХАҮТ-ын XX Их хурал шударга болж чадсан уу, үгүй юү гэдгийг эндээс харж болно.

Хурлын үр дүн ашигтай байдлаар шийдэгдсэн хүмүүс хурал болохоос өмнө экс дарга Оюунчимэгт “Гүйцэтгэх захирлаар томилно” гэж амлаад хуралд эвлэлдэн орж, хурал болсны дараа өмнөх асуудлыг нь сөхөн шантаажилж Танхимын Гүйцэтгэх захирлаар өөрийн багын найзаа томилсон байдаг. Сонгууль будилаантуулах “царцааны нүүдэл” буюу захиалагдсан санал бүхий сонгогч зөөвөрлөх хууль бус ажиллагаа бизнесийн байгууллагуудыг нэгтгэдэг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэдэг нэр хүндтэй том байгууллага дээр нүүрлэж үүний үнэн мөнийг тогтоолгох гэхээр шүүх байгууллагад нөлөөлөн сунжруулсаар цаг хожиж байна. 

Ардчиллын хамгийн бахархалт олонлог бизнесийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн МҮХАҮТ ийнхүү “царцаа” зөөж, үг хэлэх эрхийг хааж боогдуулж, хуралд оролцсон гишүүдээс эхлээд мандатын комисс, тооллогын комисс, редакцийн комисс гэхчлэн зохион байгуулалттайгаар хуйвалдаж, гар утсандаа суулгасан аппликэйшнээр санал өгөх шинэ арга нэвтрүүлсэн ч хэдэн гишүүнд, хэдэн гар утас буюу санал өгөх төхөөрөмж өгч саналаа тоолж буйг хянах боломж олгохгүй байсан аж. Хамгийн гол нь “Номин”, “Эрдэнэс Монгол” зэрэг томоохон ААН-үүдийн төлөөлөл хурлын тэргүүлэгч байр сууринаас оролцож чадаагүй. Гэтэл гишүүнчлэлийн татвар төлдөггүй МҮХАҮТ-ын ажилтан, ажилчид хүртэл санал хураалтад оролцож жинхэнэ шударга, танхимын ирээдүйд санаа зовинож явдаг гишүүн ААН-үүдийн төлөөлөл санал хураалтын үр дүнд цөөнх болжээ. Санал хураалтыг санаатайгаар шөнийн 03 цагт явуулсан зэрэг олон бусармаг үйлдэл энэ сонгуулийг будилаантуулсан байна.

Энэ сонгуулийн дараа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Ч.Ганхуяг сэтгэгдлээ бичиж олон нийтэд хүргэсэн байдаг. Тэрбээр:

“2019 оны 2 дугаар сарын 28-ны Хан-Уул дүүргийн шүүгчийн захирамжаар Танхимын Удирдах Зөвлөлийн гаргасан түр дүрмийг түдгэлзүүлсэн юм. Би тэр шийдвэрийг Лхагважавт гардуулах гэсэн боловч тэр хүлээн авахыг хүссэнгүй, хэрүүл маргаан болгосон. Эцэст нь би хурал үймүүлсэн болоод үлдсэн. Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэр Танхимын гишүүдэд хамаагүй байж таарахгүй.

1.УЗ-ийн баталсан гэх тэр түр дүрмээр орон нутгийн төлөөлөл гэсэн тодотголтой 189 гишүүн бус хүн Их хуралд санал өгөх, таслах эрхтэй оролцсон.

2.Санал хураалтын аппыг IT аудитаар баталгаажуулах миний саналыг хүлээж аваагүй. Аппд хаанаас хэн ч хандах боломжтой болгож, зарим асуудал дээр зөрүүтэй тооллого явагдаж, зарим асуудалд сонголт нь дутуу гарч байв. 

3.Танхимын ажилчид 110 хүн шууд санал хураалтанд ирээгүй компаниудын нэрээр өөрсдийн хийлгэсэн аппараа бүртгүүлж оролцож байсан.

4.Дүрмээ өөрчилж байгаад, миний нэр дэвших эрхийг хааж байгаад үзэх шахав.

5.Булхайгаа нуухын тулд цахим санал хураалт гэж байгаад хайрцаглаад явлаа.

Даргын сонгууль 3 цагаас болоход зааланд 300-гаад хүн байсан, санал өгсөн 500-гаад байсан гэж үзвэл Лхагваад Танхимын ажилчид болох 100-гаад хүн саналаа өгч, хөдөөний “царцаанууд” өмнөх дарга Оюунчимэгийн заавраар О.Амартүвшинд саналаа ташраараа өгч, асуудал ойлгомжтой болсон. АН-ын баг сайн ажилласан гэдгийг энд онцолж хэлэх нь зүйтэй байх.

Би өөрийгөө ялсан гэж үзэж байгаа: Би зорилгодоо хүрсэн. Би өөрчлөлтийг авчирсан. Танхим даргаа заалнаасаа сонгодог болсон. Дараачийн хурал дээр “туулайчлах” боломжгүй болно. Гишүүд амаа үдүүлэхгүй болно. Тэгээд сонгох эрхээ эдлэх болно. Анх удаа. Бизнесүүд алдагдсан, хулгайлагдсан, адлагдсан эрхээ олж авлаа. Танхимын дарга нам бус хүн байдаг болох байх. Танхимын дарга Англи хэлтэй хүн болдог болох ёстой. Танхимыг улстөрийн сонгуульд дэвших шат болгож ашиглахаа больдог болно. Би түүнд итгэж байна” хэмээн бичиж байв. 

Одоогоор удаа дараа хойшилсоор байгаа шүүх хурал болон ажлаа авснаас хойш зургаан сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажилтай нь харьцуулбал шинээр томилогдсон МҮХАҮТ-ын шинэ удирдлагууд буюу “МАНАН” хочит залуус ирэх сонгуульд бэлтгэсэн улс төрийн зорилготой, популист арга барилаа үргэлжлүүлсээр байна. 

Хэрэв УИХ-ын сонгуулиар “царцаа зөөх” ажиллагаа, хууль дүрмийг өөрсдийн үзэмжээр тайлбарлах арга барилыг МҮХАҮТ дээр нутагшуулж байгаа бол олон бизнесийн байгууллагын эрх ашигт хохироод зогсохгүй бизнесийн эрх ашгийг хамгаалж, төлөөлж ажиллах ёстой институцын ирээдүй бүрхэг харагдаж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай. Магадгүй УИХ-д нэр дэвшинэ гээд “шинэ МАНАН” бүлэглэлийн бизнес нэгт залуус сэтгэл зүрхээ буруулан улс төрийн ашиг хонжоо хайж ажиллахаар шийдсэн бол “Газрын ойр, гарзын бага дээр буцаах” нь зөв гарц болно. Өнөөдрийн байдлаар МҮХАҮТ-ын гишүүд, жинхэнэ бизнес эрхлэгч, топ татвар төлөгчид энэ томилгоонд сэтгэл дундуур байх болсон. Мөн О.Амартүвшинг улс төрийн үүднээс АН-ын нэрийн өмнөөс гарч ирсэн ч “Женкогийн хүн”-ий байр сууринаас асуудалд хандаж байгаад гомдолтой гишүүн ч цөөнгүй. Удирдах зөвлөлийн хурлаар ганцхан саналын илүүгээр дэдээр томилогдсон Т.Дүүрэн ч “шударга бусын хонгил, “60 тэрбум”, “ЖДҮХС-ийн зээлдэгч” зэрэг нийгмийн хатиг болсон асуудлуудтай тэмцэх бус харин ч нэр хавчуулагдах болсон нь туйлын буруу сонголт боллоо гэдэгт гишүүд сэтгэл дундуур байна. Шүүхийн дараагийн шийдвэр ямар гарахаас үл хамааран МҮХАҮТ-ын XX хурлын үр дүнгээс шалтгаалан энэ сонголтыг эргэн харж улстөржөөгүй бизнесийн шинэчлэлийг эхлүүлэх тэр удирдлагыг томилох асуудлыг ч сөхөн хэлэлцэхэд болохгүй гэх газаргүй. Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, төлөөлж, өмгөөлж ажиллах үүрэгтэй МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, сонгууль нээлттэй, ил тод, хариуцлагатай явагдах ёстой. МҮХАҮТанхим ажил олгогч, бизнес эрхлэгч байгууллагын эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага болохоос биш улстөрийн дамжаанд суралцагчдын, сонгуульт ажлын “хөл хийх” байгууллага биш юм! 

Цемент, будаг зэргийг 10 кг-аар дутуу савлан арилжаалж байжээ
Цемент, будаг зэргийг 10 кг-аар дутуу савлан арилжаалж байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.