НЕФТЬ дөрөөлсөн их улс төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 28 секунд
 НЕФТЬ дөрөөлсөн их улс төр

НЕФТЬ дөрөөлсөн их улс төр

 

“Нефть” гээч энэ шингэн түлш хэзээ, хаанаас гарч ирсэн эд вэ? Ямар ид шидтэй болоод дэлхийн эдийн засгийг улс төртэй нь тодорхойлоод байдаг вэ? Энэ асуултад эрх биш хариулт өгчих зорилгоор дэлхийн дэвсгэр дээр дор тайлбарлая:
 
Ерөөсөө “Нефть” бол дэлхийн эдийн засаг, стратегийн гол амин судас, эмзэг асуудал. Хүн төрөлхтөний түүх үндсэн гурван их давалгааг (үечлэл) дамжин хөгжсөөр өнөө хүрсэн гэх онол баруунд хүчтэй түгжээ. 
 
Үүнд:
 
Эхнийх нь давалгаа 10 000 жилийн тэртээ эртний хүй нэгдлийн үеэс хөдөө аж ахуйн хувьсал, хувьсгалаар эхэлжээ. Энэ үйл явц иргэншлийг бий болгожээ.
 
Хоёр дахь нь аж үйлдвэрийн хувьсгалаар 300 гаруй жилийн тэртээ эхэлж, хот төвтэй их иргэншлүүдийг бий болгож, дэлхийгээр тархжээ.
 
Өнөө үерүү авч яривал нефтийн таван том хямралыг бид үзээд байх шиг байна
-Эдүгээ гурав дахь давалгааны үе, мэдээллийн цахим нийгэм, технологи, эдийн засгийн эрин үе явж байна. Энэ үед хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээ дуусгах гэж байна.
 
XX зуун бол хөгжлийн зуун байв. XX зууны II хагас бол сүүлийн 500 жилийн хөгжлөөс олон дахин давсан хөгжлийн их хурдны хагас зуун байв. Аж үйлдвэржсэн, шинээр аж үйлдвэржсэн, хөгжиж буй, буурай, нэн буурай улс орны зааг ялгаа, ангилал энэ үед бий болсон байна. Хөгжлийн формаци шинэчлэгдсэн. Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл төлөвшиж, дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болжээ.
 
Дэлхийд эдийн засгийн III хувьсгал XX зууны II хагаст гарч, дэлхий дахины хөгжлийн хандлага, олон улсын дэг журам, олон улсын харилцааны агуулгыг өөрчилжээ. Энэ бол мэдээллийн аж үйлдвэрийн хувьсгал байв. Аж үйлдвэрийн эхний хувьсгал нь бүр XVII зуунд мануфактур үүссэнээр Британид гарч, XIX зуунд АНУ-д нефть олборлож эхэлснээр үүссэн аж үйлдвэрийн II хувьсгал дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлж байв. Эндээс л гарчигт өгүүлэх нөгөө нефть маань хөвөрнө.
 
Та бидний сайн мэдэх түүхээс үзвэл дэлхийн хоёр их дайн бол ангийн тэмцлийн агуулга гэхээсээ илүүтэй, дэлхийн баялаг, нөлөөний хүрээг дахин хуваах, түүний дотор нефтийн ордуудын төлөөх тэмцлийн түүх болж үлдсэн юм. Өнгөрсөн их дайны их
тулаанууд: Румыныг агаараас, газраас дайрсан, Румыныг алдахгүй хэмээн нацистууд үхтлээ чармайсныг марташгүй. Сталинградын тулалдаан бол зөвхөн нефтийн төлөө дайн байсан юм. Чухамдаа эдийн засгийн агуулгатай цус урсгасан тулаан тэнд л явагджээ.
 
Өнөө үе рүү авч яривал нефтийн таван том хямралыг бид үзээд байх шиг байна. Эхний дөрөв дээр улстөрчид, эрдэмтэд санал нэгдсэн. Тав дахийг нэмэгдэнэ гэсэн битүү таамаг түгээмэл байна. Ингэхэд ямар таван хямрал вэ?
 
1973 онд Араб-Израилийн дайнаар эхний хямрал дэгдэж, үр дүн нь доллар зээлжих тусгай эрхээр солигдож, “Их 7” буюу “G-7” үүссэн. Өөрөөр хэлбэл, ам.доллар тэр үеэс шахагдаж эхэлжээ.
 
1979 онд Ираны лалын хувьсгалаар дараагийн хямрал нөхцөлдөж, үр дүн нь Персийн булангаас өрнийнхөн шахагдан гарсан ба тэр байр сууриа эргүүлж авахаар өнөөг хүртэл үзэлцэн буй.
 
1990-1991 оны Иракийн Кувейт дэх интервэнц, Иракийн эсрэг дайн, үр дүн нь өрнийнхөн дахин Персийн булан руу орж ирсэн. Гэхдээ дутуу.
 
2003 онд Иракийг чөлөөлж Саддамын дэглэмийг нураас-наас эхлээд эдүгээ хүртэл Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азийн гортиг дотор дөрөв дэх хямрал явж байна. Энэ хямрал хөвөрсөөр “Арабын хавар”-тай залгасан. ISIL гэж аюултай дайсныг төрүүлсэн, завсарт нь Иран хоригоо тавиулж дэлхийн, зах зээлд гарч ирсэн.
 
2014 онд Украины Крым сайн дураараа Оросын бүрэлдэхүүнд орж, Дорнод Украин салан тусгаарласнаа зарлаж, Украин-Оросын хооронд хямрал дэгдэн өнөөг хүрсэн ба Оросын эсрэг элдэв хориг тавигдаж, Оросын экспортын гол түүхий эд-нефтийн үнийг хэргээр унагаснаас хоиш тав дахь хямрал дэгджээ.
 
Эдүгээ зөвхөн нефть гэгчээс үйл лай нь урган гарсан ард түмнүүд ганц нэгээр тогтохгүй буй болжээ. Эхлээд Ирак, Афган дахь “гадныхны халдлага”-ыг нэрлэе. Эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй энэ хоёр ард түмэн хийгээд тэдний урагшгүй удирдагчдын тухай бус, эсвэл “терроризм” гэгч нэр хаяггүй нэгэн “дайсны” тухай бус. Харин тийм халд-лагыг нөхцөлдүүлэгч тэр эдийн засгийн орчны (үнэндээ нефтиэс өөр юу ч биш) тухай яривал илүүтэй үнэнд ойр-тохоор юм. Ерөөсөө өнөө биш ч, ойрын жилүүдэд Персийн булан-Каспи-Кавказ-Төв Азид дэлхийн баялгийг дахин хуваах, тэндхийн орон зайг эзэгнэхийн төлөө их гүрнүүдийн тэмцэл дэгдэх нь гарцаагүй гэх дүгнэлт геополитикчдоос түгээмэл сонсогдох болжээ.
 
Ази, Номхон далайн бүсийн орнууд эрчимхүчний нөөцөө хэдийнэ шавхаж дуусчээ
 
Өнөөгийн гээд буй тэр хямрал бол: Баруун буюу Бага Ази-Төв Ази-Өмнөд Азийн гурвал-жингийн хоорон дахь зурваст өрнөж буй. Эл мөргөлдөөн нь нефтийн төлөөх “Өрнөд”, түүний ясны эсэргүүцэгч “Лалын” ертөнцийн тэмцлийн орон зайд тохиож байна. Энэ тэнхлэгийг нэгтгэн цагариган тойрог гэж тооцвол:
 
Хямралын голомт буюу хамгийн их нефтьтайч эсвэл түүнд хүрэх дөт зам бүхий район нь өнөөдөр Ирак, Иран, Сири, Афганистан байна.
 
Хоёрдугаар тойрогт хойшоо шинэ Дундад Ази, мөн Каспи ба Кавказ, өмнөшөө Кашмир, Каргил, баруун этгээдэд Газар дундын тэнгис, Сири, зүүн тийшээ Шинжааныг оролцуулсан асар том тойрог буюу нефть тархах, түгээх, тээвэрлэх маш их орон зай байна.
 
Гадуурхи тойрогт хойшоо Умард Кавказ-Ижил-Урал, барууншааБагаАзи-Турк, өмнө тийш Энэтхэг, зүүн тийш Өвөр Ази гэсэн тэнхлэг дээр дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөн төвлөрнө гэсэн үг юм.
 
- Персийн булан-Каспийн тэнхлэгийн байгалийн баялгийн нөөц хийгээд түүний стратегийн ач холбогдол барагдашгүй юм. XIX зууныг хүртэл эндхийн бүс нутгийг Ойрхи ба Дундад Дорнодод харьяалуулж байсан нь газар зүйн талаасаа зөв хуваарилалт байв. Энэ хуваарийг эхлээд Орос, Британи хоёр эвдсэн ба “газрын тос” гэж гайтай, хөнөөл дагуулсан тэр шингэнийг олж нээсний дараа Перс-Каспийг “Дэлхийн түүхий эдийн томхон агуулах” гэж нэрийддэг болжээ.
 
Эдүгээ дэлхийн (АНУ, Хятад, Британи, Япон, Франц, Герман) болон бүс нутгийн (Орос, Турк, Иран, Пакистан, Энэтхэг) гүрнүүдийн сонирхол өсч, нөлөө нь идэвхжсэн энэ бүс нутагт хандивлагчид тэрбум тэрбумаар нь тийшээ доллар хуваарилаж, бас цэрэг-зэвсэг, цэргийн эвсэл бүлэг мундахгүй ихээр төвлөрүүлжээ. Зөвхөн Каспийн зүүн эрэгт гэхэд л жилдээ 40 сая тонн нефть, 90 тэрбум шоо метр шатдаг хий, 90 сая тонн чулуун нүүрс гаргадаг гэсэн багцаа тойм тоо бий. Энэ бол тэндхийн эдийн засгийн ач холбогдлыг нь илтгэх ганцхан үзүүлэлт болов уу.
 
Каспи, Персийн булан ингэхэд монголчууд биднээс дэндүү хол оршдог тул хэвлэлээр их сурталдах нь бодит бус хэмээн намайг зэмлэж болно. Ингэхэд Монголд маань ямар гарц бий вэ? Ашиг, чанар нь хэр байдаг юм бүү мэд, эрхбиш нефтьтэй л юмдаг. Харин хэрэглээ гэвэл энэ 400 мянган автомашиныхаа шатахууныг тооцоолоход дэндүү ахдахаар юм.
 
Ойрхоны гарц юу вэ? Алс Дорнодод “Сахалин-1” ордоос нефтийг нь Япон импортоор авдаг. Ингэснээр ОХУ нь Японд нефть эскпортлогч 6 дахь улс болсон ба Японд экспортлогч-Индонез, Оманыг ардаа орхисон. “Марубэни”, “Мицуи”, “Мицубиси”, амери-кийн “Экссон-Мобил” нефтийн компаниуд лав Сахалин руу орчихсон. “Сахалин-2” ордоос Япон нь жилдээ найман сая тонн нефть, 16 тэрбум шоо метр шатдаг хий авах тооцоо нэлээн дээхнэ хийгдсэн. “Сахалин-Г-ээс жил тутам 20 тэрбум шоо метр хий олборлох, Сахалин-Хоккайдо-Хонсю тэнхэлэгээр жилдээ 78 тэрбум шоо метр хийг хоолойгоор дамжуулж хангах, эдгээр ордоос Өмнөд Солонгос, Тайвань, мөн Хятадын үлэмж хэсгийн хангалт хийгдэх нь бодитой юм.
 
Бас нэг баримт. Энэ бол Азийн ажил хэрэгч хүмүүсийн амны уншлага болчихсон жижүүрийн хэллэг юм. Ирэх арван хэдэн жилд Хятад нь эрчим хүчний хомсдолд орж, хүндхэн асуудалтай тулгарна. 
 
Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй нефтийн хэрэглээг хангах боломжгүй болж буй Хятад улс тэр үед Ойрхи Дорнод, Каспи, Сахалины баялгийг шударгаар хуваах, шударга үнээр хамтран эзэмших шаардлага тавьж болзошгүй. Иймэрхүү таамаг бодит зүйл болон хувирахад хэдхэн хором дутуу байхыг үгүйсгэмгүй. Яагаад гэвэл Оросыг (нөгөөх Сахалиныг тооцъё) эс тоовол Ази, Номхон далайн бүсийн орнууд эрчим хүчний нөөцөө хэдийнэ шавхаж дууечээ. Модоо баригчдын жагсаалтад баян тансаг Хятад өөрөө нэмэгдэн орж ирлээ. 
 
Нэгэн цагт нефть шатдаг хийгээр гайхуулж явсан Индонез импортлогчдын эгнээ рүү шилжиж буй. Брунейн их нефть, хий нь тэрбумтан Султааныхаа эрх ямбанд хангалттай хүрэлцэх боловч гадагшаа бүс нутгийн эрчим хүчний хомсдолд юу ч болохгүй. Энэгачлан нефтийн асар том хэрэглэгч Энэтхэгт нэгэн адил тулгарна. Энд тэндгүй хомсдол үүсч эрчим хүчний хямрал дэгдсэнээс үүдэн Персийн булан-Дундад Дорнод-Каспийн нефхь, байгалийн хийн төлөө урьд өмнө үзэгдээгүйгээр ширүүн өрсөлдөхөд хүргэж болзошгүй.
 
Хятадын зүгээс эрчим хүч, түүхий эдийн хэрэгцээ шаардлага байнга өслөө. Хятад нь Персийн булан-Каспийг сонирхоно. АНУ-НАТО нь Афганистанд хахуульд идэгдсэн дэглэмийг нь тогтоон барих гэж 10 гаруй жил үхэлтэй нүүр туллаа. Гэтэл Афганистаны Уул уурхайн үйлдвэрийн сайд Вахидуллу Шахрани гэгчийн ярьснаар, Хятад нь талибантай үгсчихсэн Афганистан хэд хэдэн ордыг эзэмшин уул уурхайг цэцэглүүлж байхын сацуу Засгийн газартай нь тохиролцон Афганы хойд нутгаас нефть олборлон Хятад руу газраар зөөвөрлөх аж. Африкт мөргөлдөөний голомт болсон хэд хэдэн улсад Хятад нь эрсдэлээс ажралгүй хөрөнгө оруулсан нь дан уул уурхайн олборлолтын салбарууд байх юм.
 
Америкийн үндэсний ашиг сонирхол нь нефть олбор-лолтын өргөн бүс нутаг байдаг бол Хятадынх нь ганц нефть бус Афганы зэс, Оросын хий, Саудын нефть, Монголын нүүрс гээд өргөн хүрээг хамарна. Ингэснээр дэлхийн олон бүс нутгийн улс төрийн тогтвортой байдлыг АНУ, түүний өрнөд дэх холбоотнуудтай зэрэгцэн Хятад гарцаагүй сонирхоно. Энэ сонирхол нь ойрын ирээдүйд “Олон улсын терроризмын эсрэг их эвсэл” гэгчид Хятад улсыг элдэв болзолгүй элсүүлж болно. Хятадын жишгээр Энэтхэгийг араас нь нэрлэж бас болох мэт.
 
Олхонуд Баярхүү
Проф.
С.Бямбацогт сайдын бухимдал төмөрзамчдыг баярлуулсан биз
С.Бямбацогт сайдын бухимдал төмөрзамчдыг баярлуулсан биз
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.