“МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат Монгол Улсын сайд М.Энхсайханыг сөрж чадлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 45 секунд
“МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат Монгол Улсын сайд М.Энхсайханыг сөрж чадлаа

“МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат Монгол Улсын сайд М.Энхсайханыг сөрж чадлаа

 

 

        “Монголын төмөр зам” ТӨХК-д үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Анх 2008 онд байгуулагдсан уг компанийн үе үеийн удирдлагууд салбарын сайд, Засгийн газрын үгнээс нэг их зөрдөггүй байсан. Харин энэ удаа уг байдал эвдэгдлээ. “МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат Засгийн газрын хууль бус шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа нь анхны тохиолдол болж байна. “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат дэмжихгүй гэдгээ илэрхийлж, Монгол Улсын сайд М.Энхсайханд албан бичиг хүргүүлж буй сонирхолтой бөгөөд зоригтой алхам болж байна гэж харагдаж байна.

 

Тавантолгой төслийг хөдөлгөхөөр хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээ эцсийн шатандаа орсон. Гэвч энд нэг асуудлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан орхигдуулаад байгаа нь Засгийн газрыг хууль зөрчсөн үйлдэл гаргахад хүргээд байгаа юм. “МТЗ” компанийн хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ММС болон Шенхуа компанийн хамтарсан консорциумд олгохыг дэмжихгүй болохоо мэдэгдэж байна. Энэ нь Монгол Улсын хуулийг зөрчиж буй учир үүнд анхаарал хандуулахыг ч мэдэгдэлээрээ дамжуулан сануулж байгаа аж.

 

Монгол Улсын төр үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний төмөр замын сүлжээ байгуулах зэрэг шаардлага, зорилтыг үндэслэн шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит “МТЗ” компанид олгосон. Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг хэсэг болгож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 болон 2015 оны 04/03 дугаар Зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг тус тус зөрчиж байна гэж тэд албан бичигтээ бичжээ. 

 

Хууль зөрчсөн үйлдэл болох баримт нь үүгээр дуусахгүй. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 35/32 дугаар зөвлөмжийн 1-т “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит эсвэл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд Концессын хуулийн 17.1.1-д заасан журмын дагуу олгох” гэсэн байдаг. Концессын тухай хуулийн 17.1. дор дурьдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно: 17.1.1 “Уралдаант шалгаруулалт явуулах нь Үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн” хэмээн тусгасан байна. Тэгэхээр Тавантолгой төслийг урагшлуулах ажлын нэг хэсэг нь төмөр зам байж болохгүй гэдгийг хуульд тусгайлан тусгаж өгснөөс харж болох юм.

 

Төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн “Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим, шаардлага”-ын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараах зарчмыг баримтална: 9.1.1 “Улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэж заасныг зайлшгүй мөрдөх ёстой болохыг “МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат илэрхийлжээ.

 

Монгол Улсын сайд М.Энхсайханыг ахалж буй Тавантолгойн ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг чухал объект болоод байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын хэлэлцээрийг хөрөнгө оруулагчидтай хийгээд ойлголцолд хүрээд байгаа. Гэвч Тавантолгойн ордыг хөдөлгөх ёстой гээд л хуулиа зөрчиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг тоохгүй өнгөрч боломгүй байлтай.

 

Монгол Улсын сайд М.Энхсайханы хувьд УИХ-ын 2012 оны сонгуулийн дараагаар “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Нарийн царигтай байх ёстой гэж маргаж, удалгүй ТӨХ-ны тогтоолын дагуу дээрх албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан удаатай. Тэгэхдээ тэр салбарын сайдын үгээр бус өөр нэг эрх ашгийн төлөө ажилласан учир ажлаасаа чөлөөлөгдөх нэг үндэслэл болсон хэмээн хэвлэлээр бичиж байлаа. Тэр энэ удаа мөн л бусдаас зөрөх гэж байна. Тодруулбал, УИХ-аар Тавантолгойн ордын асуудлыг хэлэлцүүлэхгүйгээр ашиглуулах гэж байна. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хамгаалж буй учир тэр ийн шийдэмгий байж болох. Гэсэн ч Монгол Улсын сайд М.Энхсайхан ямарваа нэг эрх ашгийн төлөө тууштай зүтгэдэг зантай. Үүнээсээ болж ажлаасаа халагдаж байсан нэгэн. Харин Тавантолгойг ашиглах асуудал дээр хууль зөрчин байж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн үл тоон байж “дайрч” буйгийн цаана ямар эрх ашиг нуугдана вэ.

 

Төмөр зам бол Улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой асуудал. Ийм байтал Тавантолгойн сонгон шалгаруулалтын нэг хэсэг болгож буй нь цагаан дээр хараар хууль зөрчсөн гэдгийг “МТЗ”-ынхан мэдэгдэж байна. Тавантолгой төслийг урагш нь хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихгүй байгаа юм биш. Гагцхүү үүн дотор яригдаж байгаа төмөр зам барих эрхийг ММС, Шенхуа компанид олгохоор болсон нь хууль зөрчиж байна гэдгийг анхаарахыг хүсээд байгаа хэрэг. Ийм ч учраас “МТЗ” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат хуулийг үл тоогоод буй Монгол Улсын сайд М.Энхсайханыг сөрж байна.

 

Эх сурвалж: Unen.mn
Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ
Эрүүгийн цагдаагийн газраас МИАТ-ийг шалгаж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.