УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хугацаатай үүрэг өгөх эрх мэдэлтэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 58 секунд
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хугацаатай үүрэг өгөх эрх мэдэлтэн үү?

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хугацаатай үүрэг өгөх эрх мэдэлтэн үү?

БСШУСЯ-нд гологдсон ч УИХ-д  хатагтай Б.Баярсайхан сошиал ертөнцийн содон мэдээ болж байна. Тэрбээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-д Завхан аймгаас сонгогдсон. Түүний энэ удаагийн дуулиан шуугиан анхных биш. Өнгөрсөн жилүүдэд буюу 2016-2020 онд багагүй дуулиан шуугианы эзэн болж явсан түүх түүнийх. Тиймдээ ч Б.Баярсайханы явсан газар будлиантай, бас балагтай хэмээх яриа гарч байх вэ дээ. Түүний болчимгүй үйлдэл, тарьсан балгийг хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр хангалттай ч бичсэн. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хоёр удаа халагдах тушаал авч байсан нэгэн. Сайд нартайгаа таардаггүй, ажлын чадваргүй хэмээн гологдож байсан удаатай. Өдгөө аавын хаалга татаад байгаа экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг анхны засгаа эмхлэн бүрдүүлэхэд буюу 2016 оны аравдугаар сард хатагтай Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар дуулиан шуугиантай томилогдож байв. Жил хүрээгүй хугацааны дараа буюу 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй" үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн ч, энэхүү шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандан зарга үүсгэж байв. Харин бүх шатны шүүхээс Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн шийдвэр гаргаж буцаан томилсон байдаг. Түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед боловсролын салбар шалдаа хүртэл унасныг амтай болгон ярьж, багш нар Төрийн ордонд ширүүхэн хэлэлцүүлэг зохион байгуулж байсан билээ. Тус яамны албан хаагчид төдийгүй УИХ-ын гишүүд ч БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы ажлын ур чадвар, үзүүлэлтэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байсан удаатай. Тухайн үед БСШУС-ын сайд байсан Ц.Цогзолмаа "Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яаманд ажиллахаар томилогдож ирсэн хууль ёсны гэх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилох тал дээр онцгойлон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш энэ салбарын бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү"  хэмээн олон нийтэд хандан хэлж байв. Үүнээс үүдэн Б.Баярсайханы суудал дахин ганхаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдсөн ч, тэр тэсч үлдсэн билээ.

Төд удалгүй газар хэлтсийн дарга нар 2018 оны арванхоёрдугаар сард түүнийг голж ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ ЗГХЭГ-т гаргасан байдаг. Тэгэхдээ "Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай БСШУСЯ-ынхан хамтран ажиллах боломжгүй. Учир нь төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байна. Иймд түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй"  гэсэн утга бүхий шаардах бичиг  ЗГХЭГ-т хүргүүлсэн гэдэг. Энэ дагуу ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарч, яамны ажлыг шалгаж байсан удаатай.


Б. Баярсайхан Төрийн албаны зөвлөлийн ажлын байрны тодорхойлтыг өөрчилсөн үү?


Энд хэлэхэд, Б.Баярсайханд зориулж гаргасан ажлын байрны тодорхойлолт анхаарал татдаг. Учир нь, төрийн өндөр албан тушаалд очихын тулд төрийн албаны бичиг баримтад өөрчлөлт хийлгэсэн үү гэх хардлага төрүүлээд байдаг юм. Яагаад гэхээр Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад "10-аас доошгүй жил төрийн албанд ажилласан байх ёстой" хэмээн заасан байдаг. Тэгвэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Баярсайханы ажлын байрны тодорхойлолтод Улсад 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх ёстой гэж оруулжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг томилогдох үед чухам тэр үед Төрийн албаны зөвлөл ажлын байрны тодорхойлтдоо өөрчлөлт оруулж "төрд" гэснийг нь "улсад" болгож өөрчлөөд Б.Баярсайханыг БСШУСЯ гэсэн том айлын босгоор оруулж байсан  юм биш байгаа гэж хардахад хүргэж байгаа юм. Ингэж хардах үндэслэл бас бий. Яагаад гэвэл Б.Баярсайхан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлтоор аль ч шалгуурыг нь хангахгүй байсан юм. Үнэндээ төрд 10 жил байтугай 10 хоног ажиллаж үзээгүй байхдаа БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. Тухайн үед Б.Баярсайхан төрийн албаны шалгуураар бус төрсөн дүүгийнхээ зурсан шүдэнзний гэрэл дор төрийн өндөр босгыг давсан учраас цагийн цагт хариуцсан салбараа ;самарч, сайд дарга нартайгаа толхилцож байна гэх хатуухан шүүмжлэл хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр хөвөрч байлаа.


Сонгон шалгаруулалтгүй тендерийн гэрээ хийсэн тухай мэдээлэл гарч байв


Тэрбээр 2016 оны арванхоёрдугаар сард "Интерпресс" ХХК-тай их хэмжээний мөнгөн дүн бүхий тендерийн гэрээг сонгон шалгаруулалтгүй хийсэн хэмээн АТГ-т шалгагдаж байсан. Төрийн тендер, худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалтгүй хийнэ гэдэг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, хуулийг ноцтойгоор зөрчсөн явдал мөнөөсөө мөн. Гурван төрийн нүүр үзсэн гэдэг шиг гурван сайдын нүүр үзсэн Б.Баярсайхан тэдний хэнтэй нь ч гар нийлж ажиллаж чадаагүй гэдийг БСШУСЯ-ны албан хаагчид хэлдэг. Тэрбээр яамны босго алхсан даруйдаа тухайн үеийн сайд Ж.Батсуурьтай гар нийлэн ажиллах бүү хэл, "би чи"- дээ тулж сайдаа хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр "балбуулсаар" байгаад Ж.Эрдэнэбатын засаг унах үүдийг нээж У.Хүрэлсүхэд боломж олгосон хэмээн МАН-ынхан одоо ч шүүмжлэлтэй ханддаг. Хоёр дахь сайд Ц.Цогзолмаатай ч таарч тохирч байгаагүй. Үүнийг тэр хоёрын харилцан мэдэгдлээс харж болно. "Дарин дээр давс" гэгчээр Б.Баярсайхан хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар өмчлөх гэж шүүхдэлцсэн, төрийн албан хаагчийн анкетаа худал мэдүүлсэн, хүүхдийн "Хараацай" театрт "бенз" бандааш тайлсан, цаашилбал, Улсын дээд шүүхэд ажиллаж байхдаа албан айлчлалаар АНУ-ыг зориод тэндээ хууль бусаар харлаж үлдсэн гэх бараан мэдээллүүд хэвлэл, олон нийтийн сүлжээг хачирлаж түүнийг сүүдэр мэт дагасаар өнөөг хүрсэн. Харин Б.Баярсайхан үүний хариуд Ц.Цогзолмаа сайдаа буруутгаж "Энэ бүхэн улс төрийн зорилготой гүтгэлэг" хэмээн мэдэгдэж байсан удаатай.


Боловсролын яамны "бенз" -ийн гэх дуулианы эзэн


   УИХ-ын шинэ гишүүн Б.Баярсайхантай холбоотой бас нэгэн дуулиан бол цагаан өнгийн "бенз"  дотоожны асуудал. Найрамдал зуслангийн "Хараацай"  хүүхдийн театрт БСШУСЯ-ныхан очиж арга хэмжээн зохион байгуулж хөгжөөнт тоглоом явуулах үеэр уг асуудал болсон гэдэг. Тухайн үед Боловсролын яамны "дотоожны хэрэг" гэж нэрлэгдэтлээ цахим сүлжээгээр хөвөрч байв. Уг хөгжөөнт тоглоомын үеэр хамгийн хүнд, хэцүү зүйл олж ирэх үүрэг даалгаврыг хөтлөгч өгсөн гэдэг. Тэр даалгавар нь "Бенз" дотоож олж ирэх. Гэтэл Төрийн нарийн бичиг Б.Баярсайхан дотоожоо тайлаад өгсөн хэмээн яригддаг. Тухайн үед даалгаврын санааг Б.Баярсайхан өөрөө өгсөн гэсэн яриа ч гарч байлаа. Үүгээр зогсохгүй дотоожоо өмднийхөө гадуур углаад таанц эргэснийг тэнд байсан олон нүд харж, жинхэнэ дуулиан дэгдсэн гэж байгаа. Харин Б.Баярсайхан үүнийг үгүйсгэж "Би үзгээ л өгсөн" гэж мэдэгдэж байв. Цугларсан олон хүн үзэг, "бенз" дотоож хоёрыг ялгахгүй болтлоо мансуураагүй л байх. Үнэхээр үзгээ өгөхөд нь дотоож өгсөн гэж гүтгэсэн бол яамаар нь шүүхэд өгч чадах л хатагтай.
Ийнхүү боловсролын салбарыг бужигнуулж ёстой "нохой шувуу шуугиулж явсан" адал явдалтай нэгэн бол УИХ-ын шинэ гишүүн Б.Баярсайхан. Одоо түүнийг УИХ-д хэрхэн будлиан, шуугиан тарихыг ирэх дөрвөн жил харуулна гэлцэж байсан олны таамаглалд харин ч удаан хүлээлгэлгүй хариу барив. "Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана" гэдэг шиг Зэвсэгт хүчний эмблем бүхий дүрэмт хувцас өмсөөд, өөрийнхөө нэрийг энгэртээ хадчихсан, эгээ л бригадын генерал дүртэй "бүсгүй жанжин" болж тодроод Завхан аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг даалгавар өгснөө "Нүүрном"-оороо зарлаад гараад ирэх нь тэр.
 Байгаа төрх нь Батлан хамгаалахын сайд шиг, аймгийн Засаг даргад хугацаатай үүрэг даалгавар өгөхийг нь бодоход Ерөнхий сайд ч юм шиг. Ингэхэд энэ эрхэм гишүүний ажил үүргийн хуваарь яг юу юм бол...

 

Эх сурвалж: Нийгмийн  толь 

О.Буяннэмэх: Зуунмод сумын нэг багт өдөрт 400 хүнийг хотоос шилжүүлж авчирч байна
О.Буяннэмэх: Зуунмод сумын нэг багт өдөрт 400 хүнийг хотоос шилжүүлж авчирч байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.