Хүний амь хөнөөсөн болон контрбандын хэрэгтэнгүүдээ цөмийг ажлаас халахгүйгээр шударга ёс тогтохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 34 секунд
Хүний амь хөнөөсөн болон контрбандын хэрэгтэнгүүдээ цөмийг ажлаас халахгүйгээр шударга ёс тогтохгүй

Хүний амь хөнөөсөн болон контрбандын хэрэгтэнгүүдээ цөмийг ажлаас халахгүйгээр шударга ёс тогтохгүй

Төрийн нэр хүндийг шавар шавхайд хутган навсайтал унагаж буй гол эзэд нь  танил талын татаас, намын томчуудынхаа ивээлээр хариуцлагатай алба хашихдаа элдэв янзын хэрэг төвөгт холбогддог бүтэлгүй хүмүүс ажээ.  Ийм хүмүүс төрийн салаа мөчир болгонд бугшиж байна. Жишээлэхэд, сүүлийн жилүүдэд Монголын дипломат  алба улам дампуурч байгаа нь гадаад улс орнуудад суугаа Элчин сайдын яам,  консулын газруудын ажилтнуудынх нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүдээс бэлхнээ харагдана.

Европын холбооны улсууд болон манай хойд, урд хоёр хөршид суугаа дипломатуудаас олон хүн хар тамхи, бусад төрлийн контрбандын  хэргээр шалгагдаж дэлхийн шившиг болов. Зөвхөн Европт гэхэд одоо дал орчим хүн шалгагдаж байна. Улс орны нүүр царай болсон хамгийн хариуцлагатай албаныхан ингэж  улсынхаа нэр хүндийг шороотой хутгаж байгаа нь танил тал, ах дүү, амраг садангуудаа дипломат албанд чихдэгээс болж буйг хэн хүнгүй мэднэ. Гэвч ийм гажиг үзэгдлийг засч өөрчлөх сонирхол манай өндөр дээд албан тушаалтнуудад, ГХЯ-ныханд алга.

Харин ч сахил хүртээд шал дордов гэгчээр хар тамхины наймаачин, контрбандчингуудынхаа авъяас чадварыг улам “сайжруулъя” гэсэн шинжтэй гадаад орнуудад суух Элчин сайдын яам, Консулын газрууддаа урьд нь эрүүгийн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг хүртэл томилон явуулах болжээ. Энд ганц, хоёрхон жишээ дурдая.

С.Баярын Засгийн газрын үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан цагдаагийн хошууч генерал Ч.Амарболдыг уншигчид сайн мэдэх байх.  Түүний хошууч генерал цолыг харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган хураан авсаныг ч хүмүүс мартаагүй байх. Чухам яагаад цэргийн энэхүү хүндтэй цолыг нь хураах болсныг эрхэм уншигчид мөн л сайн мэдэх биз. 2008 оны сонгуулийн маргааш нь АН болон ИХН, БНН-ынхан санал тоолох явцад будлиан гарсан хэмээн нийслэлийн төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Тэрхүү жагсаал цуглаан сүүлдээ үймээн самуун болж, одоогийн МАН буюу тэр үедээ бол МАХН-ын  байрыг галдан шатааж,  энэ бүхний үр дүнд таван хүний амь үрэгдсэн байлаа. Тэднийг цагдаа нар буудаж хороосон гэх хэрдхийлгэсэн мэдээлэл цацагдаж байсан.  “Долоодугаар сарын нэгний үймээн” гэж орчин цагийн Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэхүү хэргийг товчхон тодорхойлвол, тэр үеийн төр, засгийн удирдлага, ялангуяа Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баяртай салшгүй холбоотой. Учир нь түүний удирдсан нам сонгуульд ялахын тулд сонгогчдын саналыг худалдаж авахаас өгсүүлээд санал тоолох ажиллагааг зориуд будлиантуулсан зэрэг зүсэн бүрийн хууль бус зүйлүүд хийсэн талаар АН-аас Ц.Элбэгдорж, Иргэний хөдөлгөөний намаас Ж.Батзандан, О.Магнай нар, Бүгд найрамдах насаас Б.Жаргалсайхан нар баримт дэлгэж, тухайн үеийн Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баярыг эрс шүүмжилж байсан юм. Сонгууль будлиантуулсан бусармаг хэргийнхээ талаар хариуцлагатайгаар тайлбарлахыг С.Баяраас жагсагчид шаардаж, нүүр тулан уулзахаар намын нь байр руу очиход харамсалтай нь мань эр гарч ирээгүй. С.Баярыг намынхаа байрнаас гарч ирээгүйд бухимдсан хүмүүс хаалга, цонхыг нь хага цохин, хамгаалалтын албаныхан болон цагдаа нар тэднийг эсэргүүцсэнээр үймээн гарсан юм. Тайван жагсаал цуглаан хэдхэн цагийн дотор бүр ийм аюултай байдал руу шилжинэ гэж хэн нь ч төсөөлөөгүй болов уу. Энэ өдөр 16 цаг 30 минутын орчимд одоогийн МАН-ын байрны нэг давхарт гал асаж эхлээд шөнийн 24 цагийн орчимд Ерөнхийлөгч Онц байдал зарласнаар цагдаа нар хүчээ зузаатган иргэдийг баривчлах ажиллагаагаа улам шуурхайлсан юм.  Хэрвээ С.Баяр нь хүмүүсийн шаардаж эхэлмэгц намынхаа байрнаас гарч ирээд жагсагчдад хандан өөрийн байр суурийг илэрхийлж, үнэхээр сонгууль будлиантай болсон бол шударгаар шалгуулж, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцно гэх мэтээр улсын Ерөнхий сайд, хашир улс төрчийн ухаан гаргасан бол ийм мөргөлдөөн гарахгүй, байшин барилга шатахгүй, таван хүний амь хохирохгүй байлаа. Нэг үгээр хэлбэл, С.Баярын сэтгэлийн тэнхээгүй,  дэндүү аймхай хулчгар зангаас энэ бүх зүйл болсон юм.

Түүнчлэн энэ хэргийн улмаас хошууч генерал Ч.Амарболдоос гадна Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөж шалгасны эцэст тэдэнд шүүхээс 2.6-3.6 жилийн хорих ял оноосон билээ. Шүүхээс ингэж цагдаагийн генерал, хурандаа нарыг ялласан нь долоодугаар сарын 1-нд дээрх таван хүний амь нас үрэгдсэн нь цагдаа нарын үйлдсэн хэрэг гэдгийг баталгаажуулсан явдал байв. Харин Ч.Амарболд, О.Зоригт нар  мөрдөнд суусан өдрөөсөө эхлэн бие нь муудаад “үхэх сэхэхийн зааг дээр байсаар”  ялын хугацаагаа бүрэн дуусгалгүй “Сайн хүмүүжсэн хоригдол” хэмээгдэн шоронгоос гарсан юм. Тэгвэл одоо тэд юун үхэх, төрийн тусгай, хариуцлагатай албанд томилогдоод хээв нэг алхаж явна. Ч.Амарболд нь Казахстан улсад суугаа Элчин сайдын зөвлөх, ерөнхий консулаар томилогдоод хоёр жил гаруй болж байна. Бодвол С.Баяр гэмээ цайруулж түүнийг ийм өндөр албанд томилуулсан биз.

2008 оны долоодугаар сарын 1-ний шөнө С.Баяр таван хүний амь хороох командыг генерал Ч.Амарболдод өгсөнийг нотлох нэг баримт байдаг бөгөөд  Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт нь “Зэвсэг олго” гэсэн үүргийг би дамжуулсан” гэж хэлсэн байлаа. Тэгвэл О.Зоригт нь одоо Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын  албаны дарга болчихсон яваа. Түүнд энэ албан тушаалыг мөн л С.Баяр олж өгч, өөрийнхөө өмнөөс ял үүрүүлсэн өрөө төлсөн болов уу.

Энд нэг зүйлийг зориуд дурдахад дипломат паспорт ашиглан хар тамхи тээвэрлэж борлуулах болон элдэв янзын контрбандын хэргээр шалгагдаж байгаа дал орчим хүний дотор цагдаагийн албан хаагчид цөөнгүй байгаа нь анхаарал татна. Жишээлбэл, урьд нь Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх албанд томилогдсон Ш.Цогбаатарыг саяхан ажлаас нь халжээ.  Европын орнуудад иймэрхүү гэмт хэрэгт нэр холбогдсон өөр хүмүүс ч мөн ажлаас хусагдахад хүрээд байгаа юм. Гэтэл бас контрбандын хэргээр Польш улсын хууль хяналтынханд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энх-Амгалан гэгч нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх хийгээд сууж байна. Түүнийг удахгүй Чех улсад юм уу, Европын холбооны өөр аль нэг улсад суух Элчин сайдаар томилж магадгүй гэсэн яриа төрийн ордон дотор тэнүүчилж байх юм. Өөрөөр хэлбэл, контрбандын хэрэгт холбогдсон албан тушаалтнууддаа өнөөгийн төр, засаг ихээхэн ялгавартай хандаж байгаагийн нэг жишээ энэ гэлтэй. Ч.Амарболд, О.Зоригт, Б.Энх-Амгалан нарыг Ш.Цогбаатарын адил яагаад ажлаас нь халахгүй байна вэ?

Ч.Амарболдыг хоёр жил гаруйн өмнө уг нь Хятадын Эрээн хотод суух Консулаар томилох гэж байсан юм билээ. Гэтэл Хятадын зүгээс “Урьд нь хүний амь хороосон хэргээр ял эдлээд гарч ирсэн ийм хүнийг хүлээж авахгүй” гэсэн тул Казахстан руу дээрх албан тушаалд хүчээр “чихсэн” байлаа. Харин одоо түүнийг дипломат албанаас халж чадахгүй байгаа нь гайхалтай. Эрх баригчдын иймэрхүү шударга бус үйлдлүүдэд сүүлдээ дургүйцэх хүн ч олон болж байна. Ш.Цогбаатар энэ талаар ойр орчмынхоо зарим хүмүүст “Дипломат албаныхан цөмөөрөө л хар тамхи зөөхдөө зөөж, ердийн тамхийг гэхэд бүр бөөн бөнөөр нь тээвэрлэн борлуулах зэрэг контрбандын хэргүүдийг аль эртнээс хийж ирсэн. Би хүн алаагүй. Нэгэнт муу нэр зүүсэн тиймэрхүү хүмүүсээ төрийн албанаас халах юм бол цөмийг нь халах хэрэгтэй. Контрбанд хийсэн нь ганц би биш” гэжээ. Үнэхээр тийм шүү. Алдаа, оноотой аавын хөвгүүдийг алаг үзэж болохгүй. Төрийн тусгай албаны нэр алдар, хүндтэй цол хэргэмийг гутаасаар байхад муу дээр нь улам муухай болгох гэсэн мэт ял сонсон шоронд сууж байсан хүнийг хүртэл Элчин, Консулын албанд томилж байгаа нь тун харамсалтай. Ийм байхад шударга ёс гэж ярихын ч хэрэггүй биз ээ. 

О.Баяр

Шуурхай.мн

Хахууль авч байх үйлдэл дээрээ баригдсан УБ хотын Гаалийн газрын дарга Д.Солонго, О.Цогтбаатар нарыг удахгүй шалгаж дуусна
Хахууль авч байх үйлдэл дээрээ баригдсан УБ хотын Гаалийн газрын дарга Д.Солонго, О.Цогтбаатар нарыг удахгүй шалгаж дуусна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.