Авлига, хүнд суртлаараа нэлээд дээгүүрт тооцогддог гаалийн байгууллагынхантай холбоотой нэгэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байна. Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулж буйг хэд хэдэн эх сурвалж баталсан юм. Тус газрын дарга Д.Солонго, гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулсан аж. Улмаар ГЕГ-ын удирдлагад албан тоот хүргүүлсний дагуу дээрх хоёр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөөд буй гэнэ. Түүгээр зогсохгүй тэдний холбогдсон бусдаас хахууль авсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, удахгүй прокурорын хяналтад шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Д.Солонгын тухайд ХЭҮК-ын даргаар ажиллаж байгаад 2011-2012 оны үед гаалийн байгууллагад шилжин очсон нэгэн гэнэ. Тэрбээр Улаанбаатар хотын Гаалийн газрын даргаар томилогдохоосоо өмнө Замын-Үүдийн Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Харин Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын тухайд ГЕГ-ын дэд дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн авга дүү гэх мэдээлэл гаалийн ажилтнуудын дунд байгаа юм.
Гаальд үүрлэсэн цагаан захтнуудын хэрэг зөвхөн үүгээр дуусахгүй. Хэдхэн жилийн өмнө Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн барааг гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүй ноцтой хэргийг ч үйлдэж байсан юм. Энэ мэт хэргүүд гарсаар байгаа нь ГЕГ-ын дарга Б.Асралтын хараа хяналт сул, ажилдаа хариуцлагатай хандахгүй байгаагаас үүдэлтэй юм.
Эх сурвалж: ASU.MN