Зочид буудлууд гэмт хэрэг гарахад таатай орчин болсоор байх уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 31 секунд
Зочид буудлууд гэмт хэрэг гарахад таатай орчин болсоор байх уу

Зочид буудлууд гэмт хэрэг гарахад таатай орчин болсоор байх уу

 

        Нийслэл хотод байрлах тоолж баршгүй зочид буудлууд гэмт хэргийн үүр уурхай болж байгааг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авах цаг нэгэнт иржээ. Танхай, дээрэм, хүчин гэх мэт хэргүүд ихэвчлэн зочид буудалд үйлдэгддэг.

 

Гурван жилийн өмнө СХД-ийн нутагт байрлах нэгэн зочид буудалд 14 настай охиныг олон хоног хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг гарсан. Мөн тус дүүргийн нутаг дахь “Саппоро” орчим, БЗД-ийн нутаг дахь Хөдөө Аж Ахуйн яамны урд автобусны буудлыг тойроод байрлах зочид буудлуудад бие үнэлэгчид байрлаж байдаг гэсэн судалгаа гарсан.

 

Охидыг хулгайлж, зочид буудалд хорин, биеийг нь хүчээр үнэлүүлж ашиг олдог, нүгэлт “бизнесмэн”-үүд олширч байгаа нь харамсалтай. 1990-ээд оны эхээр Монголчууд биеэ үнэлэгчдийг “Улаанбаатар”-ын өмнө зогсдогоор нь мэддэг болсон. Хөнгөн нимгэн хувцасласан эдгээр бүсгүйчүүд “Амьдрахын эрхэнд биеэ үнэлдэг” гэцгээдэг.

 

Гэтэл одоо барууны адал явдалт киноноос л хардаг хүний наймааны нэг хэлбэр Монголд дэлгэрчээ. Нийслэлийн хаана л бол хаана харагддаг дэн буудлуудад энэ бусармаг үзэгдэл бугшсан гэхэд хилсдэхгүй биз. Хамгийн хямд ор, ямбий ширээ, сандал, хир даг болсон углаашаар өрөөнийх нь тавилга дуусдаг эдгээр “оромж”-уудад Монголын шинэ төрлийн рецедивүүд үүрлэн, бохир ажлаа хийдэг байна. Энд биеэ үнэлэлтээс гадна, хар тамхи наймаалдаг бүлгүүд ч орогнодог аж.

 

Хамгийн гол нь, манай улсад өндөр зэрэглэлийн зочид буудал байдаг гэж ярьдаг боловч тэдгээр нь буудлын стандартыг хангаж чаддаггүй. Тиймээс манайдаа л өндөр зэрэглэлтэй гэгдэх зочид буудлуудад “дээд зэрэглэлийн” биеэ үнэлэгч амьдардаг. Харин дэн буудалаар халаас нимгэнчүүд, дунд сургуулийн сурагчид, оюутнууд үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг.

 

Гэхдээ тэд зочид буудал гэсэн хаягтай дэн буудлуудыг сонгож ордог. Учир нь, тэнд тодорхой стандарт мөрддөггүй, мөнгөө төлж л байвал биеэ үнэлэгч, архичин гээд хүссэн хүн бүхэнд үйлчилдэгт л хамаг учир бий. Энэ мэтчилэн “Мөнгө улаан, нүд цагаан” гэгчээр дэн буудлууд мөнгө л олж байвал хэнд үйлчлэх нь хамаагvй бололтой. Түүнчлэн буудлуудад биеэ үнэлэгч охид амьдарч, үйлчлүүлэгчдээ авчирч орлого оруулдаг нууц сүлжээ хүртэл байдаг нь нотлогдсон.

 

Цаг­дааг, мэргэжлийн байгуул­лагынхантай хамтран дэн буудлуудад шалгалт хийхэд зарим газарт биеэ үнэлдэг охид, бүсгүйчүүдийг манай үйлчилгээний ажилтнууд хэмээн хаацайлж байсан зэрэг бусармаг үйлдэл олон гарчээ. Юугаа байгуулж, ямар бизнес эрхлэх нь хувь хүний хэрэг. Гэхдээ жинхэнэ утгаар нь нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө үйлчилгээ явуулах ёстой.

 

Жирийн нэг хөдөөний иргэнийг хонуулдаггүй мөртлөө дэнгийн эрвээхэйнүүдийг шавуулж бизнесээ хөгжүүлж байгаа буудлын эздийг юу гэж ойлгох вэ. Цаагуураа садар самууныг газар авахуулж буй эдгээр газруудыг цэгцлэхгүй бол Монгол орон дэн буудал, “дэнгийн эрвээхэй”-гээр дүүрэх нь бололтой. Олны чихэнд хүрсэн “Хангай” зочид буудлын жишээн дээр аваад үзэхэд хэдэн жилийн өмнө бага насны ганц охиныг дагуулсан дөрвөн эрэгтэй “Өрөө авъя” гэхэд тус буудлын угтагч бичиг баримтыг нь ч шалгахгүй оруулж байсан.

 

 

Мөн 14 настай охиныг Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд хүчирхийлсэн хэрэг гарсан гээд дурдаад байвал дуусахгүй. Зөвхөн өнгөрсөн онд зочид буудалд 227 гэмт хэрэг гарсан байна. Энэ бол бага тоо биш. Үүний тодорхой хувийг бага насны охидыг зочид буудалд авч орж, хүчирхийлсэн хэрэг эзэлж байгаа. Яг нарийн тоог албаныхан нууцалж байгаа нь ч бас хачирхалтай.

 

Хэрэв зочид буудлууд насанд хүрээгүй хүүхдийг оруулахгүй байх журмыг мөрддөг бол 14 настай охин гаж нэгний хүслийн золиос болохгүй л байсан болов уу. Зочид буудлууд бага ч атугай журмаа мөрдөхөд энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хувиар буурна. Үндсэндээ дэн буудлууд архидалт, садар самууны үүр уурхай болж байгаа учир нэг л хэрэг гарвал үйл ажиллагааг нь зогсоодог, хаадаг болох нь чухал юм.

 

Дээрх асуудлын талаар мэргэжлийн хүмүүс “Бид буудлуудад оруулж байгаа хүмүүсээ бүртгэж бай гэж шаарддаг. Тэр хүн насанд хүрсэн байна уу, согтууруулах ундаа авч явна уу гэдгийг хянах ёстой. Гэхдээ хүмүүсийг мөнгөө төлөөд орж байхад нь нэгжээд, шалгаад байх нь хэцүү байдаг байх. Зочид буудал ажиллуулж байгаа хүмүүс ч тэгж ярьдаг” гэсэн.

 

Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд БГД, “Модны 2”-ын орчимд байрлах нэгэн зочид буудалд “Вьетнам” авто засвар ажиллуулдаг Вьетнам хүмүүс, монгол охидын биеийг үнэлүүлж байсан. Мөн тухайн зочид буудалд биеэ үнэлэгчид орогнодог байсан гэдгийг нь ажилтан хэлж байв.

 

Мөн Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдлийг зогсоох зорилгоор шалгалт явуулсан. Дээрх шалгалтын хүрээнд энэ оны зургаадугаар сарын 8-нд Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах "Марс" зочид буудлын саунд биеэ үнэлж байна гэх мэдээллийн дагуу шалгалт хийсэн. Гэтэл "Марс" зочид буудлын саунд 20 настай эмэгтэй Б, Ц, А, 21 настай Б нар биеэ үнэлж байсан аж.

 

Энэ мэт зочид буудлууд хэдхэн халтар төгрөгийн төлөө биеэ үнэлэгчдийг байрлуулж, насанд хүрээгүй охидын биеийг гадны болон дотоодын иргэдэд үнэлүүлж ашиг олж байгааг зүгээр хараад суух нь эмгэнэлтэй юм.

 

Замбараагүй олон зочид буудлын асуудлыг цэгцэлсэн тохиолдолд архидалт, гэмт хэрэг мэдэгдэхгүйц буурна шүү. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээнд нийт гэмт хэргийн бараг 90 хувь нь архинаас үүдэлтэй гэсэн байна. Энэ бол мартаж болохгүй сургамж билээ.

 

Г.Төмөр

 
 

- See more at: http://www.unen.mn/content/55465.shtml?alias=society#sthash.Eii3MFZe.dpuf

Монгол цэргүүд Улаан талбайд шөнийн бэлтгэл хийж байна
Монгол цэргүүд Улаан талбайд шөнийн бэлтгэл хийж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.