Нийслэлийн захиргааныхан жил хүрэхгүй хугацаанд хагас тэрбум төгрөгөөр гадаадад зорчжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 30 секунд
Нийслэлийн захиргааныхан жил хүрэхгүй хугацаанд хагас тэрбум төгрөгөөр гадаадад зорчжээ

Нийслэлийн захиргааныхан жил хүрэхгүй хугацаанд хагас тэрбум төгрөгөөр гадаадад зорчжээ

-Яг үнэндээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйлгүй онгоц, буудлын мөнгөнд зарцуулагдаж буй учраас харамсалтай. Тиймээс л нийслэлийн тарчиг амьдралтай иргэдийн хувьд хагас тэрбум гаруй төгрөг туршлага судлах нэрийдлээр салхинд хийсчээ гэж бодохоор гомдолтой-

Татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрэх эрх төрийн албаныханд байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр хэлж байв. Мэдээж энэ үгийг Ерөнхийлөгч эрх барьж буй намынхаа нөхдөд зориулж хэлсэн гэдгийг иргэд бүгд мэднэ. Яг үнэндээ төрийн албаныхан татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, татвар төлөгчдийн мөнгөөр урамшуулал хүртэнэ, татвар төлөгчдийн мөнгөөр туршлага судална гээд олон арваараа гадаад руу хэлхэлдэж явсан түүх олон бий.
Уг нь ард түмний амьдрал туйлдаа хүрч аж ахуйн нэгж байгууллагууд хаалга үүдээ барьж дампуурлаа зарлах нь өдөр ирэх бүр нэмэгдсээр л байгаа.
Гэтэл хамгийн эхэнд найр наадам, идэж уух, гадаад дотоод томилолтоо хасч танах ёстой хотын удирдлагууд маань 2015 оны хоёрдугаар сараас тус оны арваннэгдүгээр сар хүртэл татвар төлөгч бидний хагас тэрбум гаруй төгрөгөөр гадаад улс руу явж туршлага судлаад иржээ.
Хотын захиргааны албан тушаалтнуудын гадаад томилолтын зардал, хэн хаашаа туршлага судлахаар явсныг харуулах баримт бидний гарт байгаа учраас ийн хэлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэд аравхан сарын хугацаанд хагас тэрбум гаруй төгрөгөөр туршлага судлаад иржээ гэхээр өнөө маргаашаа өлмөн зэлмүүн өнгөрөөж байгаа иргэдэд тийм ч таатай сонсогдохгүй нь лавтай. Яг үнэндээ гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйлгүй онгоц, буудлын мөнгөнд зарцуулагдаж буй учраас харамсалтай. Тиймээс л нийслэлийн тарчиг амьдралтай иргэдийн хувьд хагас тэрбум гаруй төгрөг туршлага судлах нэрийдлээр салхинд хийсчээ гэж бодохоор гомдолтой байгаа хэрэг л дээ. Ингээд НЗДТГ-ын 2015.1.1 – 2015.11.30-ны хугацаанд гадаад томилолтод зарцуулсан хөрөнгийн жагсаалтаас зарим баримтыг дурдья.
1. 2015 оны хоёрдугаар сарын 09-нд НЗД-ын А/75 дугаар захирамжаар Япон улсын Саппоро, Асахикава хотуудын өвлийн арга хэмжээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гантуяа нарын хүмүүс оролцож, тэдгээрийн томилолтод 8.717.100 төгрөгийг гадаад арга хэмжээний зардлын мөнгөнөөс гарган “Эйр экспресс трейвэл” ХХК-ийн аяллын шугамаар явсан.

2. 2015 оны хоёрдугаар сарын 11-нд НЗД-ын А/95- дугаар захирамжаар ХБНГУ-ын Берлин хотын Ай-Ти-Ай Берлин олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох Нийслэлийн засаг дарга нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, ахлах мэргэжилтэн Г.Гансувд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд нарын дөрвөн хүний томилолтын зардал 21.910.844 төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас гаргасан.

3. 2015 оны хоёрдугаар сарын 17-нд НЗД-ын А/137- дугаар захирамжаар Бүгд Найрамдах Австри улсын Вена хотын нийтийн тээврийн менежмент, зохион байгуулалт, Удирдлагын төвийн үйл ажиллагааны сайн туршлагыг судлах сургалт, Бүгд Найрамдах Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах томилолтод Нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Билигт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Р.Эрдэнэ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг, Ерөнхий менежер О.Баатархүү нарын зардалд 11.297,779 төгрөгийг баталжээ. Харин төлөөлөгчид гэх зарим нэг хүмүүсийн томилолтын зардал болох 10.438,400 төг, 5760 ам долларыг гадаад арга хэмжээний зардлаас, Ц.Одонтунгалаг, О.Баатархүү нарын албан томилолтын зардлыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалт сурталчилгааны зардлаас гаргажээ. /Эдгээр хүмүүсийг хотын дарга Э.Бат-Үүл Словак улсын Братислава хотын автобусны үйлдвэр үз хэмээн дээрх зардлыг гаргасан гэсэн үг/

4. 2015 оны хоёрдугаар сарын 27-нд НЗД-ын А/142, А/158-р захирамжаар гадаад томилолтын зардлыг баталжээ. А/142 тоот захирамжаар Европын орнуудын Белажино, Милан, Мадрид, Берлин хотод ажиллах Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн, A/158 тоот захирамжаар Улаанбаатар хотод баригдахаар төлөвлөгдөж байгаа Баянгол хорооллын ерөнхий төлөвлөлтийг танилцуулж, хамтран ажиллах боломжийг судлахаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Монгол наадам Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга П.Цогтбаатар, НЗДТГ-ын гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нарын томилолтын зардал 10.125.795 төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахаар тус тус баталжээ.

5. 2015 оны гуравдугаар сарын 12-нд НЗД-ын А/178 тоот захирамжаар найман хүнийг Франц Улсад хот төлөвлөлтийн туршлагаас харилцан суралцах, судалгаа хийх Төлөвлөлтийн хэлтсийн дарга Т.Ганзориг, Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал, ШУТИС-ийн Барилга, архитекторын сургуулийн багш, оюутнуудыг нийт 17.400.000 төгрөгийн зардлыг баталжээ. Энэчлэн жил хүрэхгүй хугацаанд олон арвин туршлага судлах, сургалтад хамруулах зорилгоор хотын дарга маань 39 удаагийн гадаад томилолтод нийт 552.340.604 төгрөгийг зарцуулсан гэсэн үг.

Түүнчлэн тэдний гаргасан томилолтын үргүй зардлын нэг нь “Жи Си Ай” олон улсын байгууллагаас зохион байгуулсан Ази номхон далайн орнуудын чуулга уулзалт юм. Уг нь энэхүү арга хэмжээ нийслэлийн төр, захиргааны байгууллагад огт хамааралгүй олон улсын байгууллага гэдэг нь нэрнээсээ харагдаж буй юм. Гэтэл Үүл баатар дарга уг арга хэмжээнд зориулан 30 гаруй сая төгрөг гаргаж Монголынхоо соёл урлагийг сурталчилсан байх юм. Уг нь өнөөдөр нийслэлд тулгамдаад байгаа сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахад дээрх хагас тэрбум төгрөгийн ядаж талыг нь зориулсан бол бидэнд хэрэгтэй л байсан байх. Хэдийгээр улс орон өөрсдийн зан заншил, соёл урлагаа сурталчлах, өөрсдийн мэдэхгүй зүйлээ хөгжилтэй орноос сурч мэддэг тусгайлсан хөтөлбөрүүдтэй байдаг ч манайх шиг арай л ингэж аравхан сарын хугацаанд хагас тэрбум гаруй төгрөгийг салхинд хийсгэдэг болов уу. Бид Америк, Хятад, Япон зэрэг улс шиг том эдийн засагтай улс биш учраас хагас тэрбум гаруй төгрөгт халаглаж харамсаар. Ядуугаа мэдэхгүй цамаан загнадаг монголчуудын занг Хотын дарга маань алхам тутамдаа давтсаар байгаа нь үнэхээр харамсалтай. Өөрөөр хэлбэл, Үүл даргын дараагийн хэрэгжүүлэх гэж буй нэг ажил нь “Сайн хашаа” хөтөлбөр. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болчихоод буй юм.

Эх сурвалж: Morningnews.mn

Г.Дамдинням: Д.Мөнх-Эрдэнэ ээ “Хамар доорхи хагархайгаа хамхиарай“
Г.Дамдинням: Д.Мөнх-Эрдэнэ ээ “Хамар доорхи хагархайгаа хамхиарай“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.