“Их барилга-90” аяны сагсан бөмбөгийн тэмцээнийг “Ноёд констракшн” ХХК ивээн тэтгэжээ” “
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 19 секунд
“Их барилга-90” аяны сагсан бөмбөгийн тэмцээнийг “Ноёд констракшн” ХХК ивээн тэтгэжээ” “

“Их барилга-90” аяны сагсан бөмбөгийн тэмцээнийг “Ноёд констракшн” ХХК ивээн тэтгэжээ” “

 

  Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан “Их барилга-90” өндөр бүтээл нэртэй урлаг, спортын хоёр жилийн аян зарлагдсан. Эхнийх нь сагсан бөмбөгийн тэмцээн юм. “Алдар” спорт хорооны зааланд өнөөдөр нээлтээ хийж, маргааш үргэлжлэх тус тэмцээнд барилгын салбараар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид оролцож байгаа билээ. Түүнчлэн орон нутагт ч үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид өнөөдөр өрсөлдөж эхлээд байна. Улаанбаатарт болж буй тэмцээн нь нийслэлийн аваргыг тодруулах бол ирэх жил орон нутгийнхан нийслэлийнхэнтэй өрсөлдсөнөөр УАШТ болж үргэлжилнэ. Тус тэмцээнийг Монголын барилгачдын холбоо, Монголын барилгачин залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Ноёд констракшн” ХХК ажиллаж байна. Нээлтэд Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Шоовдор, Монголын барилгачин залуучуудын холбооны тэргүүн Д.Батзоригт нар оролцлоо. Тэмцээний үеэр “Ноёд констракшн” ХХК-ийн захирал С.Билэгттэй ярилцсан юм.  

 

-Барилгын салбарт гар бие оролцож бүтээн байгуулалтаа хэрэглэгчдийнхээ сэтгэлд бүрэн нийцүүлэхийн төлөө “Ажлаа хэрхэн явуулбал зүгээр бол, ямархуу шинэлэг санаа гаргах вэ” хэмээн сэтгэлээ байнга чилээдэг та нар өнөөдөр үндсэн ажлаа түр хойш тавиад сагсан бөмбөг тоглож, сонирхож байна. Хааяа иймэрхүү тэмцээн харж суух сайхан биз ...

-Хүн л юм чинь байнга ажиллаад, нэг чиглэл рүү хандана гэж байхгүй шүү дээ. Хэдийгээр олон захиалагчийн үүрэг хүлээж ажиллаж байгаа ч заримдаа спорт, соёл урлагийн тэмцээн, уралдаан үзэж сэтгэлээ баясгах сайхан. Бүх байгууллагын хамт олон идэвхитэй оролцож байгаад баяртай байна.  

-Танай компани энэ тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Та санаачилсан уу?  

-Манай улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой ирэх онд болно. Энэ их баярыг угтсан үйл ажиллагааны нэг нь энэ юм. Дээрх тэмцээнийг зохион байгуулагдахаас өмнө Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагаар ахлуулсан зохион байгуулах комисс байгуулагдсан. Хэд хэдэн томоохон үйл ажиллагаа явагдахаар шийдвэрлэгдсэн. Яваа яваандаа тогтсон өдөр, дараалалтайгаар явагдана. Энэ тэмцээнийг “Ивээн тэтгэнэ үү” гэсэн саналыг Барилгачдын холбооны удирдлагууд бидэнд тавьсан юм. Бид ч таатай хүлээж авсан. Манай компани энэ тэмцээнийг зөвхөн зохион байгуулах биш, үзэгч болон тоглогчдыг хоол, ундаа, чихэр, жимсээр үнэ төлбөргүй үйлчилж байгаа.

-Тэмцээнд хэдэн баг оролцож байгаа вэ?

-Эрэгтэй 36, эмэгтэй ес. Ялагчид маргааш тодорно. Энэ тэмцээнд  нийслэлд үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын ажилчид оролцож байгаа бол орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилчид өнөөдөр мөн л тэмцээнээ эхлүүлээд байна гэсэн мэдээ ирсэн.

-Спортын хэдэн төрлөөр багууд цаашид өрсөлдөх вэ?

-Гар болон сагсан бөмбөг, ширээний теннис гэх мэт. Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногт барилгачдын баяр болдог. Тэр үеэр ажилчид уулын оргил булаацалдах, олс татах зэргээр хурд, хүч, авхаалж самбаагаа сорино.  

-Байр эзэлсэн багуудыг Барилгачдын холбоо урамшуулна. Харин танайх ивээн тэтгэгчийнхээ шагналд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Нарийн тоог нь хэлмээргүй байна. Нэлээн хэдэн төгрөг зарцуулагдахаар шийдвэрлэгдэж, шилжин явах цом, медаль бэлдсэн. Мөнгөн дүнг нь одоо хэлвэл эртдэнэ байх. Тиймээс тамирчдад нууц хэвээр байг. Барилгын салбарынхан ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс би тэдэнд бага ч болов тус болохын тулд шагналын сангаа өндөр тогтоосон.

-“Их барилга-90”-ийн хүрээнд, ойн арга хэмжээг зохион байгуулах комисс өөр ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Барилгачдын холбооныхон залуу үеэ бэлтгэх, дадлагажуулахын тулд нэлээн олон сургалт, семинар зохион байгуулсан юм билээ. Түүнчлэн нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчдын дунд урлагийн арга хэмжээ зохион байгуулна. Тэр үеэр ажилчид хэн хэнтэйгээ танилцаж, туршлага солилцох, хамтарч бизнес эрхлэх гээд олон сайн тал гарна.

-Танай компанийн тухай ярихад хэдэн онд байгуулагдав. Ихэвчлэн юуны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Барилгын компаниуд хувийн хаус, тансаг зэрэглэлийн орон сууц, үйлдвэр үйлчилгээний гэх мэт зориулалтаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нийтийн орон сууц ихэвчлэн барьдаг. Захиалагчдынхаа эрх ашиг, сэтгэл санаанд нийцсэн барилга барихыг гол зорилгоо болгодог. Гэхдээ хүн л юм хойно бага ч гэсэн алдаа гаргана. Жишээ нь, хадаас муруй хадах ч юм уу. Гэтэл зарим захиалагч “Би л мөнгөө өгсөн юм чинь” гэсэн шиг их бүдүүлгээр харьцах тохиолдол үүсдэг. Хэрвээ бидний зүгээс буруу зүйл гарсан бол тэд эхлээд “Та нар энд ийм алдаа гаргачихсан байна аа. Засаад өгнө үү” гэвэл арай өөр сэтгэгдэл төрнө шүү дээ. Тиймээс захиалагчид маань энэ талд ухамсартай бодох хэрэгтэй.  Ийм асуудал зөвхөн манайд биш бүх барилгын компанийн удирдлагуудын өмнө тулгардаг.    

-Танай компани байгуулагдаад хэдэн жил болж байна. Хэдэн ажилтантай вэ?

-Дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Энэ бол нэг их хугацаа биш ч чамлахааргүй амжилт, ажил бий болгосон. Өнгөрсөн жил манай компани салбараа тэргүүлж, цом хүртсэн бол миний бие шилдэг удирдагчаар шалгарсан. Өмнө нь нийгмийн даатгалын болон ТББ-ын шагналыг олон хүртсэн. Үүгээр бидний үйл хэрэг хэрхэн явагддагийг ойлгож болно. Манайх үндсэн болон гэрээт 90-120 ажилтантай. Зарим үед туслах болон нэмэлт ажилтан авдаг.  

-Ойрын хугацаанд хийх төлөвлөгөөгөө сонирхуулж болох уу?

-Хоёр том төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт 60 айлын орон сууц барих бол, Эрдэнэтэд үйлдвэр үйлчилгээний барилга бий болгоно. Хэмжээ нь Улаанбаатарт баригдсан “Сандэй плаза” шиг. Ер нь манайх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүрэхэд 480 гаруй өрхөд орон сууцыг нь хүлээлгэж өгсөн. Ирэх есдүгээр сард 120 айлд түлхүүрийг нь гардуулна.     

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Би тэс өөр мэргэжилтэй. Барилгачин хүн заавал барилгын компани удирдах ёсгүй. Хамгийн гол нь удирдан зохион байгуулах чадвартай, менежмент сайтай байх хэрэгтэй. Тэгвэл ямар ч ажлыг хэн ч аваад явчихна. Би салбар бүрийн олон инженерээсээ мэдэх зүйлээ асууж, төлөвлөгөөгөө гаргаад хөндлөнгөөс нь хянаж ажилладаг.

Г.Байгалмаа: “Ноёд констракшн”-ыхан шинэлэг сэтгэлгээтэй

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгалмаа.

     

Барилгын салбарынхан зөвхөн барилгаа бариад, амьдралаа авч явсан юм биш. Эртнээс урлаг, спортын арга хэмжээг санаачилж, дэмжиж, зохион байгуулж байсан түүхтэй. Тэгэхээр өнөөдөр эхэлсэн энэ арга хэмжээ салбарын 90 жилд зориулагдсангүй. Бүх залуучуудыг нэгтгэж, спортод дурлуулж байна. Үүнийг “Ноёд констракшн” ХХК ивээн тэтгэж ажиллаж байгаад талархаж байна. Энэ компани байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийнхээ сэтгэл санаанд бүрэн нийцсэн барилга барьсан. Цаашид ч энэ эрчээ алдахгүй ажиллана гэдэгт итгэж байна. Энэ компанийнхан ер нь байнга шинэлэг зүйл сэтгэдэг болохоор Барилгачдын холбооныхон итгэл хүлээлгэсэн болов уу.

О.Батбаатар: Өрсөлдөгчид нэлээн ширүүн байна шүү

“Хархорин” ХХК-ийн “Хархорин” багийн ахлагч.

Зохион байгуулагчиддаа сайхан тэмцээн зохиож байгаад талархаж байна. Өрсөлдөгчид ч нэлээн ширүүн байна. Багийнхан маань бэлтгэл сайн хийж гэж байсан. Энэ том тэмцээнд тэгж ч оролцохоос яах вэ дээ. Учраанууддаа амжилт хүсэхийн зэрэгцээ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа “Ноёд констракшн” ХХК-ийн хамт олонд баярласан сэтгэгдлээ хүргэе.

Ж.Солонго: Зохион байгуулалт сайхан болж байна

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, “Чонон сүлд” багийн ахлагч.

Манай улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан нэгэн томоохон тэмцээн зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Би байгууллага дотроо л сагсан бөмбөгөөр өрсөлддөг байснаас бусад байгууллагынхны эсрэг тоглож байсангүй. Олон ч байгууллага оролцож байгаа юм байна. Зохион байгуулж байгаа болон ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа байгууллагууддаа баяр хүргэж, талархал дэвшүүлье.

Эх сурвалж: www.dorgio.mn
Б.Хурц нар НҮБ-ын өмнө хариуцлага хүлээх үү
Б.Хурц нар НҮБ-ын өмнө хариуцлага хүлээх үү
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.