Г.Эрдэнэтунгалаг: Намайг 22-ын товчоон дээрээс баривчлаад гэрийнхэнд болон, өмгөөлөгчид маань ч хэлээгүй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 41 секунд
Г.Эрдэнэтунгалаг: Намайг 22-ын товчоон дээрээс баривчлаад гэрийнхэнд болон, өмгөөлөгчид маань ч хэлээгүй байсан

Г.Эрдэнэтунгалаг: Намайг 22-ын товчоон дээрээс баривчлаад гэрийнхэнд болон, өмгөөлөгчид маань ч хэлээгүй байсан

Зохиолын дуучдаас залуу бүсгүйн хувьд адармаатай бас ч дуулиантай зам мөрийг элээж яваа нь Г.Эрдэнэтунгалаг. Үзсэн туулсан амьдралаа шингээдэг гэлтэй хамгийн дотортой дуулдаг гэгддэг тэрбээр өдгөө өөрийгөө таньж “олсон”, цоо шинэ төрхөөр манай уншигчидтай мэндчилж байна. Анхны амьдрал нь бүтэлгүйтэн, гоо сайхны хагалгаанд орсноор сохрох аюулд тулж, хүн амины хэрэгт сэжиглэгдэж, “Ганц худаг”-т хүртэл хоригдож үзэхдээ дуучин Г.Эрдэнэтунгалаг үнэнээс няцаж үгнээсээ буцаж яваагүй. Ар араасаа цохилт болж, түүнтэй нүүр тулсан өнгөрсөн амьдралынхаа шалгуур бүрт тэр одоо бол баярладаг. “Магадгүй надаас өөр хүн байсан бол амиа хорлочихсон ч байж магадгүй" гэж дурсах дуучин Г.Эрдэнэтунгалагийн яриаг хүргэж байна.


Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин наснаас эхэлдэг гэж үнэн үү? Таньд өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Үнэхээр тийм шүү . Зуун хувь санал нийлж байна. Хүний амьдралын 30 нас гэдэг ид хийж бүтээх нас. Үүнээс өмнө аав, ээжийн гараас гарч амьдрал дээр бие хүн болж төлөвшдөг. Яг би хэн бэ? гэдгээрээ цаашаа үргэлжлүүлэн алхдаг. Бид нар юу ч мэдэхгүй гэнэн хүүхдүүд 10 жилээ төгсөөд л оюутан болдог. Үүнтэй адил бас нэг амьдралын мөчлөг эхэлж байна. Амьдралд нухлагдаж, амьдралыг мэдэрч, ямар үед яаж өөрчлөгдөх вэ? гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас тэр мэдрэмжээрээ бүх зүйлд хандах хандлага нь өөр болдог. Энэ утгаараа хувь хүнийхээ хувьд нийгэмтэй харьцах хандлага, уран бүтээлчийн хувьд ч, аливаад хандах хандлага эрс өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би амьдралаас өөрийгөө олж авсан, бүх зүйлээ өөрийнхөө ирж буй шинэ амьдралд бэхжүүлэх гэж тэмүүлж байгаа бие хүн.

-Зохиолын дуучид дундаас нэлээн тод, дуулиантай амьдарсан эмэгтэй нь таныг гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

 -Би өөрөө сенсааци үүсгэж, олны танил болох юмсан, ингэвэл олон хүний анхаарлыг татах болов уу гэж хэзээ ч бодож байгаагүй. Хийсэн бүтээснээ олонд таниулахсан , миний уран бүтээлийг илүү мэдэрч тэр хэрээрээ надтай хамт байгаасай л гэж хүсдэг. Хүссэн хүсээгүй л миний хувь тавилан юм бол уу? гээд үүнтэй одоо эвлэрчихсэн. Гэхдээ санаа сайхан бол заяа сайн гэдэг. Ний нуугүй хэлэхэд өмнө нь би үзэн ядалт, өшөө авалтаар тархи зүрхээ дүүргэсэн хүн байсан. Одоо бол би уучлал, ухаарлаар аливаа юманд ханддаг болсон учраас санаагаа дагаад миний бодол өөрчлөгдөж, бодлоо дагаад хийж байгаа үйлдлүүд маань хүртэл өөрчлөгдөж үр дүн нь надад мэдрэгдэж байгаа.


-Анхны амьдрал нь бүтэлгүйтлээ, гоо  сайхны мэс заслаас хараагүй болох аюулд орсон, мөн Ганц худагт саатуулагдаад гарлаа гэх шуугианууд гарч байсан. Тэр бүхнийг давж туулах амаргүй байсан нь мэдээж?

-Мэдээж хэцүү байсан. Нотлогдоогүй хэрэгт сэжигтэн, гэрчээр татагдаж байцаагдаж, ар гэрийнхэнд нь адлуулаад, найз нөхдийн хувьд үл ойлголцлоос болж заллигч болж хэрэгт холбогдсон. Энэ бүгд бол аливаад өшөө, хорслоор ханддаг өмнөх Эрдэнэтунгалагийн амьдрал байсан. Эцэг, эхийн гараас гараагүй нялх шахуудаа хүүхэд төрүүлээд, нялх биетэй энэ бүгдийг давж гарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ энэ хугацаанд хүмүүсийн зан чанар, хэн нь хэн бэ? гэдэг нь үнэхээр танигдсан. Сайн явахад садан мундахгүй гэгчээр муу явахад намайг гэх хүн үнэхээр байгаагүй. Энэ бол амьдралын хууль юм байна гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ намайг харж хандсангүй гэж хүмүүст гомдоллох эрх ч надад байхгүй. Хүн амьдралдаа хэнд ч гомдох ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн үнэнч хүмүүс миний  гэр бүлийнхэн байсан. Тэр дундаа миний ээж. Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ. Түрүүн нүүрээ будаад толинд хараад сууж байхад одоо уулзах сэтгүүлч ээжийн минь тухай асуугаасай гэж би бодож байсан. Дараа нь би ээжийгээ яаж баярлуулж байлаа гэж бодсон.Би ердөө хоёрхон удаа л баярлуулсан юм байна гэж бодлоо. Би ээждээ охин нь болж төрсөндөө нэг баярлуулсан, хоёрдахь нь би хүүхэд төрүүлж ээж болж баярлуулсан. Би өөрөөр баярлуулаагүй дандаа зовоож байсан юм байна гээд өөрийн эрхгүй уйлсан. Намайг ингэж хичнээн зовоож байсан ч зовоолоо гэж ээж минь боддоггүй. Үхэвч үрийн төлөө гэдэг. Охин маань том болж байгаа учраас хааяа надтай үг сөрөх асуудал гардаг. Тэр үед миний ээжийн сэтгэл зүй ямар хүнд байсан бол гэдэг надад төсөөлөгдөхгүй байна. Би үүнийг давж гарсан нь чухал биш миний ээж л давж гарсан нь хамгийн чухал зүйл. Хамгийн ихээр бахархмаар, баярламаар олон удаа баярлалаа гэж хэлээд ч багадахаар. 30 насны босгонд бас юуг ойлгосон бэ гэхээр хүн хэлэхдээ биш үйлдлээрээ л бүгдийг илэрхийлж байх хэрэгтэй. Яриад, хэлээд бийх нь гол биш. Ээжийгээ олон баярлуулдаггүй юмаа гэхэд үүнээс хойш олон зовоохгүй юмсан гэж бодож байна.


-Гоо сайхны хагалгаанд ороод нилээд эрсдэлтэй байдалд орж байсан ч та зорилгодоо хүрч чаджээ. Та их сайхан харагдаж байна?

-Баярлалаа. Би эцэг эхээс заяасан энэ биеэ гамгүй зовоосоон. Гэхдээ эцэст нь энэ бүхнийхээ учир утгыг маш сайн ойлгосон. Зорилгогүй    амьдрал гэдэг ямар ч утгагүй. Хүн болгон зорилготой. Тэр зорилгодоо хүрэх арга зам нь л өөр өөр байдаг. Гэхдээ зорилгодоо хүн бүр хүрдэг гэж би боддог. Амьдрал бол тэр зорилгодоо хүрэхийн төлөөх тасралтгүй тэмцэл. Намайг улсын шалгалтанд орох гэж байхад ээж маань хүний нүдэнд аятайхан, сайхан     харагдаасай гэсэндээ аль гайгүй хувцас өмсүүлэх гэдэг байсан. Харин би ээжийнхээ өөдөөс танай сургууль хүний хоолойг шалгадаг юм уу? хувцсыг нь хардаг юм уу? гээд л уурлаж байсандаа их харамсдаг. Ээж минь урлагийн хүн аятайхан хувцаслах хэрэгтэй гэдгийг зааж сургасан. Ер нь би их зөрүүд хүүхэд байсан. Одоо амьдралд нухлагдаад, үзэгчдэд шүүгдээд, өөрөө гоё болохыг их тэмүүлээд ер нь л жин хасах хэрэгтэй, гоё, сайхан болохгүй бол болохгүй нь гэж бодсон. Дуулна гэдэг гоё сайхан сонсогдохоос гадна хүний нүдийг баясгах зүйл юм. Би хүний нүдийг баясгахаар байх ёстой гээд жин хасахаар шийдсэн. Нөгөө талаар эрүүл болох гэж зорьсон. Нүдэндээ давхраа оёулаад гэмтэл авсан. Хөдөлмөрийн чадвараа алдаж 6 cap гэртээ байсан. Нүд өвдөхөд ямар хэцүү байдгийг нүд нь өвддөг хүмүүс л ойлгох байх. Гэхдээ энэ бүхнийг даван туулж ард нь гарч чадсан. Тэр үед гэмтэл маань удаашраад 2 нүд маань хоёулаа хараагүй болох магадлал өндөр байсан. Охиныхоо ТОМ болохыг харж чадахгүй нь гэж эх хүний хувьд их харамсаж, гол минь харлаж байсан.Яах гэж нүдэндээ давхраа оёулав даа ч гэж бодож байсан. Аав маань мөнгө төгрөг гол биш хамгийн гол нь чи хардаг болох хэрэгтэй гэж хэлж байсан. Харах эрхтэнтэйгээ хэрүүл тэмцэл хийсэн хүн хэзээ ч сайхан явдаггүй юм зүгээр л орхичих,  аяндаа өөрөө жамаараа үйлийн үр гэж байдаг бол тэр эмч амсана гэж хэлсэн. Иймээс тэр Солонгос эмчийг шүүхэд өгөөгүй. “Солонго” эмнэлгийн Нарангарав эмчдээ маш их баярлаж байна. Энэтхэгээс эмч нар авчирч 2, 3 удаа хагалгаа хийлгэсэн. Чиний нүд цоо эрүүл болсон байна гэсэн баяртай мэдээг дуулгасан. Энэ бол миний тэмцлийн үр дүн. Би зорьсондоо хүрч гоё, сайхан болсон. Эрүүл болсон учраас олон хүнии зөвлөгөөг хүлээн авч зорьсондоо тэмүүлсэн учраас үр дүнд нь хүрсэн.

-Та ‘Ганц худагт” саатуулагдаж байгаад гарахдаа “гаргахгүй байх чинь яасан?” гээд хаалгыг нь өшиглөж байсан гэсэн. Бас ч шартай юм?

-Яг ч тийм юм болоогүй. Би хаалга өшиглөөгүй. Намайг байцааж байсан байцаагч хүүхэн яг над шиг омголон, шазруун, надтай чацуу, дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн хүүхэн байсан. Би Улаан-Үүд рүү томилолтоор яваад ирье гэхэд чамд хил нэвтрэх хориг тавина гэсэн. Тэгэхээр нь би арай ч хориг тавихгүй байлгүй дээ гэж бодоод явах гэж байхад хориг тавьчихсан байсан. Намайг 22-ын товчоон дээрээс баривчлаад гэрийнхэнд болон, өмгөөлөгчид маань ч хэлээгүй байсан. Энэ бол хууль зөрчсөн асуудал. 24 цаг гэрийнхэнд маань хэлэлгүй намайг хорьсон. Байцаагч намайг чадсан, хорлосон гэж бодож байгаа байх. Гэхдээ би баярлалаа гэж хэлмээр байна. Тэрний ачаар би ганцхан өдрийн дотор маш их юм бодсон.
-Охиноо төрүүлсний дараа та ’’Дуулж л явахаас даа” дууг гайхалтай амилуулсан?
-Намайг бага байхад ээж маань дуулж өгдөг байсан. Тухайн үед анхны амьдрал маань ч бүтэлгүйтэж таарсан . Тийм ч учраас сэтгэлээсээ дуулж чадсан. Аливаа уран бүтээл дуу, шүлэг, жүжиг бүгд хүний сэтгэлээс гардаг учраас юу мэдэрч дуулсан байна гэдгийг нь хүмүүс яг мэдэрдэг. Хэрэв би амьдралаараа мэдрээгүй бол энэ дуугаа төсөөллөөрөө бий болгож арай ондоогоор дуулж хүмүүст бөхөөр хүргэх байсан байх. Гэхдээ бүх хүнийг үүнийг мэдэр гэж байгаа юм биш. Жүжигчин, дуучин хүний уран чадвар үүн дээр гарч ирдэг.


-Та гоо сайхны хагалгаанд орохдоо  найзаасаа мөнгө зээлж, өгч чадахааргүй болсноос шүүх цагдаад тулсан.Тэр найзтайгаа одоо холбоотой юу?

-Гоо сайхны хагалгаанд орохдоо найзаасаа мөнгө зээлээгүй. Тэр мөнгө бол өөр мөнгө. Миний найз надад олон удаа тусалсан. Ганцхан тэр удаа ч биш. Энэ найзынхаа тусыг хэзээ ч мартахгүй. Хүн л юм чинь маргалдах үе байна. Найздаа их хэмжээний мөнгө өгч явуулчихаад нөгөө найз нь нүдний хагалгаанд ороод, өртэй ширтэй болоод, өвчин зовлонд баригдаад, бүр алуурчин болж хувирсан.Тэр хүн ирээдүйгээ бодож байгаа учраас надаас мөнгөө буцааж авах нь чухал. Энэ бол амьдралын хууль. Надаас авах ч ёстой. Гэхдээ арай яарсан юм болов уу даа гэж боддог. Юманд уужуу хандах хэрэгтэй, амьдрал бол баян. Тэглээ гээд би гомдоогүй. Ямагт баярлаж явах болно. Одоо бол холбоогүй байдаг. Найз маань хүнтэй суугаад, хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа гэж сонссон. Аливаа болж бүтэхгүй байгаа зүйлийг хүмүүс ярилцаж, ойлголцох хэрэгтэй байдаг.

-Таныг шинэ хайртай учирсан гэж сонссон. Хайрын дуу амилуулдаг дуучнаас асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Хайр, дурлал хүнд яг ямар мэдрэмж төрүүлдгийг илэрхийлэхэд хэцүү байна. Би хүнд хаягдаж шархалж үлдэж үзсэн. Ямар байдгийг нь уран бүтээлээрээ хүмүүст хүргэж, олон хүн тэр мэдрэмжийг мэдэрсэн байх. Сайхан хайртай бол учирсан. Хайр намайг өөрчлөгдөхөд, бие хүн болж төлөвшихөд том нөлөө үзүүлсэн. Эмэгтэй эрэгтэй хэн ч эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх, буруу зуршлуудаасаа салах, тэр хүний өмнө сайхан харагдахын тулд олон зүйлийг өөрчлөх шаардлага гардаг шүү дээ.

Эх сурвалж: SHUDARGA.MN

 

Хамаг хөрөнгөө Баясгаланд алдсан Лу. Болд “Богд” хэмээх нэртэй банк байгуулжээ
Хамаг хөрөнгөө Баясгаланд алдсан Лу. Болд “Богд” хэмээх нэртэй банк байгуулжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.