Их Британийн ерөнхий сайд Риши Сунакын хадам ээж өчигдөр Энэтхэг улсын парламентын гишүүнээр томилогджээ.
73 настай Судха Мурти нь 1981 онд нөхөр Нараяна Муртийн хамт Энэтхэгийн мэдээллийн технологийн аварга компани InfoSys-ийг байгуулалцаж байсан юм.
Тэрбээр сүүлд компанийнхаа нийгмийн сайн үйлсийг хэрэгжүүлдэг InfoSys Foundation сангийн тэргүүнээр ажиллаж байжээ.
Тэдний охин Акшата 2009 онд Риши Сунактай гэрлэсэн юм.
Судха Муртигийн нэрийг Энэтхэгийн ерөнхийлөгч Друпади Мурму парламентын дээд танхимын гишүүнд дэвшүүлжээ.
Энэтхэгийн парламентын дээд танхимын гишүүдийн дийлэнх нь ард түмнээс сонгогддог бол 12 нь ерөнхийлөгчийн саналаар зургаан жилийн хугацаатай томилогддог. Энэтхэгийн ерөнхийлөгч ингэхдээ улс нийгэмдээ гавьяа байгуулсан нэр хүндтэй хүмүүсийг томилдог байна.
Ерөнхий сайд Нарендра Моди уг томилгоог талархан хүлээж авч байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр Муртигийн “нийгэм, боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмэр нь асар өндөр” гэж магтсан байна.
“Улс орныхоо төлөө үйлчлэх боломж олдсонд би маш их баяртай байна” гэж Мурти сошиал хуудсандаа бичжээ.
Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн онд Судха Муртигийн нийгэмд гүйцэтгэсэн үүргийг нь өндрөөр үнэлж, төрийн гуравдугаар зэргийн одон Падма Бушанаар шагнасан юм.
Түүний нөхөр Нараянагийн хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $4.7 тэрбум гэж үнэлсэн байдаг.
Тэрбээр компаниа байгуулахдаа эхнэрээсээ мөнгө зээлж байсан гэдэг. Одоо InfoSys нь зах зээлийн үнэлгээгээр Энэтхэгийн долоо дахь том компанид тооцогдож, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг болсон байна.
Риши Сунак 2022 онд Их Британийн анхны Өмнөд Азиас гаралтай ерөнхий сайд болжээ. Тэрбээр Английн Соутхэмптон хотод энэтхэг цагаачийн гэр бүлд төрсөн юм.
Тухайн оны наймдугаар сард Энэтхэг улс Британийн колоничлолоос чөлөөлөгдсөний 75 жилийн ой тохиож байв. Мөн тухайн онд Энэтхэг улс дэлхийн тав дахь том эдийн засагтай орны статусыг Их Британиас шилжүүлж авсан юм.
Эх сурвалж: AFP