Хүн төрөлхтөн 2014 онд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 45 секунд
Хүн төрөлхтөн 2014 онд

Хүн төрөлхтөн 2014 онд

Украины хямрал, иргэний дайн

2013 онд Сири улсад болж буй иргэний дайн бүтэн оны турш дэлхий нийтийн анхаарлын төвд байсан болУкраины хурцадмал асуудал, Крымийн хойг ОХУ-д нэгдсэн үйл явдал яах аргагүй энэ оны хамгийн том, хамгийн ихээр дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал байсан билээ.

Украины сонгуулиас улбаатай төрийн эргэлт, ерөнхийлөгч Янукович зугтан гарсан, улмаар Донецк, Луганск төвтэй Украины баруун нутгийн оршин суугчид Киевийн захиргааг хүлээн зөвшөөрөөгүй, мөн Крымийн орос гаралтай иргэд ОХУ-д нэгдэх хүсэлтээ гаргасан зэргээр энэ үйл явдал улам бүр хурцадмал шинжтэй болсон.

Тэгвэл Крым Киевийн хүлээн зөвшөөрөх эсэхийг үл харгалзан бүх нийтийн санал асуулга явуулж ОХУ-д нэгдсэнээ зарласан, улмаар ард иргэдээ хамгаалах нэрийдлээр оросын цэргийн ангиуд Крымд буусан зэргээр Украин улс нутаг дэвсгэрийнхээ томоохон бөгөөд стратегийн ач холбогдолтой газрыг Орост алдсан юм. Тэгвэл асуудал ингээд дууссангүй.

Дөрөвдүгээр сард зүүн Украин дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид мөргөлдөөн гаргаж Донецк, Луганск мужууд өөрсдийн улсаа байгуулж, сонгууль хүртэл зохион байгуулж амжсан.

Улмаар Украины арми болон салан тусгаарлагчдын хооронд өрнөсөн цуст тулааны уршгаар өнөөг хүртэл 4700 орчим хүн амь насаа алдсан судалгаа гаргаад байгаа.

Украины хямрал, тулаанд ОХУ-ыг буруутгасан АНУ, Европын холбооны зүгээс ОХУ-ын эдийн засгийн хориг тавьснаар үйл явдал үргэлжилсээр байгаа билээ.

Энэ үйл явцыг худалдааны дайн, шинэ үеийн хүйтэн дайны эхлэл хэмээн нэрлэсээр байна.

"Лалын улс"-ын түрэмгийлэл, хэрцгийллийн эсрэг

"Ирак Сирийн Лалын улс" нэртэй лалын хэт даврагсдын бүлэглэл Ирак улсад цэргийн ажиллагаа зохион байгуулж улмаар тус улсын нутаг дэвсгэрийн талыг хяналтдаа оруулснаар эхэлсэн энэхүү явдал хүн төрөлхтөний 2014 оны гол анхаарлаа хандуулсан үйл явдлуудын нэг байлаа.

Асар их цэрэг зэвсэг, хөрөнгө мөнгө, олон улсын харилцааны эрсдлүүдийг дагуулан байж Иракийг эзэлсэн, улмаар илбэн тохинуулж (Америкийн удирдагчдын хэлдэг үгээр) эцэст нь цэргээ гаргамагц "Лалын улс" богино хугацааны дотор тус улсыг хяналтдаа авч эхэлсэн нь америкчуудыг сандаргасан. Улмаар АНУ-ын Газрын дундад тэнгис дэх цэргийн баазаас агаарын цохилт өгч эхэлснээр асуудал улам даамжирсан юм.

АНУ-тай мөр зэрэгцэн олон улс агаарын цохилтод нэгдсэн, үүний улмаас "Лалын улс"-ын цэргийн ажиллагаа суларч, давшилт нь зогссон боловч эргээд Сири улсад хүчтэй үйл ажиллагаа явуулж, Дамаскийг эзлэхээр давшиж эхэлсэн юм.

Ингэснээр "Лалын улс"-ын цэргүүд Сирийн засгийн газрын цэрэг болон тус улсын сөрөг хүчнийхэн, Курдын өөртөө засах улсын цэргүүдтэй тулалдаж эхэлсэн.

Тэдний харгис ширүүн, хүний ёсноос гажууд үйлдэл дэлхий нийтийг цочирдуулснаар ОХУ, Хятад зэрэг эвсэлд үл нэгдэх орнууд ч АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын агаарын цохилтыг дэмжиж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч "Лалын улс" бууж өгөхийг хүссэнгүй өрнөдийн олон сэтгүүлчийг цаазалсан, Чеченийг халдан түрэмгийлэхээр заналхийлсэн зэргээр цуст мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Малайзыг тойрсон онгоцны сүйрлүүд

Энэ онд хүн төрөлхтөнд тохиосон харамсалтай, хар бараан мөртэй үйл явдлууд Украины хямрал, "Лалын улс"-ын хэрцгийллээр төгссөнгүй. Малайзын иргэний агаарын хоёр ч онгоц сүйрч олон зуун зорчигч амиа алдсан, мөн дээрээс нь хоёрхон хоногийн өмнө гурав дахь иргэний агаарын онгоц нь сураггүй болж холбоо тасарсан үйл явдлууд хүн төрөлхтөний энэ онд хамгийн их сэтгэл чилээсэн, түгшүүртэй, эмгэнэлтэй үйл явдлын нэг байлаа.

Гуравдугаар сард Малайзын иргэний агаарын тээврийн Боинг онгоц сураггүй болж олон улсын хамтарсан баг урьд хожид байгаагүй их хүчээр, мөн л өмнө нь хийж байгаагүй аварга том эрэл хайгуулын кампанит ажил зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Ингэснээр Малайзын засгийн газраас онгоцонд явсан 12 багийн гишүүн,14 орны 227зорчигчийг амь үрэгдсэнд тооцсон юм.

Эмгэнэлт явдлаас хэдхэн сарын дараа Украины тулаант бүс нутгаар агаарын нислэг хийж явсан иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц Украины Грабово хотын ойролцоо осолдсон билээ. Амстердамаас Куала Лампурыг зорьж явсан MH17 нислэгийн дугаартай онгоцыг газраас пуужингаар харваж сөнөөсөн бөгөөдонгоцонд сууж явсан 298 хүн бүгд амиа алдсан юм.

Тэдний дийлэнх нь Нидерланд улсын иргэд байлаа. Ослын буруутан өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр. Олон таамаглал, бие биенээ буруутгасан талуудын баримт материал хэвлэлүүдээр цацагдсаар байгаа боловч өнөөг хүртэл буруутан нь тодроогүй.

Харамсалтай нь Малайзын иргэний агаарын онгоцуудад тохиолдсон сүйрэл энэ онд дахин үргэлжлэх ёстой байжээ. Өнгөрсөн бямба гаригийн өглөө Индонезоос Сингапурыг зорьсон AirAsia компанийн Airbus онгоц өнөөдрийг хүртэл холбоо тасарснаас хойш сураггүй хэвээр. Мөн л хүн төрөлхтөнд танил болсон эмгэнэлт дүр зураг, эрлийн ажиллагаа дахин анхаарлын төвд орж ирлээ.

Севол гатлага онгоцны осол

Өмнөд Солонгосын Чэжү арлыг зорьж явсан Севол хэмээх гатлага онгоц өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-нд осолдсон харамсалтай хэрэг гарч дэлхий нийтийг цочроосон билээ. Онгоцон дээр нийт 476 хүн зорчиж явснаас 295 хүн амиа алдаж, 16 хүн өнөөг хүртэл сураггүй байна. Хамгийн харамсалтай нь амиа алдагсдын дийлэнх нь Чэжү руу танилцах аялалаар явж байсан дунд сургуулийн сурагчид байжээ.

Энэхүү осол нь Өмнөд Солонгосын улс төр, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтүүдийг оруулсан байна. Ерөнхийлөгч Пак Гён Хэ ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж уг хэрэгт буруутай бүх төрийн ажилтан, байгууллагуудад хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдэж байсан юм. Үүний дараахан Ерөнхий сайд Чон Вон Хон үүрэгт ажлаасаа огцорчээ. Түүнчлэн хөлгийн ахмад Ли Жун Сеокт 36 жилийн хорих ял, хөлгийн бусад 14 гишүүнд 5-30 жилийн ял оноосон байна.

Хүн төрөлхтөнийг заналхийлсэн вирус

Энэ жил дэлхий нийтийг заналхийлсэн бас нэг зүйл бол Баруун Африкт дэгдсэн, үхлийн аюултай эбола вирус юм. Халдвар авсан хүмүүсийн 70 орчим хувь нь амиа алддаг энэхүү аймшигт вирус Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леон, Либери, Нигери, Сенегал, Конго улсуудад өргөн тархаж нийтдээ 19695 хүн халдвар авснаас 7693 нь амиа алдаад байна.

Сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд 600 орчим хүний амь эрсдээд байгаа тухай ДЭМБ мэдэгджээ. Харамсалтай нь өнөөг хүртэл эбола вирусын эсрэг эм бэлдмэл, вакцин гараагүй байгаа бөгөөд 2015 онд ч идэвхтэй хэвээр байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Энэ нь ДОХ-ын дараа орох Баруун Африкт дэгдсэн хоёр дахь үхлийн аюултай вирус болжээ.

Бразил - 2014

Хүн төрөлхтний баяр цэнгэл, дөрвөн жилд нэг удаа тохиох хөлбөмбөгийн ДАШТ энэ жил Бразил улсад амжилттай зохион байгуулагдлаа. XX дахь удаагийн ДАШТ-ийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо 1978 оноос хойш анх удаа Өмнөд Америк тивд зохион байгуулах шийдвэрийг 2003 гаргаж байжээ.

Ингээд уг сунгаанд өрсөлдөхөөр Аргентин, Бразил, Колумба зэрэг улсаад нэрээ өгсөн бөгөөд 2007 оны аравдугаар сард Бразил улс тэмцээнийг зохион байгуулах эрхийг гаргаж авчээ.

Бразил зохион байгуулалт, аюулгүй байдлын тал дээр онцгой анхаарсан бөгөөд нийт 150 мянга орчим цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажилтан энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллажээ. Түүнчлэн тэмцээнд нийт 32 улсын шигшээ баг оролцож өрсөлдсөн бөгөөд шөвгийн дөрөвт ХБНГУ, Аргентин, Нидерланд, Бразил шалгарчээ. Ингээд эцсийн шатанд ХБНГУ-Аргентин тунаж 1:0 харьцаатайгаар Герман ялалт байгуулж дэлхийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хүртсэн юм.

Эх сурвалж: Dorgio.mn

Цагаан хад гэдэг газарт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ
Цагаан хад гэдэг газарт насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.