Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал Ардчилсан Намын сонгуулийн сурталчилгаанд явж байгааг зураг хөрөгтэй нь сошиалд нийтэлжээ. Төрийн албан хаагч аль нэг улс төрийн намын талд үйлчлээд тэр тусмаа сонгуулийнх нь сурталчилгаанд явж байгаа нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл юм. Төрийн албан хаагчийн хэм хэмжээг нь тов тодорхой заагаад өгчихсөн хуультай, тэр хүрээнд л ажиллах үүрэгтэй.
Аймгийн ЗДТГ-ын дарга намын сонгуулийн сурталчилгаанд явж байгаа нь:
-Төрийн албаны тухай хуулийн 37.1.4.-т улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх;
-Улсын ИХ Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа үйлдэл болно.
Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 37.1.4-ийг зөрчсөн бол мөн хуулийн 48.1.1-д зааснаар сануулах, 48.1.2-аар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 48.1.З-т төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах заалттай. Тангараг өргөсөн төрийн албан хаагч улс төрийн намын сурталчилгаанд оролцож, албан тушаалын давуу байдлаараа иргэдийн сонголтод нөлөөлөхийг зорьж байгаа энэ үйлдэл нь Сүхбаатар аймгийн АН-ын удирдлагууд төрийн хуулийг үл хүндэтгэж, дураараа дургиж яваагийн наад захын жишээ юм. Тэд ингэж хуульгүй мэт аашилж, эрх мэдэл албан тушаалаа ашиглан хуулийг өөрсөддөө тааруулж байна. Энэ хууль бус үйлдлээ төрийн албан тушаалаар халхавчилж ямар ч арга замаар хамаагүй эрх мэдэлд хүрэхээр улайрч байна.