МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Намын дарга М.Энхболдын тавьсан илтгэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
39 минут 0 секунд
МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Намын дарга М.Энхболдын тавьсан илтгэл

МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Намын дарга М.Энхболдын тавьсан илтгэл

 

МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнд

Монгол Ардын Намын дарга М.Энхболдын тавьсан илтгэл

/2016 ОНЫ УИХ-ЫН БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН

БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ТУХАЙ/

                                                                       

Эрхэм хүндэт журмын нөхөд өө!

            Намын бүх шатны удирдах ажилтнууд аа!

            Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

            Намын ХХVII Их хурлаас хойш бид удирдах ажилтны зөвлөгөөнийг хоёр дахь удаагаа хийж байна.

Манай орны бүх аймаг, сум, нийслэл, дүүргийн намын хороодын 750 гаруй удирдах ажилтан оролцож байгаа энэ зөвлөгөөнөөр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, намын дотоод тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах талаар ярилцах юм.

            Өнгөрсөн оны 6 дугаар сард болсон намын Удирдах ажилтны зөвлөгөөнөөс хойш улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гарсан зарим өөрчлөлтийн талаар товч мэдээлье.

            “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын алдаатай бодлого, буруутай үйл ажиллагаа, хяналтгүй зарцуулсан их хэмжээний мөнгөнөөс шалтгаалж, эдийн засаг хямарч, инфляци, валютын ханш өссөн нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, иргэдийн амьдрал доройтон, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц өрийн дарамтанд орж болзошгүй байгааг манай нам 2013 оны 08 дугаар сараас хойш удаа дараа анхааруулан, шүүмжилж ирсэн.

Эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн нөхцөл байдлыг цаашид даамжрахаас сэргийлэн манай намын бүлгийн санал, шаардлагаар өмнөх Засгийн газарт хариуцлага тооцон огцруулсан билээ.

            Ардчилсан намын удирдлага болон шинээр томилогдсон Ерөнхий сайд манай намд Засгийн газарт хамтран ажиллах санал тавьсныг бид намын Бага хурлаараа хэлэлцэн олонхийн саналаар гүйцэтгэх засаглалд хамтрахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Ардын Нам Засгийн газарт хамтрахдаа дараах зорилго, чиглэлийг баримталсан билээ. Юуны өмнө улс төрийн нам, хүчнүүд үндэсний аюулгүй байдал, улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг хамтдаа даван туулах ёстой гэж үзсэн.

Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард иргэдийн амьдрал доройтсон үед  Засгийн газарт хамтарснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал зорилт гэж тодорхойлсон.

Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогын алдаа гажуудлыг засч залруулах, эдийн засаг гүнзгий хямарч, өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан.

            Монгол Ардын Нам, УИХ дахь бүлэгтэйгээ хамтран макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр 50 гаруй санал боловсруулж Засгийн газарт хүргүүлснээс 40 орчим саналыг дэмжиж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд тусган баталсныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

            Манай нам Засгийн газарт орсноор эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэлтэй болж, Засгийн газрын өрийн хязгаар, бондын хөрөнгийн зарцуулалт зэрэг сөрөг хүчин байхад хаалттай байсан зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо.

            Хөгжлийн банкны зээл, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж дуусаад байна. Төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж инфляци, валютын ханшийн өсөлтийг бууруулах алхам хийж байна. Төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, урсгал зардлыг багасгаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хязгаарлан, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгах зэрэг арга хэмжээг авлаа. Улсын төсвийн орлогыг аль болох бодитой төлөвлөж, төсвийн гадуурх хөрөнгийг төсөвт нэгтгэж тооцох болсноор төсвийн алдагдал, өрийн хязгаарыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд илүү ойртуулж улсын төсвийг баталлаа. Монгол Ардын Нам улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. УИХ дахь манай намын бүлэг Засгийн газрын өрийн хүрсэн түвшин 58,3 хувь болсон байна гэдгийг баталгаажуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийг батлууллаа.

Үүнийг буруугаар ойлгож МАН засагт хамтарснаар өр нэмсэн мэт ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд байх ёстой өрийн түвшин хууль зөрчин 58,3 хувь болсныг бодит байдлаар тогтоож, ил болгосон гэдгийг олон нийтэд зөв ойлгуулах ёстой.

МАН улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ манай улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан ил тод нээлттэй хэлэлцэж, хууль тогтоомжийн хүрээнд зөвшилцөн шийдвэрлэж эдгээр төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө байна.

Гэвч УИХ дахь Ардчилсан намын гишүүд, Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол, үзэл бодлын зөрчлөөс үүдэн эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлууд хуримтлагдан, цаг алдаж байна.

Хэрэв энэ байдлаар удаан үргэлжилбэл улс орны эдийн засаг, тусгаар тогтнолд аюул учрахад ойрхон байгааг бид сануулж ҮАБЗ-д байр сууриа илэрхийлсэн болно.

Эрхэм журмын нөхөд өө!

Улсын Их Хурал болон Орон нутгийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд ялалт байгуулах явдал манай намын ойрын зорилт, эрхэм зорилго болж байна.

Монгол Ардын Нам өнгөрсөн зуунд эх орныхоо улс төрийн тусгаар тогтнолын эх сурвалж,  баталгаа болж байсан бол Энэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын их ачааг үүрэх хариуцлага хүлээж байна.

Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, босгож чадах боломж, боловсон хүчний нөөц, ажлын туршлага зөвхөн манай намд л бий.

Дээрх шалтгааны улмаас сонгуульд туйлын хариуцлагатай чамбай хандаж, амлалтаар биш, ажлаараа ард түмний итгэлийг эргүүлж авах ёстой.

 Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн өмнөх жил гэдгээрээ 2015 оны хором бүхэн бидэнд үнэ цэнэтэй.

Зун намрын зургаан сар бидний орон нутагт ажиллах ид ажлын цаг байх ёстой. Нийт намын хэмжээнд дотооддоо сонгуулийн бэлтгэлийг хангах ажил тодорхой төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлыг бид намын ХХVII Их хурлын дараагаас эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд намын Удирдах ажилтны зөвлөгөөнөөр ч тодорхой асуудлуудыг ярилцаж, зорилт дэвшүүлснийг Та бүхэн сайн санаж байгаа.

Одоо энэ ажлаа улам эрчимжүүлж, ирэх оны сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтыг бүрэн хангаж, бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй байна.

Юуны өмнө ирэх долоон сарын хугацаанд намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулж батлах, сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж бүртгэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлого, чиглэлээ тодорхойлох, намын ухуулагч, ажиглагч нараа бэлтгэх, намын гишүүдийнхээ идэвх оролцоог нэмэгдүүлэх, нам бусчууд, дэмжигчиддээ хүрч ажиллах, ялангуяа залуучуудыг намаас зохиож байгаа ажилд татан оролцуулах зэрэг олон  ажил хүлээж байна.

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг Намын даргаар ахлуулан санхүү, мөрийн хөтөлбөр боловсруулах, хэвлэл мэдээлэл, залуучуудтай ажиллах, хот суурин газарт сонгууль зохион байгуулах зэрэг дэд хэсгүүдтэйгээр байгуулан  ажиллаж байна.

Намын удирдах ажилтны энэхүү зөвлөгөөний дараа “Бид хамтдаа” 6 сарын аяныг нийт намын хэмжээнд зохион байгуулахаар Удирдах Зөвлөл шийдвэрлэсэн.

Цаашид Сонгуулийн хуулийг боловсронгуй болгохоос эхлээд намын үйл ажиллагааг сонгуулийн “дэглэм” хэмнэлд оруулах, намын мөрийн хөтөлбөрийг улс орны хөгжлийн алс хэтийн зорилго, эдийн засгийн чадавхийг  нэмэгдүүлэх зорилтод нийцүүлэн гишүүд, дэмжигчид иргэдийн санал, санаачлагад тулгуурлан оновчтой загвараар боловсруулж хэлэлцүүлэх, олон түмний итгэл даахуйц, улс орны хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлох мэдлэг, чадвартай нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгааг шинэлэг хэлбэрээр үр ашигтай зохион байгуулах, саналын үр дүнг бодитой шударга гаргах зэрэг шил шилээ харсан харилцан хамааралтай ажлууд байна.

Улс төрийн ээлжит сонгууль эхлэхэд нэг жил, сонгуулийн хуулийн зохицуулалт хязгаарлалтын хүрээг тооцвол идэвхтэй үйл ажиллагаа явуулах долоон сарын хугацаа үлдлээ.

Иймд цаг хугацааны хүчин зүйлийг нарийн тооцож сонгуулийн хуанлийг 06 дугаар сард багтаан батлан гаргаж мөрдүүлэхээр төлөвлөж байна.

Та бүхэн холбогдох арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарвал зохино.

Ер нь зөвлөгөөнөөс хойшхи намын байгууллагын ажлыг сонгуулийн бэлтгэлийн хуваарьт ажлыг хэрхэн гүйцэтгэснээр дүгнэнэ. Сонгуулийн хууль нь намын удирдах ажилтнуудын  анхаарал тавьж, санал бодлоо илэрхийлэх ёстой асуудал.

Монгол Ардын Намын удирдлага, УИХ дахь манай намын бүлэг, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. УИХ-ын энэ хаврын чуулганаар сонгуультай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Манай намын хувьд УИХ-ын гишүүдийг аль нэг намын нэрээр халхавчлан сонгох бус харин ард түмнийхээ итгэлийг хүлээж, иргэдээсээ сонгогддог мажоритар буюу шууд сонгох хувилбарыг баримтална. Ингэхдээ нэг тойрогт нэг намаас нэг л хүн нэр дэвшүүлдэг байх нь зүйтэй гэж үзсэн. Иргэд олон түмний маань санаа бодол ч ийм байгаа.

Намын удирдлага, УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллахад сонгогч олон түмний санал, хүсэлт, захиа даалгаврын нэг нь “үзэгдэж харагддаггүй намын жагсаалт бус, өөрсөдтэй нь нүүр тулж уулздаг УИХ-ын гишүүнтэй байх”-ыг чухалчилж  байна.

Тиймээс манай намын Удирдах Зөвлөл, Намын бүлгээс сонгуулийн тогтолцоог иргэн өөрөө шууд сонгодог мажоритар байх эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж тогтоолын төслийг холбогдох хууль, журмын дагуу УИХ-ын даргад өргөн барьсан.

Намын удирдах ажилтнууд Та бүхэн намынхаа энэхүү улс төрийн шийдлийн утга учрыг ард иргэд, гишүүд дэмжигчиддээ сурталчлан таниулж, дэмжүүлэх талаар анхаарах нь зүйтэй.

Сонгуулийн тогтолцооноос гадна сонгуулийн санал тооллогын үйл ажиллагаанд автомат машиныг цаашид ашиглах уу, үгүй юу гэдэг асуудлыг иргэд, сонгогчид ярьж, байр сууриа илэрхийлж байна.

Одоогийн хуулийн төсөлд нэр дэвшигч, түүний сонгуулийн багаас хүсэлт гаргавал саналыг гараар дахин тоолно гэсэн заалт орсон байгаа нь үндсэндээ манай намын байр суурьтай нийцэж байгаа юм.

УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж, Улаанбаатар хотын удирдлагыг гартаа авсан туршлага дээрээ тулгуурлан АН-ын зүгээс УИХ болон нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулиудыг хамтад нь явуулахыг эрмэлзэж байна.

Үүнийгээ улс орныг нэг сонгуулийн хуультай болгоно гэсэн халхавч үгээр тайлбарлаж байгаа. УИХ нь улс орны хууль тогтоох дээд байгууллага, харин орон нутгийн хурал нь иргэдийн төлөөллийг оролцуулсан орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага гэсэн Үндсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн УИХ ба Орон нутгийн гэсэн уламжлалт хэлбэрээр сонгуулийг тусад нь зохион байгуулах нь зүйтэй гэсэн зарчмыг бид баримталж байна.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад анхаарах нэг чухал асуудал нь  шат шатны сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал юм. Сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа намын гишүүд, ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлэн, олон түмний санал дүгнэлт, судалгааг үндэслэн сонгон шалгаруулж байх Намын үндсэн дүрмийнхээ шаардлагыг хэрэгжүүлж ажиллана. Одоо сонгуульд нэрээ дэвшүүлэх нь олонд танигдаж тодрох, сонгогдох хүнээ таньж товлох богинохон хугацаа үлдэж байна.

Сонгуульд нэр дэвшихэд аль нэгэн даргад биш Ард түмэндээ найдаж, наашаа биш сонгогчид руу нүүрээ харуулж ажиллах хэрэгтэй шүү.  

Бид намын хамт олны саналыг тусгаж хэрэгжүүлээгүйгээс өмнөх сонгуульд нэг бус тойрогт оновчгүй нэр дэвшүүлж алдсанаа давтаж болохгүй.

Шинээр нэр дэвшигчдээ сонгогч олон түмэндээ таниулах, сурталчлах үүрэг намын байгууллагууд, намын удирдах ажилтнууд Та бүхний өмнө байна. Хуучин нэр дэвшиж байсан хүмүүсийн хувьд ч амаргүй сонгууль байх нь дамжиггүй.

 Ирэх оны  01 дүгээр сарын 01-нээс эхлэн Сонгуулийн хууль үйлчлэн сонгогч, ухуулагч, хэвлэл мэдээлэл, нэр дэвших хэн бүхэн сонгуулийн хуулийн эрх зүйн орчинд орж, хуулиар “амьсгалж”, хуулиар амьдрах болно.

Шат шатны сонгуульд нэр дэвшүүлж болох хүмүүсийг тодруулахдаа тэдний рейтингийн судалгааг гаргаж, намын байгууллагын хурлаараа хэлэлцэж, саналаа Удирдах Зөвлөлд ирүүлбэл зохино.

Намын гишүүд бол бидний сонгууль зохион байгуулах ажлын үндсэн суурь, тулгуур мөн. Намын гишүүдийнхээ итгэл үнэмшил, үнэнхүү сэтгэл зүтгэл дээр суурилсан, намын үүрийн гишүүн нэг бүрийг бүрэн хамруулсан, мэдээлэл түгээх, ухуулга сурталчилгаа хийх, эргэх холбоо бүхий сүлжээг үүсгэн зохион байгуулж, түүн дээрээ суурилсан идэвхтэй үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарал төвлөрүүлмээр байна.

Намын гишүүд, дэмжигчидтэйгээ зөвлөлдөх, тэднийхээ санал бодолд тулгуурлах, тавигдаж буй зорилт, хөтөлбөрөө тодорхойлох, хэрэгжүүлэхэд тэднийг жигд татан оролцуулахад анхаарч, гишүүд, дэмжигчдийн идэвхийг сэргээх шаардлага байна.

Сонгуульд бэлтгэхдээ аль ч түвшний намын байгууллага урьд өмнө нь намын болон сонгуулийн ажилд оролцож байсан туршлагатай хүмүүсээ ажилд татан оролцуулах хэрэгтэй.

Тэдний мэдлэг, туршлагаас гадна намаа гэсэн чин сэтгэл, ар гэр, ахан дүүсийнх нь  дэмжлэг, итгэл үнэмшил бидэнд үлэмж тус дэм болно.

Түүнчлэн нутаг дэвсгэрийнхээ сонгогчдын дэлгэрэнгүй судалгаа улс төрийн чиг хандлага, нийгмийн бүлэг, насны байдал, тухайн сонгогчид тулгамдаж байгаа асуудлуудаар нарийвчлан гаргаж, тэдэнтэй ажиллах арга, тактикаа боловсруулж, бүх талын мэдээлэл судалгаатайгаар, зорилтот бүлгүүдэд нөлөөлөх төрөл бүрийн арга хэлбэрийн ажлыг одооноос эхлүүлбэл зохино.

Намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, идэвх санаачлагыг нь өрнүүлэн, орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулж ажиллах нь иргэд, сонгогчдод илүү хүрч, тэдний дэмжлэгийг авах өргөн боломж олгоно.

Намын дэргэдэх ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутны байгууллагууд ч сонгуульд чиглэсэн бодлого, хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцээ тодорхой болгож, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр манай улсын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлж байна. Бид залуучууддаа хүрч ажиллаж чадахгүй байгаа, тэдний дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа нь манай намын нэг сул тал болж байгаа юм.

Иймд залуу гишүүд, дэмжигчидтэйгээ ойр ажиллах, олонд танигдсан залуучуудыг үйл ажиллагаандаа өргөнөөр татан оролцуулах, ахмад үеийнхний ажил амьдралын баялаг туршлагаас  хуваалцах, тэдэнд улс төрийн бодит мэдээлэл өгөх, сонгуулийн тухай мэдлэг, боловсрол олгоход  анхаарвал зохино.

Залуучуудыг намын үйл ажиллагаанд өргөн оролцуулах хамгийн сайн арга нь тэдэнд урам өгч, итгэл, хариуцлага хүлээлгэж, чөлөөт үйл ажиллагаагаар хангах явдал юм. Энэ хүрээнд намын үүр, хороодын дэргэдэх сайн дурын үүсгэл санаачилга бүхий мэргэжил, сонирхлын бүлэг, клуб, хамтлаг байгуулж ажиллуулах зэрэг арга хэлбэрүүдийг өргөн ашиглах нь зүйтэй.

Сонгуульд оролцогч намууд өрсөлдөгчөө шинжиж үзэх нь зүй ёсны асуудал юм. Та бүхэн ч улс, аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ нэр дэвшихээр бэлтгэж байгаа өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдийг тандах, судлах, харьцуулан дэнсэлж үзэх хэрэгтэй. Орон нутагтаа өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийн зохион байгуулалт, үйл ажиллагааны арга барил, түүний сул болон давуу тал, санхүү, хөрөнгийн эх үүсвэр, намын гишүүдийнх нь болон түүнийг удирдаж байгаа хүмүүсийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулж, өрсөлдөгчдийнхөө нөөц боломж, чадавхийг мэдэрч, тэдэнд тохирох үйл ажиллагааныхаа хэлбэрийг сонгож, ажлын арга барил, тактикаа боловсруулбал зохино.

Саяхан Нийслэлийн Монгол Ардын Намын хороо байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг Нийслэлийн намын хорооны хамт олон өргөн дэлгэр, амжилттай сайн зохион байгууллаа. Ойгоо угтаж бүтэн хоёр сар гаруйн хугацаанд нийслэл, дүүргийн намын байгууллагуудаас нийтийг хамруулан зохион байгуулсан арга хэмжээнүүд нь намын гишүүд, дэмжигчид төдийгүй олон түмний санаа сэтгэлд нийцсэн талаар сайхан мэдээнүүд олон байна. Манай улсын хүн амын тэн хагас нь дангаараа оршин суудаг Улаанбаатар хотын сонгогчдод хүрч ажиллах амаргүй.

Саяхан манай намын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга хотын 152 үүрийн дарга нарт сар бүр урамшуулалт цалин олгох асуудлыг бүтэн жилээр нь шийдвэрлэлээ. Нийслэлийн сонгогч иргэдэд хүрч ажиллах улс төрийн ажлаа энэ мэт бие даан эрчимтэй өргөн далайцтай өрнүүлж ажиллахыг Нийслэлийн намын хороо болон Улаанбаатар хотод байгаа намын нийт сонгуульт ажилтнууддаа даалгаж байна. Нөр их хөдөлмөр, хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулж байж сонгуулийн ажлын бэлтгэл хангагдана. Энэ олон хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг үр дүнд хүргэх нь туйлын том хариуцлага юм.

Энэ утгаараа аймаг, нийслэл, сум, дүүргийн намын сонгуулийн штабыг удирдах бүрэлдэхүүн, сонгуулийн менежерүүд, сонгуулийн сурталчилгааны үед ажиллах намын ухуулагч, шадар туслагч, ажиглагч нар, сонгуулийн санал хураах, санал тоолох ажлыг зохион байгуулах сонгуулийн хэсэг, тойргийн хорооны бүрэлдэхүүнийг их хариуцлагатай сонгон шалгаруулж авахад онцгой анхаарах хэрэгтэй.

Энэ хүмүүс хэрхэн ажилласнаас сонгуулийн эцсийн үр дүн, бидний хувь заяа  шалтгаалах  болно. Намдаа үнэнч, туйлбартай, тэмцэх чадвартай, илтгэх, ярих өндөр ур чадвар эзэмшсэн, нэр хүндтэй хүмүүсийг одооноос сонгон шалгаруулж, тэднийг сонгуулийн хууль тогтоомж, шаардлагатай бүхий л мэдээллээр байнга, тасралтгүй хангаж, сургаж дадлагажуулж, тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна.

Эрхэм журмын нөхөд өө!

            Намын дотоод ажлын нааштай эхлэл, зарим асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр хөндөж ярих нь зүйтэй гэж үзэж байна.

            Өнгөрсөн зөвлөгөөнөөс хойш нэг жилийн хугацаанд намын байгууллагуудын ажилд тодорхой ахиц гарлаа. Юуны өмнө Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл, УИХ дахь Намын бүлгийн хамтын ажиллагаа өргөжин ойртон нягтарлаа. Намын бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж, хууль, тогтоомжийн төслийн талаар санал, зөвлөмж гаргах, намын гишүүд, дэмжигчдийн саналыг тусгахад  анхаарч  үр дүнд хүрч байна. Намын Бага хурлын II хуралдаанаар улс төрийн намын бодлого, үйл ажиллагааг судалгаа шинжилгээнд суурилан явуулах зорилгоор Та бүхний саналыг тусган боловсруулсан Намын дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг баталлаа.

            Монгол Ардын Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын Удирдах Зөвлөлийн гишүүд, УИХ-д манай намаас дэвшиж сонгогдсон гишүүд 21 аймгийг 2-3 удаа тойрч, намын гишүүд дэмжигчид, иргэд, сонгогчидтой уулзаж, илэн далангүй ярилцлаа. Өнгөрсөн зуны гурван сарын хугацаанд 120 гаруй сумыг хамарсан арга хэмжээ зохион байгуулж, “Нэг баг, нэг зорилго” уриан дор аймаг бүхэнд намын Удирдах ажилтны зөвлөгөөн, мөн бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийсэн.

Аймгуудыг зүүн, баруун, төв, хангай, нийслэл гэсэн таван бүсэд хуваан, намын Удирдах ажилтны зөвлөгөөн хийж, намын байгууллагын удирдах 1300 шахам ажилтнууд оролцож улс орны улс төр, нийгэм-эдийн засгийн амьдралд үүссэн ээдрээтэй нөхцөл байдал, түүнээс гарах арга зам, гарц, үүнд Монгол Ардын Намын гүйцэтгэх үүрэг, байр суурь, цаашид УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хөндөн хэлэлцэж санал бодлоо солилцлоо.

Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороод идэвхтэн сонгуультны зөвлөгөөнөө хийж, нийт 3 мянга гаруй хүнийг хамруулав.

            Нийслэл хотын дүүргүүдэд Намын Удирдах Зөвлөл, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, нийслэлийн ИТХ дахь намын бүлгийн удирдлагууд тогтмол ажиллаж, иргэдийн санал бодлыг тусган ажилдаа хэрэгжүүлж байна.

Тухайлбал, энэ оны эхээр намын Удирдах Зөвлөл, УИХ дахь намын бүлгийн гишүүд, нийслэлийн Монгол Ардын Намын хороо хамтран “Иргэдийн цаг” уулзалтуудыг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгийн 27 сумдад зохион байгуулав.

            Манай нам анхдугаар Үндсэн хууль баталсан болон Улс тунхагласны 90 жилийн ой, эх орны дайны аугаа их ялалтын 70 жилийн ой зэргийг ёслол төгөлдөр тэмдэглэж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө явуулсан Монгол Ардын Намын үйл ажиллагааг залуу үедээ сурталчлан таниулах олон  ажлыг зохиолоо.

            Манай нам улс орны ирээдүйн их ачааг нуруундаа үүрч чадах, итгэл даах хүний нөөцийн бүрэн чадавхтай улс төрийн хүчин. Цаашдаа залгамж халаагаа бэлтгэхэд ч онцгой анхаарч, намын ажилтнуудаа сургах, давтан сургах, намын залуу гишүүдэд улс төрийн мэдлэг чадвар олгох зорилгоор хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, намын боловсон хүчнийг сургах, давтан бэлтгэх хүрээнд “Жонон” дээд сургуульд бакалавр, магистрантурт тус бүр 50 хүн, Эдийн засгийн үндэсний дээд сургуульд удирдлагын чиглэлээр 150 хүн, Удирдлагын академид 50 хүн суралцаж байна.

Мөн Стратеги академитай хамтран “Манлайлал-500” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 330 сум, нийслэлийн 152 хороонд сонгуулийн үед идэвхтэй ажиллах 500 залууг бэлтгэж байна.

Намын залгамж халааг бэлтгэх, тэднийг өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсроход дэмжлэг үзүүлж, мэдлэг боловсролтой боловсон хүчнээр намынхаа эгнээг өргөтгөх зорилгоор Хятадын Коммунист Нам, БНСУ-ын Сэнүри нам, Австрали, Английн Хөдөлмөрийн намуудтай хамтран намын  шинэ залуу боловсон хүчнийг сургах ажлыг эхлүүлээд байна.

            Энэ оны 11 дүгээр сард  ОХУ-ын “Нэгдсэн Орос орон” намтай уламжлалт харилцаагаа сэргээх дээд хэмжээний уулзалтыг Москвад зохион байгуулахаар тохиролцоод  байна.

            Монгол Ардын Намын даргын санаачилсан Улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын Үндэсний зөвшилцөл уулзалтуудыг уламжлал болгон зохион байгуулдаг болж, энэ нь намуудын харилцан ойлголцол бий болгоход тус дөхөм үзүүлж байна.

            Бид намын гишүүдийнхээ бүртгэлийг орчин үеийн технологид тулгуурлан бүрэн шинэчлэх ажлыг эхлэх гэж байна. Энэ шинэчлэлийг хийснээр, Та бүхний ололт амжилт, хичээл зүтгэлийг нам бүх түвшинд үнэлэх боломж бүрдэж намын боловсон хүчний бодлогод өөрчлөлт гарна хэмээн найдаж байна.

            Манай нам нийгмийн тодорхой бүлэг давхрагад хүрч ажиллахыг эрмэлзэж байна. Энэ бүхэнд намын дэргэдэх НАМЗХ, ахмадын болон эмэгтэйчүдийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Бид хоорондоо эе эвийг эрхэмлэж, дотооддоо сахилга батыг чандалж чадвал ялалт байгуулж чаддагийн жишээ нь өнгөрсөн онд Хөвсгөл аймагт, саяхан Говьсүмбэр аймагт болсон орон нутгийн сонгуулийн үр дүн юм. 2014 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн 7 тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулийн 5 тойрогт нь Монгол Ардын Намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан бол энэ оны 4 дүгээр сард Говьсүмбэр аймгийн 4 тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Орхон аймгийн 3 тойргийн багийн даргын сонгуульд мөн Монгол Ардын Нам ялалт байгуулсан. Эдгээр ялалт байгуулсан журмын нөхөддөө болон эв эеийг хичээж, сахилга батыг эрхэмлэн ажилласан Хөвсгөл, Говьсүмбэр, Орхон аймгийн намын хороодын хамт олонд баяр хүргэе!

Үүний зэрэгцээ эв нэгдэлгүй байдлаасаа болж өнөөдөр зарим аймгийн намын хороодод талцах бүлэглэх, харилцан үл ойлголцох хандлага газар авч, сонгуулийн үр дүнгээ баталгаажуулж чадахгүй байх, олонх болох боломжоо алдах, урваж шарвах, сөрөг хүчинд Засаг даргын суудлаа өгөх, ингэснээр гишүүд, дэмжигчдийн урмыг хугалж, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх зэрэг хариуцлагагүй явдал гарч байна.

Аймаг, орон нутгийн удирдлагууд хоорондын таарамжгүй харилцаа, зөрчил маргаан, цөөн хэдэн хүний хувийн эрх ашгаас үүдэн намын эрх ашгийг хохироосон ноцтой алдаа Говь-Алтай, Дундговь, Завхан, Дорнод  зэрэг аймгуудад гарлаа.

Намын удирдах зөвлөл Дорнод аймгийн намын хорооны дарга, Завханы ИТХ-ын даргад хариуцлага тооцон албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин Дорнод аймагт алдаагаа залруулан аймгийнхаа засаг дарга удирдлагыг намдаа авсан байгаа.

Намын олон мянган гишүүдийн итгэлийг эвдэж, зүтгэлийг үл ойшоож хувийн  эрх ашиг, маргаанаас болж намын эрх ашгийг хохироож, сонгогчдын намд өгөх итгэлийг алдагдуулж байгаа явдалтай Та бид хэрхэвч эвлэрч болохгүй.

Манай нам Засгийн газарт хамтрахдаа Монгол Ардын Нам боловсон хүчний нөөц, чадавхийн хувьд бусад улс төрийн намаас илүү гэдгийг харуулах бас нэг зорилго байсан. Гэтэл энэ зорилго төдийлөн сайн биелэхгүй байна.

Манай намаас томилогдсон сайд, дарга нарын удирддаг яам, байгууллагын үйл ажиллагаа бусад салбарынхаас эрс ялгарч чадахгүй байна. Манай намаас сонгогдож, томилогдсон зарим албан тушаалтнууд төрийн албанд ах дүү, төрөл садан, танил талаа томилж, АН-ын алдаа завхралыг давтаж байгаа нь ард түмний дургүйцлийг хүргэж, намын нэр хүндийг унагаж, аль ч нам нь ялгаа алга гэсэн яриа гарахад хүргэж байгаа талаар мэдээлэл ирэх боллоо.

Үүнийг мэдсээр байж  ярихгүйгээр, засахгүйгээр сонгуульд орох нь аз туршсан хэрэг болно. Монгол Ардын Нам бусадтай адил аль нэг компанийн эсвэл гэр бүлийн нам биш, Ард түмний нам 90 жилийн түүхээр бүтээсэн энэ имижээ хадгалж, хайрлаж, бахархаж явах учиртай.

Намаас төрийн албанд томилогдсон бүх хүн ёс зүйтэй байж, аливаа ёс суртахууны зөрчлөөс сэргийлж байвал зохино.

Ялангуяа намаас сонгогдож, томилогдсон албан тушаалтнууд албан тушаалын болон авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож хэрхэвч болохгүй гэдгийг хатуу анхааруулж байна.

Ёс зүйн зөрчил гаргасан буюу албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хэн ч болов намын болон хуулийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг.

Зөрчил, маргаан, эв нэгдэлгүй байдал зөвхөн аймаг, дүүргийн намын хороодод бус намын дэргэдэх төрийн бус байгууллагын дунд ч өрнөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Аймаг, дүүргийн төрийн бус байгууллага нь намын хороотойгоо харилцан ойлголцож чадахгүй түвшинд хүрсэн газрууд цөөнгүй байна.

Намын дэргэдэх байгууллагын удирдлагууд маань тухайн шатны намын бодлого, шийдвэрийг дэмжиж, хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах ёстой бөгөөд, намын хорооны удирдлагууд ч намын дэргэдэх байгууллага болон өөрт харьяалагдах намын бүх шатны байгууллагуудын эв эе, ажлын уялдаа холбоог хангах үүрэгтэйг умартах ёсгүй.

Саяхан нийслэл хотын 30 шахам залуучууд надтай уулзаж юу хийх, яаж ажиллах намдаа хэрхэн туслах тухайгаа ярьж байсан. Гэтэл өнөөдөр тэд хэн нэгнийгээ халах, солих тухай хэвлэл мэдээллээр ярьж байна.

Энэ бол НАМЗХ-ны удирдлага учраа олж ажиллаж чадахгүйн хор уршиг орон нутагт хэрхэн нөлөөлж байгаагийн тод жишээ юм.

Удирдлагын хэдхэн хүмүүсийн учраа ойлголцохгүй байгаагаас болж олон жил МАН-ыг дэмжиж үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бидний байгуулсан байгууллага талцан хагарч нэр хүнд нь унаж байгаад харамсаж байна.

Нэг намын, нэг байгууллагын хамт олон нүүр нүүрээ харан асуудлаа шийдэхийн оронд хэвлэл мэдээллээр бие бие рүүгээ дайрч байгаа нь байгууллагын нэр хүнд, цаашлаад намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй нь дамжиггүй.

Сонгууль дөхсөн энэ хариуцлагатай үед дотроо эв эеэ олж, харилцан ойлголцож чадахгүй байгаа ийм байгууллага намдаа тус нэмэр болж, дэмжлэг үзүүлж чадах уу? Өнөөдрөө биш, ирээдүйгээ харж их ялалтын төлөө эв эеийг хичээн хамтарч ажиллахыг намын даргын хувьд, байна.НАМЗХ-г анх үүсгэн байгуулалцсан хүний хувьд залуучууддаа анхааруулж, бас хатуу үүрэг өгч 

Эрхэм журмын нөхөд өө,

Улс төрийн нам хэвлэл мэдээллийн ач холбогдлыг үнэлж, “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэдэг гүүрээр ард олонтойгоо холбогдон олонхийн дэмжлэгийг авч, ялалт байгуулдаг.

Иймд бүх шатны намын байгууллагууд намын бодлого, үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэх, таниулан түгээх ажлаа хурдтай, далайцтай, чанартай хийх  ёстой. Бид хэвлэл мэдээллийн чөлөөт, хараат бус зарчмыг хүндэтгэн энэ салбарт анхаарлаа хандуулж мэдээллийг ил тод, тэнцвэртэй, шуурхай хүргэж ажиллахыг зорьж байна.

Телевиз, сонин сэтгүүл, радио зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгслээс гадна мэдээллийн вэбсайтууд, нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдэд бодит үнэнийг мэдээллэх, улс орны чухал асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргахад оролцож байдгийн хувьд манай нам өөрөө мэдээллийн эх сурвалж мөн.

Улс төрчид, намын удирдах ажилтнууд олон нийттэй харилцаж ирсэн арга барилаа өөрчилж, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан цахимаар олон нийттэй харилцах арга барилд суралцах нь зүйтэй.

Ингэснээр та бүхний хийж буй үйл ажил, хэлж буй үг яриа олон түмэнд хэр үнэлэгдэж, ямар дэмжлэг авч байгааг шууд мэдэхээс гадна, тухайн мэдээлэлд хандах хүмүүсийн хандлагыг тодорхойлж, эргэх холбоог үүсгэх, үйл ажиллагаандаа цаг алдалгүй өөрчлөлт хийх, алдаагаа хурдан засах зэрэг олон давуу талтай.

Цахим орчинд нийгмийн сүлжээг ашиглан дэмжигчдийн нэгдлийг нэг дор төвлөрүүлж, санал хүсэлтийг нь сонсож мөрийн хөтөлбөр, бодлогодоо тусгах, ард олны намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломж ч байна. 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нь зөвхөн намын төв аппаратын  хийх ажил бус орон нутгийн намын байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллахад цаг, хөрөнгө хүч зарж, намын Хэвлэл мэдээллийн албатай нягт уялдаатай байж, мэдээ, мэдээллээ олон нийтэд шуурхай хүргэхэд анхаарах  хэрэгтэй. Хамгийн чухал нь хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил сонгуулийн үеэр л “буцалдаг” биш, бүхий л цаг үеийн турш тасралтгүй идэвхтэй ажиллаж гэмээнэ амжилт авчирна.

            Эрхэм журмын нөхөд өө!

             Монгол Ардын Нам 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд цөөнх болсон хэдий ч эв нэгдэлтэй, ухаалаг байж чадвал ялагдал нь их сургамж, дараагийн ялалтын угтал байдаг шиг бид олон зүйлд суралцаж, алдаагаа засч ирлээ.        

Бид шинэчлэлийг бодлогын түвшинд хийхээс гадна, намын гишүүд, дэмжигчдэд хандсан, илүү нээлттэй, дотоод ардчиллыг дэмжсэн, шударга, мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлсэн, илүү хүчирхэг бүтэц бүхий улс төрийн намыг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна.

            Намын дотоод ардчиллыг бий болгож, шударга тогтолцоог бүрдүүлснээр намын шинэчлэл биеллээ олох болно. Монголчууд нэгдэж, эвлэрч чадвал ямар агуу их хүчтэй болохыг түүх  гэрчилнэ. Одоо бид олон нь нэг хүн шиг эв нэгдэлтэй, нэг нь олон  шиг эрч хүчтэй байж, нэгэн зорилгоор эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэх цаг ирлээ. Монгол Ардын Намын бүх шатны байгууллагын удирдах ажилтан, идэвхтэн сонгуультан, та бүхэн маань манай намын уураг тархи, урагшлах хүч, шударга үнэний дуу хоолой, сонсох сонор, харах мэлмий, тулах цэг билээ.

Сонгуулийн гараа, бариа хоёр ойрхон байна.  Ардын нам барианд түрүүлж ирэхийг ард түмэн хүлээж байна. Бид ахин алдвал эх орноо, эрх чөлөөгөө алдах болно. Та бүхэндээ итгэл найдвар өгч, сэтгэл гарган алдаа оноо, амжилт бүтээлээ харамгүй хуваалцлаа. Алдаагаа засаж, амжилтаа бататгаж их ялалтын төлөө нэгэн дуугаар уухайлах цаг боллоо.

  &am

АТГ-аас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ
АТГ-аас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.