УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Ойрын өдрүүдэд намууд нэр дэвшигчдээ эцэслэн зарлана. Сонгогчид хоёр том нам аль тойрогт, хэнийг нэр дэвшүүлэх нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж, хүлээж байна. Хамгийн гол нь иргэд нэр цэвэр, тендер, концессын асуудалд нэр холбогдоогүй, шударга хүмүүсийг төрд гаргах сонирхолтой байгаа. Гэтэл зарим тойрогт тендерийн асуудалд гүн гүнзгий хутгалдсан хүмүүс нэр дэвшихээр улайрч эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэллээ. Тухайлбал, Өвөрхангайн гурван мандатын нэгийг тус аймгийн Засаг дарга Г.Ганболд авахаар зүтгэж эхэлж. Гэтэл энэ хүн Өвөрхангайд тендер болгоныг хамдаг гэх хэл аманд орооцолдсон. Хэл аманд орооцолдох ч юм байх вэ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой баримттай цацчихаад байна. “Цензургүй сурвалжилга” баримтыг нь барьж очоод, амыг нь асуучихсан. Тендерийн үнэлгээний хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулдаг. Гэтэл 2017 оноос хойш зарлагдсан нийт тендерүүдийн 70 гаруйнх нь үнэлгээний хороог байгуулахдаа аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан Ш.Авирмэд гэдэг нөхрийг оруулсан байгаа юм. Үнэлгээний хороо байгуулсан захирамж нь Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа юм билээ. Ш.Авирмэд гэгч нь тендерийн үнэлгээний хороонд орохдоо “Бүтээлч хөгжлийн хөтөч” гэдэг ТББ-ын төлөөлөл болсон гэх. Хамгийн сонирхолтой нь түүний “гарын хүн” Ш.Авирмэд тэр ТББ-д нь ажилладаггүй. Энэ жинхэнэ но. Цаашлаад жолоочийнхоо нэр дээр компани байгуулж, тендерт оролцож, давуу байдалтайгаар авсан байх магадлалтай. Хүүхдийн тоглоомын газраас хумсалж, хувийн компанид шилжүүлсэн асуудал ч сөхөгдсөн. Энэ бүхэнд нь дургүйцсэн нэгэн иргэн түүнийг АТГ-т хүртэл өгсөн. Шударга ёс ялах болтугай гэж олон хүн залбирч байна. Гэтэл энэ бүхний мөрөөр түүнийг шалгаж байгаа хууль, хяналтын байгууллага байна уу. АТГ-аас шалгаж эхэлсэн эсэх нь ч мэдэхгүй л байгаа. Харин “тендерчин” Засаг дарга сонгуулиар нэр дэвшиж, бүрэн эрхийн ард нуугдаж, хариуцлагаас зугтах аргаа хайж эхэлж. Парламентад одоо сууж байгаа олон хүн тендер, концессоос авахуулаад авлига, хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон. Заримыг нь шалгах гээд чадахгүй байна. Олон жил төр сандайлсан томчууд гишүүнийхээ суудлаас буухгүй үхэн хатан зуурч байгаа нь тэд гэм буруугаа шалгуулахгүй гэж бүрэн эрхийн ард нуугддагтай холбоотой талаар хэвлэлүүд хэдэн 10 жил бичлээ. Одоо бүр тендер цохьсон нөхдүүд саарал ордонд орж, УИХ-ын гишүүн болж, бүрэн эрхийн цаана нуугдан, хуулийн байгууллагад шалгуулахаас зугтдаг болох нь. Энэ арай дэндэнэ ээ. Төрийн ордон гэдэг бодлого уралдуулж, улс залж суух ёстой газар болохоос гэмээ нуух гэсэн томчуудын гарахгүй шигддэг, орох гэж дайрдаг газар биш.