Иргэн Б.Цогтгэрэл төрийн байгууллагуудын "Шилэн данс"-нд аудит хийж, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар ашиглаж байгаа албан тушаалтнуудын үйлдлийг илчилж, хариуцлага тооцуулж эхлээд байгаа билээ. Өнгөрсөн баасан гаригт Эрдэнэт үйлдвэртэй холбоотой баримтыг дэлгэснийг манай сайт мэдээлсэн.
Тэрээр өнөөдөр өөрийн твиттер хаягаар дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрийн шилэн дансыг шалгах явцдаа илрүүлсэн ээлжит зөрчлүүдийг ил болголоо. Тухайлбал, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий ба удирдлагын зардал 2019 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оноос 30,863,077,355 төгрөгөөр өсжээ. Энэхүү 30.8 тэрбум төгрөг гэдэг нь нэг сард хуваавал 2.5 тэрбум төгрөг, ажлын өдөрт тооцвол Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд нэг өдөрт 100 сая төгрөгийн зарлагатай ажиллаж байна гэсэн үг юм. Мөн Эрдэнэт үйлдвэрт 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр 440 сая төгрөгөөр “Toyota Lexus 570” маркийн автомашин худалдан авч, уг машинд 8.415 сая төгрөгөөр хамгаалалтын хуулга наалгасан байна.
Эргэн сануулахад, баасан гаригт Эрдэнэт үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн 520 сая төгрөгөөр Мерседес бенз "G-Class" маркийн авто машин худалдан авахаар захиалга өгсөн, Х.Бадамсүрэн нь үйлдвэрийн 102 сая төгрөгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн, 52 сая төгрөгөөр массажны сандал авсан, 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан зэрэг баримтуудыг дэлгэж, хариуцлага хүлээхийг шаардсан. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал Д.Дэлгэрбаяр байгууллагын 219 сая төгрөгийг хувийнхаа эмчилгээнд зарцуулсан”, “Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбат Хадгаламжийн даатгалын корпорацаас 45 сая төгрөгийн байрны нөхцөл сайжруулах дэмжлэг авсан” зэрэг асуудлуудад хариуцлага тооцохыг шаардаад байгаа юм.
Иргэн Б.Цогтгэрэл “Эрдэнэт” үйлдвэрийн шилэн дансыг нягталж, тус ТӨХК-ийн удирдлагуудын баримтыг ил болгосны дараагаар тус үйлдвэрийн шилэн дансанд байршсан тодорхой мэдээллүүдийг устгаж, гүйлгээний утгуудыг өөрчлөх оролдлогыг хийсэн байна. Хуулиар шилэн дансанд орсон мэдээлийг устгах, утгыг нь өөрчлөх боломжгүй бөгөөд хориглосон байдаг байна.
itoim.mn