Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11а анги 38 хүүхэдтэй. Энэ ангид олимпиадын медальгүй сурагч нэг ч байхгүй. Аймаг бүсийн болон улсын олимпиадуудад энэ ангийнхан олон төрлийн хичээлээр өрсөлдөж жил бүр амжилтаа ахиулдаг юм байна. Ангийнхаа энэ амжилтын тухай 11а ангийн сурагч Л.Лхасүрэнжав ярихдаа “Манай ангид олимпиадын медалгүй нэг ч хүүхэд байхгүй. Бид бүгд өөр өөрийн сонирхлын дагуу хичээлээ сонгож олимпиадад ордог. Миний хувьд математикийн аймгийн олимпиадад түрүүлээд улсын олимпиадаас хүрэл медал авсан. Бас бүсийн олимпиадуудад хэд хэдэн удаа түрүүлж байсан. Маш их бэлддэг. Өдөрт найм, есөн цагаар бэлддэг. Хамгийн гол нь албадлагаар биш өөрөө хүсч байгаа учраас ингэж бэлдэх нь надад дарамт болдоггүй” гэсэн юм.
Эрдмийн далай сургуулийн хүүхдүүд жил бүр улсын олимпиадаас 6-7 медаль хүртдэг. Энэ сургуулийн амжилтын нууц бол багш нар нь хамтарч хөтөлбөрөө боловсруулдагт л оршиж байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн сургуулийн захирал удирдлагууд ирж эндээс туршлага судалсан. Мөн нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүрэг болон Говь алтай аймгийн бүх багш нар ирж “Эрдмийн далай” сургуулийн заах арга барилаас суралцжээ. Эрдмийн далай цогцолбор сургуулийн төгсөгчдийн 97-98 хувь нь Монголын топ таван сургуулийн хуваарийг авч чаддаг байна. Тиймээс энэ сургуулийн багш нараас суралцах зүйл их бий. Тус сургуулийн багш нар нийтдээ 50 гаруй “Сайн хичээл”-ийн арга барилыг боловсруулсан. Одоо СиДи болгон хэвлүүлж сургуулиудад тараахаар төлөвлөж байгаа юм байна