Панамын баримтууд дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг “Бату майнинг” компанийн нэр байгаа гэх мэдээлэл бий. Тус компани нь Оросын хөрөнгө оруулалттай бөгөөд хойд хөршийн тэрбумтан Олег Дерипаскагийн эзэмшлийнх аж. Сонирхолтой нь Ерөнхий сайд асан Сү.Батболд мөн тус компанид хувь оролцоотой гэсэн мэдээлэл байгаа юм. Ер нь бол “Бату майнинг” компани Монголын уул уурхайн салбарт олон лицензийг мэдэлдээ авсан гэдгээрээ тодотгогдож байдаг. “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж явсан, өдгөө гадны оронд бүгэх болсон Б.Энэбиш нь “Бату майнинг” ХХК-ийн захирал байсан юм. Тэрбээр “Бату майнинг” ХХК-ийн Монгол талын захирлын албан тушаалыг хашиж байхдаа Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Завхан, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар зэрэг есөн аймгийн нутаг дэвсгэрт 187 ширхэг ашигт малтмалын лиценз эзэмшсэн гэгддэг. Тэгэхдээ тэдгээр лиценз нь Жон Даглас Макгей гэх гадаадын иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Жинхэнэ эзэн нь бол Олег Дерипаска болоод Сү.Батболдын хамтрал байж болзошгүй гэж харагдаж байгаа юм.
Дашрамд, О.В.Дерипаскагийн тухай товч өгүүлэхэд 1990 оноос бизнесийн гараагаа эхлүүлсэн тэрбээр 1994 онд “Алюминпродукт” компани байгуулж, ах дүү Лев ба Михайл Черный нартай хамтарч Хакасын Саяногорскийн хөнгөн цагааны үйлдвэрийг аваад ерөнхий захирал нь болсон байдаг. Харин 3 жилийн дараа “Сибирский алюминий” хэмээх постзөвлөлтийн үеийн том үйлдвэр-компанийг өөрийн болгож 2001 онд “Базовый элемент” компаниа байгуулжээ. Цаашлаад Оросын хөнгөн цагааны цогцолбор байгуулахаар ажиллаж, бизнесийн бусад салбарт ч хөл тавьжээ. Барилгын архитектур, нисэх, автомашины үйлдвэрлэл, төмөр замын зүтгүүр, ачааны вагон засвар үйлдвэрлэл гээд л том гэсэн бүхэнд оролцох болсон байдаг.2010 оноос түүний “Русал” компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн байдаг.
Тэрбээр Оросын хамгийн баян хүмүүсийн эхний байруудад байнга бичигддэг бөгөөд “Форбес”-ын дэлхийн баячуудын жагсаалтад 171-д эрэмбэлэгдээд байсан юм. За харин тэр чухам яагаад Монгол руу хараагаа бэлчээн, улмаар хөл тавих болсон бэ гэхээр Тавантолгойн төмөр замыг тавих гол санхүүжилтийг О.Дерипаска гаргана гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан билээ. Тодруулбал, “Тавантолгой” төсөлд оролцох саналаа ирүүлсэн Оросын талын хамтарсан консорциумын нэгд түүний “Базовый элемент” компани багтаж байсан түүх бий. Ер нь бол Олег Дерипаска төмөр зам, эрчим хүчний ашиг сонирхлоор Монголд хөл тавьж, тэр замдаа олон арван хайгуулын лицензийг гартаа оруулсан аж. Тэгээд харахаар Ерөнхий сайд асан Сү.Батболд тэр хоёрын хамтрал том эрх ашиг дээр дөрөөлсөн байгаа нь эрхбиш ойлгогдож буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн Э.Болор