"Шүүртэй эгч"-ийн тэмцэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 33 секунд
“Шүүртэй эгч“-ийн тэмцэл

“Шүүртэй эгч“-ийн тэмцэл

Цахим ертөнцийнхөн түүнийг “Шүүртэй эгч” гэж хочилдог. Харин үзэгчид “Цензургүй яриа”,

“Цензургүй сурвалжлага”-ын хөтлөгч, уншигчид нийтлэлч Л.Мөнхбаясгалан нэрээр нь илүү мэднэ. Хийсэн нэвтрүүлэг бүрийнх нь араас сайшаал гэхээсээ шүүмжлэл, хардлага, түүн рүү дайрсан янз бүрийн сэтгэгдэл зэрэгцэн хөврөх нь энүүхэнд. Тэглээ гээд “Шүүртэй эгч”-ийн үзэг мохдоггүй. Эсрэгээрээ  энэ бүх дайралтыг үл ажран ажлаа үргэлжлүүлдгээрээ бусдаасаа ялгардаг. Өөрөө ч энэ бүхэнд ямар нэгэн няцаалт, ач холбогдол өгөхгүйгээр ярилцлага, сурвалжлагаа бэлтгэсээр өнөөдрийг хүрч байна. Ирвэс хамгаалагч залуугийн учир битүүлэг үхэл, Монгол дахь Мүүний шашны эргэн тойронд зэрэг нийгмийн анхаарлын төвд орсон сэдвийг “Цензургүй сурвалжлага”-аараа нэхэн сурвалжилсныг хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, тэр хэмжээгээрээ үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдэл, дүгнэлтүүд цахим ертөнцөөр минут тутамд хөвөрч байсан нь саяхан.

Харин энэ удаад ээлжит нэгэн сурвалжлагаа бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь дахин анхаарлын төвд ороод байна. Хэд хоногийн өмнөхөн дөө. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Монгол хүн бүрт хамгийн хамаатай атлаа хамгийн хайхрамжгүй хандах болсон хорт хавдрын тухай хөндөв. Уг сэдвийг нь хүн бүр чихэндээ улиг болтлоо сонссон мэт боловч утга агуулгын хувьд энэ нэвтрүүлэг монгол хүн бүрийн сэтгэлд нэгэн гэрэл асаалаа. Өөрөөр хэлбэл, хорт хавдрыг жигших, түүнтэй тэмцэх, өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд яагаад ийм байдалд хүрснээ эргэж харах сэдлийг хүн бүрт өгсөн хэрэг. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг аливаа асуудалд хэтэрхий амгалан тайвнаар ханддаг сэтгэхүй монголчуудын ой тоонд бий. Өөрөө л бие, сэтгэлээрээ мэдрэхгүй бол өрөөлд юу ч тохиолдсон хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрөх нь бишгүй олон. Олон жилийн турш бидний сэтгэхүйд хадаатай явсан энэ ойлголтын уршгаар хорт хавдар, ялангуяа хүн амын дундах элэгний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрсэнтэй хэн ч маргахгүй. Ганцхан жишээ дурдахад Монгол Улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байр эзэлж, бусад орныг тоосондоо дарсаар олон жилийг ардаа үдээд байна. Хамгийн эмзэглэмээр нэг зүйл нь дээрх үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их хэмжээнд байгаа нь өөрөө асуудал юм. Энх цагийн Монголд элэгний өвчлөлтэй холбогдуулж, онц байдал зарлах хэмжээний л үзүүлэлт гэсэн үг.

Санаж байгаа бол “Үлдэж байгаа хэдийгээ өр ширэнд оруулаад, орон байр ч үгүй болгоно гэж бодсон. Тиймээс надад хэр хугацаа үлдсэнийг шударга хэлчих гээд эмчээс асуутал “Та арван сарын дараа ингэж ярьж, явж чадахгүй” гэсэн. Өөртөө байгаа бүх зүйлээ зарахад бэлэн байна. Яагаад гэхээр, амьдрал анхнаасаа хоосон аяга шанагатай эхэлдэг. Гэвч миний эмчилгээнд хүрэхгүй учраас нэмэр болох боломжтой бүхий л зүйлийг хүлээж байна” гэж ярих аав, “Миний аав бол хамгийн сайн хүн. Аав гэдэг охиддоо өмөг түшиг болж, амьдралыг нь бий болгож өгдөг хүн шиг санагддаг. Ээж хүн хүүхэд төрүүлж өгдөг. Гэхдээ миний аав бол миний бие хүнийг бий болгоход хамгийн их тус болсон хүн” хэмээн нүдний аягандаа дүүрсэн нулимсаа мэлтэлзүүлэх охины яриаг “Цензургүй сурвалжлага”-ын үеэр гаргасан нь одоо ч үзэгч­дийн ой тооноос гараагүй байх. Заримынх нь сэтгэл эмтэрсэндээ телевизийнхээ өмнө нулимс унагасан ч байж мэдэх.

Мэдээж хорт хавдар хэмээх гамшгийн хэмжээнд хүрсэн энэ өвчний уршгаар олон хүний элэг эмтэрч, олон зуун аав, ээж, ах, дүү, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхдийнх нь амьдрал хором бүрээр хэмжигдэх болсныг сурвалжлагын багийнхан нэвтрүүлгийн оролцогч Д.Дашдаваа, түүний охин Д.Билгүүнзаяа нараар төлөөлүүлсэн байх. Ханьдаа, охиндоо, хамаатан садан, найз нөхдөдөө хэрэгтэй учраас элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэхээс өөр сонголтгүй үлдсэн Д.Дашдаваа шиг олон зуун айл өрх Монголд бий. Гэвч өөрсдөдөө байгаа хөрөнгө болох хашаа байшин, орон сууцаа банкны барьцаанд тавьчихаад үр хүүхэд, хань ижлээ орон гэргүй үлдээж, өөрөө гадаадыг зорих нь хэд билээ. Бодох гээд үзье. Бараг л байхгүй болов уу. Тэдний дунд эмчилгээний зардлынх нь 10 хувьд ч хүрэхгүй хэмжээнд үнэлэхээр хөрөнгөтэй нь ч байгаа. Амьдралын асар хатуу болзол гэмээр ийм нэгэн нугачаанд орсон олон зуун гэр бүл Д.Дашдаваагийн адил цаг минут, хором бүртэй бие сэтгэлээрээ тэмцэж байна.

Хавдар олон янз. Элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний, бас хортой, хоргүй гээд олон янз. Эдгээр өвчнөөс элэгний хорт хавдар өдөрт таваас зургаан хүнд шинээр оношлогдож, дэлхийд энэ өвчнөөр тэргүүлэх орон болсон нь нэн түрүүнд анхаарал хандуулах асуудал мөн үү гэвэл мөн. Тэдгээрээс боломжтой хэсэг нь хилийн дээс алхдаг бол боломжгүй зарим нь эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг зорьж байна. Хилийн цаана энэ төрлийн эмчилгээг хамгийн хямд хийдэг Энэтхэг Улсад гэхэд доод тал нь 120 сая төгрөгөөр эмчилдэг ч энэ бол зөвхөн хагалгааны төлбөр гэдгийг тодотгоё. Үүнээс цааш үргэлжлүүлэн эмчлүүлбэл 120 саяас хол давах нь мэдээж. Харин боломжгүй хэсэгт нь эмнэлэг бараадахаас өөр сонголт үгүй. Хатуухан хэлэхэд хоногоо хүлээн хэвтэж буйгаас өөрцгүй. Энэ бүх шалтгаанаас нэн түрүүнд эх орондоо элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болох нь бидэнд чухал юм. Уг нь ХСҮТ-ийнхөн энэ ондоо багтаан уг ажилбарыг хийх томоохон зорилт тавин ажиллаж байгаа юм билээ. Хилийн дээс алхахгүйгээр эх орондоо эмчилгээ хийх сайн мэдээний өртөг нь хоёр тэрбум төгрөг. Гэвч энэ хөрөнгөөс нэг тэрбум нь сох дутаж байгаа нь олон хүний хүсэл мөрөөдөлд хаалт хийх шалтгаан болоод байна. Хэрвээ нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэ­чихвэл элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмжийг авчирч монгол­чууд өөрсдөө хагалгаа хийх бүрэн боломжтой болох юм. Олон хүүхдийг, аавыг, ээжийг, ахыг элэг бүтэн амьдралтай болгох шиг сайхан зүйл мэдээж байхгүй. Гэвч тэрбум төгрөгийг хаанаас олох вэ гэдэг асуудал ХСҮТ-д тулгарснаар наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаад байгаа нь  энэ.

Харин жил гаруйн хуга­цаанд хорт хавдрын эсрэг аян өрнүүлсэн, түүнтэй тэмцэхийг бусдадаа уриалсан, сүүлд “Цензургүй сурвалжлага” бэлтгэн олон нийтэд хүргэсэн “Шүүртэй эгч” “Элэг нэгт монголчууд” сангаар дам­жуулж хандив өргөхийг нийт монгол­чууддаа уриалж эхэллээ. Тэрбээр эхний ээлжид НИТХ-д хандсан. Учир нь, монголчуудын дундах элэгний өвчлөлийн дийлэнх нь буюу 1.5 сая иргэн Улаанбаатарт амьдардаг гэсэн судалгаа бий. Тиймээс ХСҮТ-д шаардлагатай тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж өгөхийг ИТХ-ын төлөөлөгчдөд уриалсан нь энэ байв. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр хотын удирдлагууд нэлээд хөрөнгийг зарсаар байгаа. Тэдгээрээс нэг настай цэцгэнд зориулж жил бүр тэрбум, хогны ногоон уутанд тав орчим тэрбум төгрөг гээд тоочвол цөөнгүй. Мэдээж хүн амынх нь талаас дээш хувь нь суурьших болсон хотоо цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгах нь хотын удирдлагууд төдийгүй хүн бүрийн хүсэл байх. Гэхдээ бүтээн байгуулалт өрнөсөн гоё сайхан хоттой байлаа гээд хүн ам нь хорт хавдраар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь байж болохгүй зүйл. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн заалт ч энд хөндөгдөнө.  Харин хотын иргэн бүр эрүүл, элэг бүтэн амьдралтай байх нь аз жаргалтай хот байхын үндэс суурь болох учиртай. Хамгийн сүүлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэр­гүү­тэй төлөөлөгчид “Элэг нэгт монголчууд” сангаас ирүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсгээ зуржээ. Мөн дээрх хөрөн­­гийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ч гаргах боломжтойг дурджээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч шаардлагатай гэж үзвэл нийслэлийн ИТХ-аар оруулж хэлэл­цүүлэхээ “Элэг нэгт монгол­чууд” сангийнханд хэлсэн байна лээ. Мэдээж энэ бол сайн мэдээ.

Нэг тэрбум төгрөгийг хандиваар босгох нь амаргүй ажил. Үүнийг хэрэг­жүүлэхээр зорьж байгаа “Шүүртэй эгч” тэргүүтэй хүмүүсийн хувьд амаргүй даваа байх нь дамжиггүй. Гэхдээ нэг хэсэг хүний бус нийтийн хүчээр хорт хавдартай тэмцэх эхлэлийг “Шүүртэй эгч” тэргүүтэй “Элэг нэгт монголчууд” сангийнхан хэдийнэ тавиад байна. Олны хүч оломгүй далай гэдэг. Үүн шиг нийтлэлч Л.Мөнх­баясгалан тэргүүтэй “Элэг нэгт монголчууд” сангийнхан хандивын аян, “Цензургүй сурвалжлага”-аараа дамжуулан хорт хавдрын эсрэг тэмцэл өрнүүлж, Монгол хүн бүрийн сэтгэлд гэрэл асааж эхэллээ. Гагцхүү тэр тэмцлийн гэр­лийг унтраах уу, эсвэл улам тод гэрэлтүүлэх үү гэдэг нь дарга, цэрэг гэлтгүй та бид бүгдээс шалтгаалах учир нийтээрээ нэгдэх цаг хэдийнэ болжээ. 

 

Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин

МАН-ынхан  6 яамыг толгойлох санал тавьжээ
МАН-ынхан 6 яамыг толгойлох санал тавьжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.