Шүрэнгийн цахилгаан станц БАЙГАЛ НУУРЫГ сүйрүүлэх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 4 секунд
Шүрэнгийн цахилгаан станц БАЙГАЛ НУУРЫГ сүйрүүлэх үү

Шүрэнгийн цахилгаан станц БАЙГАЛ НУУРЫГ сүйрүүлэх үү

Сүүлийн үед Монгол, Орос улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа нэг том асуудал бол Сэлэнгэ мөрөн дээр барих гэж буй Шүрэнгийн усан цахилгаан станц юм. Уг цахилгаан станцыг барих санаачилга анх 2011 онд гарсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, Улам бүр өсөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлт, уул уурхайн салбарын хөгжлийг хангахад Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадал хүрэхгүй. ОХУ-аас авч байгаа эрчим хүчний хэмжээ хязгаарлагдмал, дээр нь жил ирэх тусам үнэ нэмэгдэж байгаа тул бие даасан эрчим хүчний системтэй болох нь чухал.

Хэд хэдэн цахилгаан станц барих төсөл байгаа ч нэн түрүүчийн төсөл нь юм гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх төсөл” (MINIS)-өөр хэрэгжих гэж байгаа билээ. Гэвч Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байгаа нь Байгал нуурыг ширгээж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн ОХУ-д, ялангуяа Буриадад өргөн хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ эхлүүлээд байна.

Ерөнхийлөгч В.Путинд хандаж гомдол мэдүүлээд буй. Ингэхэд оросууд яагаад Шүрэнгийн цахилгаан станцыг эрс эсэргүүцээд байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллээр гарч буй мэдээллүүдийг хүргэе.

В.ПУТИН ШҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗОГСООНО

Монголчууд Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих гэж байгаа асуудлыг Ерөнхийлөгч В.Путин хяналтандаа авлаа. Үүнтэй адил бусад төслийг ч мөн В.Путин шалгаж үзэхээр боллоо. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас энэ сарын 28-наас долдугаар сарын 7-нд Германд болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Хорооны хуралдаанд Монголын төслийн талаар авч хэлэлцүүлэх санал тавьсан байгаа. Хил хязгааргүй гол мөрөн олон улсын байгууллагын ОХУ дахь төлөөлөгч Александр Колотов манай сурвалжлагчид “Бидний тавьсан шаардлагын хариуд манай Байгалийн нөөц, экологийн яамнаас Ерөнхийлөгч В.Путин бүгдийг өөрийн биеэр хянаж байгаа гэсэн хариулт өгсөн. Сүүлийн үед Буриад, Эрхүүгийн хэвлэлд Монголын УИХ-ын гишүүд Сэлэнгэ мөрөн дээр хэзээ ч усан цахилгаан станц барихгүй. Энэ талаар гарч байгаа цуурхал бол Монгол, Оросын ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв суулгах гэсэн хорон санаа юм. Санаа зовох юмгүй гэж мэдэгдсэн талаарх мэдээлэл гарч эхэллээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Монголын эрх баригчид хоосон амлалтаас өөр юу ч хийхгүй байгааг бид мэднэ. Бид санаа зовох хэрэггүй юм бол тэд яагаад Шүрэн Эгийн гол цахилгаан станцын төсөлд их хэмжээний мөнгө зараад байдаг билээ. Монголын улстөрчид байгаль хамгаална гэж наанаа яриад цаанаа Байгал нуурыг усаар хангагч Сэлэнгэ мөрний усан савыг бүрмөсөн өөрчлөхөөр зүтгэж байна. ЮНЕСКО болон олон улсын байгууллагууд хоёр жил хэртэй Шүрэнгийн усан цахилгаан станцын талаар санаа зовж буйг тэд огт тоохгүй байгаа гэж ярьж байна. "Эрхүү медиа" цахим сэтгүүл

АНГАРЫН ЦАХИЛГААН СТАНЦАД МОНГОЛЧУУДЫН ТӨСӨЛ НӨЛӨӨЛНӨ

Монголчууд гурван жилийн өмнөөс Сэлэнгэ, Эгийн гол, Орхон гол дээр усан цахилгаан станц барих төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр эхлүүлсэн билээ. Харин Байгал нуурын усны 50 хувийг хангадаг Сэлэнгэ мөрөнд цахилгаан станц барих нь экологийн аюулд хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Байгал нуурын ус багасвал Ангарын цахилгаан станцын байнгын ажиллагаа тасалдах аюултай. Оросын байгаль хамгаалагчид Шүрэнгийн цахилгаан станцын төслийг зогсоохоор Дэлхийн банкинд хандсан бол ОХУ-ын Байгаль орчны яамнаас энэ төслийн байгаль орчинд учруулах хохирлын хэмжээг тогтоох тусгай комисс байгуулаад байна. Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барих нь үнэхээр экологийн сүйрэл авчрах уу гэдэг талаар бид ОХУ-ын ШУА-ийн академич Игорь Бычковоос тодрууллаа. Тэрбээр Манай эрдэмтэд энэ талаар судалж байгаа. Хаана ч, ямар ч усан цахилгаан станц барьсан асуудал байнга л гардаг. Нэгдүгээрт, гол мөрний усны хэмжээ багасахаас гадна урсгалын чиг өөрчлөгддөг. Мөн элдэв далан саад барьснаар загас зэрэг усны амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагддаг. Энэ асуудлыг монголчууд яаж шийдэхийг бид ойлгохгүй байгаа. Далан барьж усан сан байгуулснаар усан хуримтлалаа байнга хянах шаардлагатай болдог. Хяналт сайн хийхгүй бол үер усны аюул гарах аюултай.

Сэлэнгэ мөрөн дээр үнэхээр усан цахилгаан станц барьчихвал Эрхүүгийн Ангарын цахилгаан станц усны хомсдолд орох эрсдэл бий. Тийм болохоор энэ асуудлыг зөвхөн монголчууд, Дэлхийн банкны судлаачдад орхих биш өөрсдөө сайн судлах шаардлагатай. Ер нь Монгол Улс эрчим хүчний хомсдолд ороод байгаа бол заавал усан цахилгаан станц барих замаар биш өөр аргаар асуудлаа шийдэж болно. Бид Эрхүү мужаас Монголд эрчим хүч нийлүүлээд байхад л Шүрэн цахилгаан станцыг барих хэрэг байхгүй болно. Эсвэл Монголд байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулж, эрчим хүчний дэмжлэг үзүүлж чадна шүү дээ. Тиймээс аль арга зам нь хамгийн зөв бэ гэдгийг хурдан судалж, ОХУ-ын Засгийн газар байдлыг бүрэн ойлгоход туслах хэрэгтэй” гэж хариуллаа. Нефть Россий сар тутмын сэтгүүл

СЭЛЭНГЭ МӨРӨН ДЭЭРХ СӨРГӨЛДӨӨН

ОХУ-ын байгаль хамгаалагчид Байгал нуураа хамгаалахаар ОХУ, Монгол Улсын Төрийн тэргүүнүүд болон Дэлхийн банкны ерөнхийлөгч нарт хандаад байна. В.Путин, Ц.Элбэгдорж нар Байгаль нуурын гүнд шумбаж байсан учир хувь заяаг нь арай ч зөнд хаячихгүй биз дээ. Монгол орон Оросоос эрчим хүчний хараат байдалд байгаа нь үнэн. Монголчууд одоо нэг кВтцаг эрчим хүчийг 10 центээр авч, жилд 30 сая доллар зарцуулж байна. Эрчим хүчний их гүрэн болох ОХУ үнээ нэмээд, үгүй бол хангалтаа зогсоож хашраадаг нь ч үнэн. Эрчим хүч авч байгаа Ангарын усан цахилгаан станцыг ажиллуулж буй усны 25 хувь нь Монголын нутгаас очдог гэдгийг ойлгож байгаа тул тэд ийм үнэтэй тог цахилгаан авч байгаадаа гомдох нь аргагүй. Монголын Ерөнхийлөгч 2010 оноос үндэсний “Ус” хөтөлбөрийг удирдаж буй. Энэ нь Монголд их хэмжээний усан сан барьж, Говь цөл болон цахилгаан станцад зориулсан ус нөөцлөх зорилготой хөтөлбөр юм. Гурван жилийн өмнө Ц.Элбэгдорж Сэлэнгэ мөрний ус Монголын хилээр үр ашиггүй урсан гарч байгааг зогсоохын тулд тэнд цахилгаан станц барих ажлыг яаравчлуулах үүрэг өгсөн.

Ингээд Дэлхийн банк 2012 онд Сэлэнгэ, Орхон гол дээр далан барих төслийг гэнэт санхүүжүүлэхээр болсон юм. Хамтдаа судалъя, гэрээ хэлэлцээрээ мөрдье гэсэн манай бүх уриалгыг Монгол Улс хоёр жилийн турш үл ойшоож, түшмэл дарга нар нь өөрийн гол горхин дээрээ юугаа хийх нь бай бидний эрх хэмээн ярьж байна. ОХУ төдийгүй олон улсын байгууллагын шүүмжлэлийг ч тэд улайран эсэргүүцдэг. Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской эрдэмтдийн дүгнэлтийг үндэслэн, Сэлэнгийн цахилгаан станцын төсөл нь Байгаль нуурын экологийн системийг сүйтгэж, Ангарын цахилгаан станцын ажлыг зогсоох болно гэж мэдэгдсэн. Бид Монголын талтай энэ жилийн гуравдугаар сарын 30-31-нд хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй. Харин ч бүр Бид усаа ОХУ руу ямар ч ашиггүй урсган гаргаж байна. Оросын хилийг давахаас өмнө усаа эрчим хүч болгон хувиргах хэрэгтэй. Оросууд Шүрэнгийн цахилгаан станц барих нь Байгал нуурт сөрөг нөлөөтэй гэж ярьдаг Монголд ус дутагдаж байна. Харь орны нуурын төлөө яагаад бид цангах ёстой гэж. Оросууд манай дотоод хэрэгт оролцож байна гэж буй.

Гэхдээ үүнийг болиулах арга зам бий. Хэрэв В.Путинд Байгал нуур хэрэгтэй бол тэр Ц.Элбэгдоржийн гаргасан Талын зам төслийн хүрээнд Монголын нутгаар цахилгаан дамжуулах шугам тавих санал тавих хэрэгтэй. Тэгвэл Оросын цахилгаан Монголыг бүрэн хангах болно. Мөн Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой тавих саналыг зөвшөөрөх ёстой. Аль аль нь Монголд шинээр цахилгаан станц барих хэрэггүй болгож чадах зүйлс юм. Торгоны зам гэсэн том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Хятад тэр санаачилгуудыг дэмжиж тун магадгүй. Ингэвэл бид Монголын усан цахилгаан станцын төслийг зогсоож, Байгал нуураа авран хамгаалж чадах юм. Новая газета сонин

БУРИАДЫН УЛСТӨРЧИД МӨНГӨ ЗАВШИХ ГЭЖ ШҮРЭН-Г ОРОЛДОЖ БАЙНА

Монголын улстөрчид, бизнес эрхлэгчид Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барих яриаг үгүйсгэж байна. УИХ-ын гишүүн Л.Болд манай сэтгүүлчдийн асуултад Байгал орчин, экологийн системд хор хөнөөлтэй бол бид ямар ч төсөл байсан дэмжихгүй. Байгал нуурын усны 80 хувь нь Монголоос цутгадаг. Энэ нуурыг бид хоёр улсын хамтын өв гэж үздэг хэмээн мэдэгджээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барих нь Монголд ямар ч хэрэг байхгүй. Бид өөр замаар эрчим хүчээ хангаж чадна. Орос, Монголыг эвдрэлцүүлэх сонирхол олон хүнд байна. Хэвлэл мэдээллээр ч янз бүрийн мэдээлэл гарч байна. Гэхдээ та нар монголчуудад итгэх хэрэгтэй. Байгал нуур бидэнд ч маш үнэ цэнэтэй.Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц барихгүй гэдгийг би 100 хувь батлан хэлье” гэж ярьсан байна. 

Тэгэхээр ОХУ-ын хэвлэлээр гарч байгаа шиг Монгол Улс Шүрэнгийн усан цахилгаан станцыг заавал барих гээд байгаа юм үгүй бололтой. Шинэ аж үйлдвэр олноор баригдан эрчим хүчний шаардлага нэмэгдэх ч монголчууд хямд нүүрсээ ашиглан дулааны цахилгаан станц барих сонирхолтой байна. Уг цахилгаан станцын асуудал бол эдийн засгийн гэхээсээ улс төрийн шинжтэй. Монголчууд анхнаасаа энэ төсөлд төдийлэн анхаарал хандуулаагүй. Сэлэнгэ мөрөнд цахилгаан станц баривал Байгал нуур ширгэх тухай асуудлыг анх Буриадын хэвлэл мэдээлэл гаргаж ирсэн. Сүүлдээ энэ сэдэв Кремль, В.Путиний хэмжээнд хүртлээ томорсон нь бидний буруу юм. Магадгүй “Байгал нуурыг хамгаалъя” гэсэн уриан дор Улаан-Үдийн улстөрчид улсын мөнгөнөөс завших санаатай байгаа юм биш биз. Хэдий чинээ их шуугиан гарна, төдий чинээ их мөнгө зарцуулна.

Забинфо агентлаг

М.СУГАР-ЭРДЭНЭ

 

 

Эх сурвалж: 
Zaluu.com
Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав
Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.