БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн эмэгтэй энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан хэрэг гарсан. Гадаад хэргийн яамны мэдээлснээр манай улсын иргэний амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилсан байна.
Энэ талаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын АЗО-ны ГЯАГ-ийн орлогч дарга н.Сэцэнзориг, ажилтан н.Улаантуяа, Эрээн хотын НАХТ-ийн тасгийн дарга н.Урт, ажилтан н.Далай нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс Эрээн хотод суугаа Консулын газарт ирж мэдэгдэл хийжээ.
Дээрх иргэний амь насыг бүрэлгэсэн этгээд БНХАУ-ын харьяат болох нь тогтоогдсон бөгөөд харин өвөрмонгол, хан үндэстний аль болох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хэргийг илрүүлэх ажлын хэсгийг ӨМӨЗО-ны НАХТ-ийн удирдлага, Шилийнгол аймгийн НАХТ-ийн холбогдох албан тушаалтнууд удирдсан байна. Мөн хэргийг зургаан хоногийн дотор шуурхай шалгаж илрүүлсэн ч хэрэгт холбогдогчийн нэр, үндэс, угсаа, шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас талийгаачийн шарилыг энэ сарын 24-ний өдөр буюу өнөөдөр хилээр нэвтрүүлэхээр холбогдох албаныхантай яриад байгаа бөгөөд шаардлагатай бүх туслалцааг ар гэрийнхэнд нь үзүүлж байгаагэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.
Эх сурвалж: www.dorgio.mn