Сонгинохайрханы сонгогчдыг “Хятадууд шиг мэрэх” Э.Батшугараас болгоомжилъё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Сонгинохайрханы сонгогчдыг “Хятадууд шиг мэрэх” Э.Батшугараас болгоомжилъё

Сонгинохайрханы сонгогчдыг “Хятадууд шиг мэрэх” Э.Батшугараас болгоомжилъё

Монголд сонгуулиа штабаа хэзээ ч татан буулгадаггүй ганц  л хүн байдаг  нь  МАХН-ын дарга Н.Энхбаяр гэж УИХ-ын  гишүүн  асан  О.Баасанхүү хэлж билээ. Үнэхээр  сонгуулиар  ялсан, ялаагүйгээс үл хамааран нэр дэвшигчид сонгуулийн  штабаа татан  буулгадаг  атал  сонгуулийн жилээс  үл хамааран  өдөр  бүр сонгуульддаг  хүн Н.Энхбаяр байсан нь  үнэн. Тэгвэл тэр штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ Н.Энхбаярын хүү Э.Батшугарын сонгуулийн кампанийг  хийж байна. Тус намаас НИТХ болон дүүргийн ИТХ-д  нэр  дэвшиж буй бусад  хүмүүс тэдэнд падлийгүй бололтой, зөвхөн  Э.Батшугарын  сонгуулийн штаб дээр төвлөрч ажиллан,  ямар ч хамаагүй аргаар Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч болгохоор  зүтгэж байна. Тэдэнд Монгол Улсын хууль цааз хамаагүй,  Хувьсгалт намын  бусад  нэр дэвшигч юу болж байгаа нь  бүр  ч падлийгүй болжээ.

Өчигдрөөс  олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн асан  З.Баянсэлэнгэ Сонгинохайрхан дүүрэг буюу НИТХ-ын сонгуулийн 13 тойрогт  нэр дэвшигч Э.Батшугарын ухуулагч нартай хийж буй уулзалтын  бичлэг задрав.

Бичлэгт гарч буй зарим үгийг сийрүүлбэл, “Одоо бүгдээрээ хятадууд шиг мэрж ажиллана. Нэг ухуулагч нэг  өдөр 10 хүнтэй бол. Нэг цагт  нэг  хүнтэй уулз.  Тэгэхээр  12 цагт 10 хүнтэй уулзаж чадахгүй амьтан гэж юу байдаг юм бэ. Яг энэ 10 хүнийг хаанаас олох вэ гэвэл нөгөө 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг хүмүүсээс татна. Та нарын  бүрдүүлж өгсөн  энэ хүснэгтээр  бид  бүртгэл,  тооцоогоо  хийнэ. Овог нэр,  утасны дугаар,  регистрийн дугаар, гэрийн хаягийг  нь өдөр бүр  олж ирнэ...” гэх мэтээр сонгогчдыг худалдаж авах,  ухуулагч нарынхаа олж ирсэн  хүмүүсийн бүртгэлийг  нь тулгах замаар тооцоогоо  хийнэ гэх мэтчилэн  ярьж, сонгуулийн бохир тактик  боловсруулж,  сонгогчдын саналыг худалдаж авах замаар луйвар хийх төлөвлөгөөгөө боловсруулж байна. 

НИТХ-ын  сонгуулийн 13 дугаар тойрог гэдэг  СХД-ийн  Баянхошуу бүс юм.  Э.Батшугарын хувьд  Баянхошууны бүсийг хэрхэн хөгжүүлж,  ямар бодлогыг  аль хэсэгт хэрэгжүүлбэл  оновчтой талаар талаар мэдэх нь  байтугай Баянхошуунд  амьдралдаа хоёр дахь удаа очиж үзэж байгаа гэхэд хилсдэхгүй. Эхнийх  нь  өнгөрсөн  зун  болсон  УИХ-ын  ээлжит  сонгуульд  СХД-т нэр дэвшээд  унасан удаатай.   Харин  З.Баянсэлэнгэ намын дарга Н.Энхбаярынхаа хүү Э.Батшугарын сонгуулийн штабыг ахалж байгаа аж. 

Түүний ярианд  мөн  “Монголын  ард түмэн  хэдий чинээ ядуу байна улстөрчид төдий чинээ баян байдаг” гэх үг гарч буй.  Эрх мэдэлд  ямар ч хамаагүй аргаар  хүрчихвэл хэрхэн  баяжиж,   үйлчлэгч охин  үнсгэлжин шиг  өөрчлөгдөж болдгийг  З.Баянсэлэнгэ өөрөө яруу тодоор харуулсан хүн.  Дэнжийн мянгын гэр хороололд  амьдарч асан тэрбээр  Н.Энхбаярын төлөө жагсаал цуглаан хийж,  өлсгөлөн зарлаж, цагдаа сэргийлэхэд баригдан ёстой л нөгөө үхэхээс бусдыг үзэн байж үнэнчээ харуулсныхаа төлөө УИХ-ын  сонгуулиар намын жагсаалтын  эхний аравт  эрэмбэлэгдэн, сонгуулийн холимог тогтолцооны буянаар парламентын босгыг алхаж байв.  Тэгэхдээ дээр  өгүүлсэнчлэн ард түмэн ядуу ч улстөрчид  баян байдаг үгээ батлан харуулсан.  Дөрвөн жилийн дотор гишүүн, сайд,  байнгын хорооны дарга...гээд  байж болох  бүх  албан тушаалыг хашиж,  гэр  хорооллоос зайсан руу заларч хаустай,  компанитай, хадгаламжтай нэгэн  болоод буусансан. 

Амташсан хэрээ 13 дахина гэгчээр  тэрбээр Н.Энхбаярт зүтгэснийхээ төлөө зүүдэлж ч байгаагүй баян тансаг  амьдралд  шилжсэн тэрбээр энэ удаа хүүд  нь хүчээ өгөн зүтгэснийхээ төлөө юу хожино гэж тооцоолсныг хэн  мэдлээ.  Ямар ч Сонгинохайрханчууд  Э.Батшугар  болон  МАХН-ынхнаас  болгоомжлоход  илүүдэхгүй болов уу. Тэд та нарын хятадууд  шиг мэрэхийг хэн мэдлээ. 

Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.