Засаг ба гурав дахь тун гурав дахь тун
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 13 секунд
Засаг ба гурав дахь тун гурав дахь тун

Засаг ба гурав дахь тун гурав дахь тун

Ардын нам Их хурлаа хийх юм гэнэ. Хэлэлцэх асуудал дунд нь намын даргыг батламжлах юм дуулдана. Зарим нэг нь намын дарга болох гэж янз бүрийн бор шувуу нисгэж байгаа дуулдана. За тэр намын Их хурал, намын даргын асуудал ч яахав.Үндсэн асуудалдаа оръё. Одоо энэ батламжлагдах гээд байгаа МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт гялтайж гялайх зүйл нь вакцинжуулалт. Өдөр бүр вакцины ашиг тусыг Засгийн газар сайн таниулж байна. Ялангуяа гурав дахь тунгаа хийлгэхийг уриалж байгаа. Ингээд гурав дахь тундаа анхаарлаа хандуулъя.

ДЭМБ цар тахал гэж зарласнаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Монгол Улс яаран хилээ хааж, нэг хэсэгтээ дотооддоо цар тахлыг алдаагүй гэж таахалзаж байлаа. Тусдаа өөр гентэй гэж ирээд шаагиж байсан үе ч бий. Анхны халдвар илэрсэн Францын иргэнийг уртаас урт хугацаагаар эмнэлэгт эмчлээд л, Иргэн Д гэх жолооч залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, явсан маршрутыг улсаараа нэг шүүж, хотын гудманд нь цагдаагаас өөр хүнгүй, нийтээрээ түгшин өдөр бүр 11 цагийн мэдээллийг хүлээж байгаад үздэг байлаа. “Өнөөдөр тэдэн хүн халдвар авч, тэд нас барж” гэж ирээд толгой сэгсрэн шогширч, өдөржин шаагидаг байв. Аюул алсраагүй ээ. Гэхдээ амь насаа аврахад вакцин тустай. Хэдийгээр цар тахал үргэлжилсээр, бид амны хаалтнаасаа салаагүй байгаа ч хамгийн том ололт бол вакцин юм. Вакцин хийлгээд халдвар авчихлаа гэж зарим нь гомдоллох юм. Вакцинтай ч халдвар авч болно, гэхдээ эрсдлийг бууруулна гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Амтай хэлтэй болгон Засаг төрөө шүүмжилдэг. Бид ч хүн шүүмжилж, муулах чадвараараа өрсөлдвөл тулвал дэлхийн аварга ч болж мэдэх улс даа. Засгийн газарт алдаа байна. Харин вакцин олоод ирсэнд, иргэдээ вакцинд хамруулах гэж чармайж байгааг бол дэмжүүштэй. Гэхдээ дэлхийн улс орнууд шинэ төрлийн вирустэй хэрхэн тэмцэх талаар олон талын судалгаа явуулж, янз бүрийн арга хэмжээнүүд авч байна. Нийтлэлийн эхэнд өгүүлсэнтэй адил үйл явдлууд, тэрнээс дор зүйлс ч өрнөсөн. Энэ вирус өндөр хөгжсөн орон, хөгжиж буй орон, баян, ядуу хүнгэж ялгахгүй.

Ямартай ч хөгжиж буй орнуудаас Монгол Улс хамгийн түрүүнд вакцины асуудлаа шийдсэн нь тун сайн. Энэ оны хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлсэн. Хөл хорио тогтоон, дэлгүүрийн лангууг хоослон хүнс, хэрэглээгээ цуглуулж байсан үеэ бодвол амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Одоо тайвшрах болоогүй ээ. Өнөөдөр аюулаас хамгаалах хамгийн зөв зам бол вакцин л байна.

Эхний хоёр тунд овоо идэвхтэй хамрагдсан иргэд гуравдугаар тундаа гучин хувьтай л хамрагдаад байгаа юм байна. Засгийн газрынхаа олоод ирсэн вакциныг хийлгэчих ээ. Өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө. Ядаж л гэр бүл үр хүүхдээ бодоод вакциндаа хамрагд. Олж ирэхгүй бол олж ирсэнгүй гэлцэнэ. Олоод ирэхээр нь гуйлгана. Бидэнд бас асуудал их бий шүү. Нэг л их гомдоллосон, туньсан, шүүмжилсэн улс байхаас бишүүрэг, хариуцлагыг бол юман чинээ тоохгүй, болж өгвөларагш тавьж байдаг.Яахав, нэг үеэ бодвол халдварын тоо харьцангуй буурч байна. Вакцин хийлгэсний үр дүн л гэж харж байна. Тиймээс хүн бүр хичээх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд ч коронагийн үр дагаврыг амсч байна. Эдийн засаг хаа сайгүй хүндхэн байна. Бид л зөвхөн ядраад зүдрээд байгаа юм биш. Энэ дэлхий коронатай зэрэгцэн амьдрах замыг сонгосон. Шинэ төрлийн мутацид орсон хувилбарыг эрдэмтэн судлаачид судалж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч вакциндаа хамрагдахыг зөвлөсөөр байгаа. Гурав дахь тунгаа хийлгэхээ бүү мартаарай. Шинэ төрлийн мутацид орсон хувилбарт вакцины үйлчлэл хэрхэн нөлөөлж байгаа судалж байгаа болохоос вакцины нөлөө буурч байгаа гэж хэлээгүй.

Гурав дахь тун чухал гэдэг нь дархлааны системийг дахин дэмжиж вирусээс идэвхтэй хамгаалах ач холбогдолтой. Засгийн газрын тэргүүн өмнө нь чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ” Иргэд та бүхэн гуравдугаар тундаа сонголттойгоор хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай хэмээн хичээнгүйлэн хүсч байна” гэсэн. Хүн амын дийлэнхийн эрх ашгийг бодож, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө вакциндаа хамрагдаарай.

Иргэдээ вакцинжуулах гэсэн ч вакцины хүрэлцээ муу байгаа улс орнууд байхад Монголын Засгийн газар “Вакцин байна, вакциндаа хамрагдаач” гэж элдвээр л аргадаж байна. Алийн болгон эрхээрээ хатсан хүүхэд шиг гуйлгуулж суух юм бэ. Амьдармаар байвал арчаатайхан л байцгаая, хэдүүлээ.

Эх сурвалж: Мөнгөндалай

Баабар.мн

Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т хандлаа
Кёкүшюзан Д.Батбаяр АТГ-т хандлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.