Ардчиллын гэх он жилүүдэд манай залуусын дунд тун муухай гэмээр нэгэн авир араншин шинээр орж ирсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хэн нэгэн дээд тушаалын нэгний бөөрөнд намаараа дамжин дэлүү шиг наалдаж байгаад, тун удалгүй доодчуулаасаа дээрэмдэж, хулгайлахаа чухалчлах болсон явдал гэвэл зохилтой. Тэр үедээ ёстой улаан цагаандаа гарна шүү дээ. Тиймээс хожим хойно булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доошоо унахыгаа үл тооно. Өөрөөр хэлбэл дээрэмдэж, луйвардаад хөрөнгө мөнгөтэй л болж байвал юуг ч үл тоон урагшаа зүтгэнэ гэсэн үг. Тэр ч бүү хэл саяхан дэлүү болон наалдаж явсан нэгнийхээ зүг ч цэртэй шүлсээ нулимах нь энүүхэнд.
Яг үүний хамгийн тод жишээ гэвэл УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан “Улаан хацарт” гэгдэх Ц.Батбаяр. Одоо хөөрхий зайлуул нэлээд дээрээс унаад Мөнгөнморьтын шоронд худаг манасан шиг, бантан зооглоод сууж байгаа л даа. Ингэхэд энэ хүнийг яагаад дурсав гэдэг бас учиртай. Манай монголчууд уг нь унасан нэгнээ өшиглөөд байдаггүй сайхан чанартай л даа.Даанч энэ нөхөр шоронд орсоноо мэдрээгүйдээ тэр үү, тэнгэрээр явж байхдаа учруулсан зарим нэг гэмээ цайруулаач гэсэн нэгний урдаас оросуудын гурван хурууны илбэ үзүүлж, худаг манаж байгаа биш, энд хууль сахиулж байгаа юм шиг аяглах нь хэрээс хэтэрч байгаа дуулдав. Тиймээс хэдэн жилийн турш хөлсөө ширгэтэл зүтгээд хийж бүтээх зүйлээ түүнд дээрэмдүүлсэн хэсэг нөхөд худаг манаж байгаа хотын дарга асан Ц.Батбаярын дарагдаад өнгөрсөн хэргүүдийн заримыг нь сөхөж, тэр ч бүү хэл Авилгатай тэмцэх газрын зүг гомдлын өргөдлөө аль хэдийнэ илгээжээ.
Ингэхэд юуны учир шоронд байгаа хүнийг АТГ-т өгөв гэдгийг товчхон өгүүлэхийн өмнө бяцхан оршил хэлье. Бид 2008 онд олон жилийн хүсэл мөрөөдөл болсон Олимпийн алт, мөнгөн медалиудыг авсан. Долдугаар сарын 1-ний айхтар зодооны дараа улс орон даяараа тэврэлдэн баярлав. Аваргууд төрсний учир шалтгаан ч олон. Мэдээж аваргуудын хичээл зүтгэл, хөдөлмөр хөлс энэ шалтгаануудын хамгийн их хувийг эзэлж таарна. Бас багш дасгалжуулагч, ивээн тэтгэч байгууллага, ар гэр, аав ээж, ах дүүсийн нь дэмжлэг туслалцаа ч бий. Харин миний хувьд эдгээрээс дутахааргүй хувь нэмрийг клубууд, түүний заал танхим гэж боддог. Бэлтгэлээ хийх маш сайн базаах байр сууц, ордон өргөө онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэх гээд байгаа хэрэг л дээ.
Тэгвэл товчоор хэлбэл эрхэм хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр хэд хэдэн спортын ордон барих гэж төлөвлөгдөж байсан, угаасаа ч спорттой холбоотой, одоо ч баяр наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн эргэн тойрны газрыг найз нөхөд, ах дүүтэйгээ хавсайдаж байгаад орон сууцны барилгууд барьж босгон, мөнгө болгоод халаасалчихсан хэрэг нэлээд шуугиан тарих шинжтэй байна.
Тэгвэл товчоор хэлбэл эрхэм хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр хэд хэдэн спортын ордон барих гэж төлөвлөгдөж байсан, угаасаа ч спорттой холбоотой, одоо ч баяр наадмаа хийдэг Төв цэнгэлдэхийн эргэн тойрны газрыг найз нөхөд, ах дүүтэйгээ хавсайдаж байгаад орон сууцны барилгууд барьж босгон,мөнгө болгоод халаасалчихсан хэрэг нэлээд шуугиан тарих шинжтэй байна. Түүх сөхвөл Төв цэнгэлдэх хүрээлэнг 1990-ээд оны бужигнаанаар хувьчилж, түүний 64 хувийг хот, 36-г нь Т.Нямдаваа нарын дөрвөн хүн цэнхэр тасалбараар худалдаж авчээ. Гэтэл 1990-ээд оны сүүлээр татварын шинэ хууль гарахад Т.Нямдаваа нар хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаад өөрийнхөө 36 хувийг 49 болгож дөнгөсөн байна. Энэ нь зүгээр л бичиг цаасан дээр хэдэн үсэг тавиадУлаанбаатар хотын эзэмших хувиас 13-ийг нь луйвардчихаж байгаа хэрэг юм. Ингэхэд бид Төв цэнгэлдэхэд наадмаа хийхийн тулд жил бүр төлсөн татвараасаа 50-100 сая төгрөг өгдөгийг мэднэ шүү дээ. Тэр мөнгө чухам хаашаа ордогийг бүү мэд. Ямартай ч Төв цэнгэлдэх жилээс жилд нар бороо хаачих юмгүй, бахь байдгаараа барайж суудгийг бид маш сайн мэднэ. Гэтэл, “Даварсаар даварсаар Дагвын орон дээр” гэгчээр Т.Нямдаваа нар нэг л өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчийн 51 хувийг эзэмшигчээр тодорч, үүнийг Төв цэнгэлдэхийн ТУЗ-ийн дарга, Хотын өмчийн харилцааны газрын дарга нартай хамтран хийсэн нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл луйвардсан гэсэн үг л дээ. Луйвардах бололцоог ч санаатай, санаагүйг бүү мэд Улаанбаатар хотын захиргаа олгосон байдаг. Яагаад гэхээр энэ хугацаанд хот өөрийн өмчөө яав, ийв гэж ганц ч удаа шалгасангүй. Ийм нөхцөлд Т.Нямдаваа нар жинхэнэ дураараа дургина биз дээ. Тиймээс дангаараа хуралдаад л өөрсдийнхөө хувийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийсэн мэт материал бүрдүүлэх, хавь ойрынхоо хотын эзэмшлийн газрыг өөрсдийн газар мэтээр мөнгөтэй компаниудад худалдаж байв.
Харин хаа очиж энэ бүхнийг таслан зогсоохоор хотын дарга М.Энхболд анх энэ ажлыг аваад нэлээд хөөцөлдсөн байдаг юм. Хувь эзэмшлээ эргүүлж авах гэж оролдсон гэсэн үг л дээ. Тэрбээр хотынхоо ИТХ-тай хамтран шийдвэр гаргаж, хотын даргын 226 тоот захирамжаар Төв цэнгэлдэхийн 38,2 га газрын 8,2 га-г “Төв цэнгэлдэх” ХХК-д, бусад газрыг Олимпын цогцолбор байгуулах үүднээс Олимпийн хороо, УБ хотын спортын байгууллага, Бэйсболын холбоо, Монголын боулингийн холбоо, Оюунтүлхүүр сан, Скаутын холбоо зэрэг спорт олон нийтийн байгууллагуудад хуваарилсан байдаг юм. Гэвч тэд Төв цэнгэлдэхийн 51 хувийг хуурамчаар эзэмшээд сэтгэл нь ханасангүй. Хотын эзэмшлийн ногоон бүс болох Төв цэнгэлдэхийн ойр орчмын газруудыг хувийн өмч мэтээр дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын наймаа цэцэглүүлэх гэж байтал, хотын захиргаа таслан зогсоосонд асар их хилэгнэж, улмаар тухайн үеийн шүүхийн дарга н.Батдэлгэртэй хуйвалдан, Хотын захирагчийн захирамж болон спортын байгууллагуудад олгосон газруудыг хүчингүй болгуулсан байдаг.
Үүнийг л та маш сайн анхааралдаа аваарай. Уг нь М.Энхболд бүгдийг нь соёл, спортын газруудад олгохоор шийдвэрлэсэн байгаа биз. Тэгвэл одоо Төв цэнгэлдэхийнхээ эргэн тойрныг хар даа. Дүүрэн орон сууц. Орон сууц, орон сууцдаа Ц.Батбаяр, болоод түүний хамтрагч, найз, нэг намын нь дайчин, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн барьсан сууцнууд. Нар халхлаад л ярайж байдаг шүү дээ.
Энэ мэтээр өөрийн эзэмшлийн газар, хувиа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгөтэй компаниудад худалддаг Төв цэнгэлдэхийн захирал Т.Нямдаваа нарт болон шүүхийн өмнө УБ хотын захиргаа хүчин мөхөсдөж байсан нь гайхалтай ч үүний цаана нөгөө л авилга, хээл хахууль, асар их мөнгөний асуудал байгаа нь баримтаар нотлогддог гэдэг юм билээ. Энэ нөхдүүдэд эрүү үүсгэн шалгаж байсан тохиолдол ч байдаг. Даанч тэр үед Авилгатай тэмцэх газар байгуулагдах тухай сураг ч байгаагүй учир захын прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгоод байсны шалтгааныг тайлбарлах шаардлага өнөөдөр алга. Яагаад гэхээр зарим прокурорууд авилга авдаг тухай Хууль зүйн сайд нь шулуухан хэлээд байгаа шүү дээ.
Хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжил, хамтач, нийтэч, баатарлаг үйлс бий болгохын төлөө тэмцэгч Олон улсын скаутын холбооны гишүүн Монголын скаутын холбоо, Монголд бүулингийн спортыг үүсгэн байгуулагч Монголын боулингийн холбоо, Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хороо нь Төв цэнгэлдэхийн зүүн хойд талд Улаанбаатар хотын захирагчийн захирамжаар Скаутын ордон, Боулингийн 16 замтай төвийн цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр 2003 оны тавдугаар сараас эхлэн инженер шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлүүлэх, тоног төхөөрөмжийг нь олон улсын дэмжигч байгууллагуудаасаа үнэ төлбөргүйгээр авах гэрээ хэлцэл хийн, барилгын улаан шугам татуулаад хашаа барьж, газар шорооныхоо ажлыг эхлүүлсэн байдаг. Боулингийн холбооны удирдлага л гэхэд хуралдаад Боулингийн Төвийн барилгын ажил эхлүүлэхийн тулд төслийг нь “МСS”, “Хурд”, “Женко”, “Титэм” компанийн удирдлагуудад танилцуулж байжээ.
Яг энд л манай спортынхон буруудсан байдаг юм. Яасан гэхээр энэ төслөө угаасаа сул газар хараад өөрийн эрхгүй шүлс нь асгараад эхэлдэг нөхдөд үзүүлээд шуналыг нь хөдөлгөж орхихгүй юу. Тиймээс л хамтарч спортын төлөө зүтгэе гэсэн санал авсан, одоогийн УИХ-ын гишүүн, сонгогчдоо зүгээр л 20, 20 мянган төгрөг тараагаад татчихдаг Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани шүүх дээр маргаантай байсан Скаутын холбоо, Боулингийн холбооны газрыг нэг л өдөр авчихсан байв. Гэтэл энэ луйврыг төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Т.Нямдаваа, хотын дарга Ц.Батбаяр, Б.Чойжилсүрэн нар хийж, луйварддсан захирамжаа маш сайн нууцалсан байдаг. Тэгэхээр тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан Чойжилсүрэн, хотын дарга байсан Ц.Батбаяр нар хэн хэний газрыг, хэдэн төгрөгийн авилга авсны үндсэн дээр, хэн хэнд өгснөө АТГ-ынханд тайлбарлах цаг ирж магадгүй юм. Хэрвээ энэ улсад шударга ёс гэдэг юм үнэхээр шувтарсан цагаан бумбандаа буучихаагүй л юм бол шүү дээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компанид нийслэл хотын “А” зэрэглэлийн ногоон бүсэд байх Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын газрууд, “Жапан тауны” эзэмшил газрын эзэн гадаадын иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан хөөж гаргаад газрыг нь өөрийн эзэмшилд авсан гэгддэг “Хүннү 2222” хороолол, Төмөр зам дагуух “Хурд-2” хорооллын газрууд ямар тендерээр, яаж очсоныг нь сайн мэдэх хүмүүс байгаа юм билээ. Тэгэхээр ирэх жил эрхэм гишүүнийг сэнтийгээсээ буугаад ирвэл ихээхэн гэнэтийн бэлгийг хууль хяналтынхан түүнд барих магадлал тун өндөр. Яагаад гэхээр Монголын нийгэм өдөр өдрөөр эрүүлжиж байна. Эргэж бас түүхээ харж байна. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч байсан хүний хөлийг гозгонуулж болдог юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд бид харлаа шүү дээ.
Төв цэнгэлдэхийг тойрсон энэхүү том луйврыг голлон найруулсан хүн нь Архангайн харъяат, хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр. Уг нь байдаг л нэг цэргийн дарга нөхөр. Гэвч армиас халагдаад МАХН-ын бөөрөнд дэлүү шиг маш сайн наалдсандаа Багахангай дүүргийн даргаас Улаанбаатар хотын даргаболж, ёстой шидийг олоод ниссэн нөхөр. Харин одоо шидэмсээр боолгоод сандарч яваа нэгэн. Тэрбээр дүүрэгт ч, хотод ч ирээд сайн ажиллаагүй. Харин хулгай хийсэн. Хулгай хийсэндээ ч ял шийтгүүлээд одоо шоронд худаг манаж суугаа. Гэхдээ шүүх түүний хийсэн хулгай луйврын өчүүхэн хэсэгт нь ял өгсөн гэлцдэг. Бүгдийг нь тооцсон бол энэ нөхөр Мөнгөрморьтийн жирийн дэглэмтэй шоронд бус харин Тахир соёотын онцгойд тун олон жил хуруу гараараа наадсан шиг суух байсан гэдэг юм.
Ингэхэд Төв цэнгэлдэхийг тойрсон энэхүү том луйврыг голлон найруулсан хүн нь Архангайн харъяат, хотын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр. Уг нь байдаг л нэг цэргийн дарга нөхөр. Гэвч армиас халагдаад МАХН-ын бөөрөнд дэлүү шиг маш сайн наалдсандаа Багахангай дүүргийн даргаас Улаанбаатар хотын дарга болж, ёстой шидийг олоод ниссэн нөхөр. Харин одоо шидэмсээр боолгоод сандарч яваа нэгэн. Тэрбээр дүүрэгт ч, хотод ч ирээд сайн ажиллаагүй. Харин хулгай хийсэн. Хулгай хийсэндээ ч ял шийтгүүлээд одоо шоронд худаг манаж суугаа. Гэхдээ шүүх түүний хийсэн хулгай луйврын өчүүхэн хэсэгт нь ял өгсөнгэлцдэг. Бүгдийг нь тооцсон бол энэ нөхөр Мөнгөнморьтийн жирийн дэглэмтэй шоронд бус харин Тахир соёотын онцгойд тун олон жил хуруу гараараа наадсан шиг суух байсан гэдэг юм. Наад зах нь түүний гар хөл оролцсон гэх “Нарны хороолол” орой болгон л зурагтаар муулуулах юм байна шүү дээ. Ингэхэд албан тушаалын амтанд гэнэт орсон энэ нөхөр өөрийг нь өөд татсан дарга нарынхаа үгийг үл тоож, намтайгаа байхад намайг хэн хэлж, нохойг хэн саахав хэмээн аашилж байгаад дарга нарынхаа дургүйг хүргэн, хэзээ нэгэн цагт шүүхийн хаалга татахаа мэдмэгц, нэг өдрийн дотор өөрийн төрсөн дүү, “Бумбын шовх” компанийн захирал Ц.Ганцэцэгболон бусад найзууддаа захирамж гарган Төв цэнгэлдэхийн газруудыг өгсөн байдаг.
“Мухар үхэрт худаг бүү үзүүл” гэсэн монголчуудын үг бий. МАХН-ын тухайн үеийн удирдлагууд Ц.Батбаяр хэмээх “мухар үхэрт” худаг үзүүлсний гай эцсийн эцэст Ц.Батбаяртаа туссан юм. Цаашдаа ч туссаар байх магадлал өндөр байна. Мөн араасаа хэд хэдэн “чиргүүл” ч чирч болзошгүй харагддаг. Ямартай ч эдүгээ шоронд байгаа энэ эрхмийн дээгүүр хуулийн “бараан үүл” бас дахин хуралдаж эхэлсэн байна. Юм ээлжтэй гэж энэ л дээ. Мөн сүүдэр нь түүний дүү нар болоод УИХ-ын эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн, Т.Нямдаваа нарын нөхдүүд дээр ч тусч магадгүй бололтой.
Н.Данзан