Б.Батмөнх: Шүдээ арчилж чадахгүй байна гэдэг нь энэ талын боловсролгүйнх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 31 секунд
Б.Батмөнх: Шүдээ арчилж чадахгүй байна гэдэг нь энэ талын боловсролгүйнх

Б.Батмөнх: Шүдээ арчилж чадахгүй байна гэдэг нь энэ талын боловсролгүйнх

Шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол, арчилгааны талаар Нүүр амны их эмч, АУ-ы магистр, "Velox" шүдний эмнэлгийн эмч Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Монголчуудын амны хөндийн арчилгааны талаарх боловсрол, зөв дадал хэр байна вэ?

-Мэдээж сайжирч байгаа. Өмнө нь шүдээ өвдөх хүртлээ эмчид хандахгүй, өвдөхөөр нь архи уудаг, оо түрхдэг зэрэг цочирдмоор янз янзын юм хэрэглэдэг байсан шүү дээ. Өөрийнхөө юм уу, хүүхдийнхээ шүдийг үзүүлэхэд нэг биш нэлээн олон шүд нь цооролттой. Тэгээд маш их хугацаа, мөнгө зарцуулж эрүүл болгочихоод хянуулах, урьдчилан сэргийлэхийн тулд эргэж ирж үзүүлдэггүй. Дахиад өвдөөд, хүндрэхээр нь л ирдэг байсан.

Одоо залуучууд, ялангуяа 25-45 насныхны амны хөндийн эрүүл мэндийн талаарх боловсрол маш сайн байна гэж хардаг. Энэ нь үзэж харах мэдээлэл, сонин сэтгүүл их болсонтой ч холбоотой.

-Амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал зүйл гэдэг. Яагаад?

-Хүн бүр өөртөө болон хүүхдүүддээ үр шимтэй, амттай, сайн хоол, унд идүүлье, чанартай витамин өгье, эрүүл байлгая гэж боддог, хичээдэг. Гэвч эдгээр нь ямар амны хөндийгөөр дамжих вэ гэдэг нь хамгийн чухал. Амны хөндийгөө арчлаагүй, цэвэрлээгүйгээс болж тэнд олон төрлийн нян бактер үүсдэг. Тэр нь таны идэж байгаа зүйлээр дамжин хоол боловсруулах зам руу орно. Ингээд элдэв өвчин үүсэх шалтгаан болно гэсэн үг.

-Зарим хүн шүдээ тогтмол угаадаг ч амны хөндий эвгүй үнэртэй, шүд нь өвчлөөд байна гэдэг. Энэ нь юунаас болдог вэ?

-Хүн нэрээ бичихийн тулд нэрэндээ орсон бүх үсгийг мэддэг байх ёстой, дээрээс нь бал, цаас байх хэрэгтэй. Үүний адил шүдээ арчилахад оо, сойзноос гадна тухайн хүнд тохирсон зөв угаах арга техник хэрэгтэй. Өмнө нь ихэнх хүн нүүр цэвэрлэхийг усаар угаах гэж ойлгодог байсан бол одоо нүүр цэвэрлэлт гэдэг шал өөр зүйл шүү дээ. Тухайн хүний нүүрний онцлог, будалтад тохирсон олон бүтээгдэхүүн, дараалал байдаг. Шүд арчилгаа үүнтэй яг адил.

Шүд, амны хөндий нь эвгүй үнэртэй хүмүүс байна гэдэг нь тэд яаж арчлахаа мэдэхгүй байна л гэсэн үг. Тиймээс энэ талаарх ойлголтуудыг ямар нэгэн байдлаар хүмүүст хүргэх шаардлагатай.

Амьдралын хэв маяг бас маш их нөлөөлдөг. Хүүхдийнх нь ч юмуу аав ээжийнх нь шүдийг үзчихээд эдний бусад хүмүүсийн шүд иймэрхүү л байгаа даа гэж таахад нэг их зөрдөггүй. Тэгэхээр аав ээж нь юу идэж ууж, шүдэндээ хэр анхаарч байна, хүүхдүүд нь тийм л болно гэсэн үг.

-Хүн бүр өөрийн онцлогт тохирсон арга техникээр шүдээ угаах ёстой гэж байна. Шүдний эмчид үзүүлж, зөвлөгөө авч байж тохирсон аргаа мэднэ гэсэн үг үү?

-Тийм, томчууд шүдний эмнэлэгт хандаад зөвлөгөө авах хэрэгтэй. Харин хүүхдүүдийн хувьд аав ээж нь хүүхдээ шүдний эмчид үзүүлж, яаж угаах талаар зөвлөгөө аваад гэрт нь зөв угаалгаж дадуулах нь хамгийн чухал.

Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол бидний нэн түрүүнд эзэмших ёстой чухал боловсрол. Эрүүл мэнд талаасаа ч, гоо сайхан талаасаа ч. Тиймээс хүн бүрийг шүдний эмнэлэгт хандаж, энэ боловсролоо эзэмшихийг уриалж байна.

-Шүдээ эрүүл байлгах энгийн дадлууд юу вэ?

Тогтмол буюу хоол идсэний дараа шүдээ угаах, юм идчихээд амаа зайлах, бохь зажлах хэрэгтэй. Бохийг хэт удаан биш 5 минут орчим л зажилдаг. Амт нь гарчихсан бол одоо намайг хая гэсэн үг ш дээ. Зарим хүн хэдэн цаг зажлаад байдаг. Энэ буруу.

Халуун орчинд хоолны үлдэгдэл дээр дахиад нэмээд л байвал яаж муудаж, муухай үнэртэй болдгийг бид мэднэ. Амаа зайлахгүй байна гэдэг үүнтэй яг адил учир юм идсэн л бол араас нь заавал зайлж хэвших хэрэгтэй.

Тэгээд ямар хэсгийг шүдний сойзоор угаах, ямар хэсэгт нь утас ашиглах вэ, шүдний чигчлүүр яаж хэрэглэх вэ гэдэг боловсрол, арга техникийг шүдний онцлогтой тохируулан мэддэг болох шаардлагатай.

Ер нь бол шүдээ 2-3 минут угааж, 2-3 сар тутамд шүдний эмнэлэгт үзүүлэх нь зөв.

-Ярилцсанд баярлалаа.

Tumen.mn

Аз жаргал
Аз жаргал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.