Аз жаргал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд
Аз жаргал

Аз жаргал

Чухам хаанаас эхэлж, хаана төгсдөгийг нь мэддэггүй хэрнээ хүмүүс цаг ямагт аз жаргалыг эрэн бэдэрсээр л... 

Олны олон, түмний түмэн дундаас “түүсэн” нэр хүнд, “хумсалсан” эд хөрөнгө, “олсон” хүн бүрээ аз жаргал хэмээн итгэж, хэсэгхэн хугацааны дараа тэрхүү итгэлдээ бүдэрч, харамсал, харуусал тээн хоцорно... Гэвч агуу сэтгэл зүрх бас л цөхрөлгүй дараагийн аз жаргалыг хайна... Аз жаргал ерөөсөө тийм олон юмсан уу, эсвэл олсон бүхэн нь андуурал байсан уу гэдгийг ч ухаарахын сөхөөгүй өнөөх л “амин эрдэнэ” мэт аз жаргалынхаа эрэлд хатсаар л... 

Чамтай учрахаас өмнө би ч бас тэдний нэгэн байлаа. 
Хэн нэгэн холдон одох хийгээд хорвоогоос буцахад сэтгэл зүрх эзгүйрэн хоосорч, гунигтайхан үгсээр сэтгэлээ сүлбэдэг. Энэ л бичигдээгүй хуулиар өрх гэрийн минь хос багана болсон хоёр буурлыг бурхны орноо одоод гурван жил болсон байлаа. Ах минь байсхийгээд л “Манайх цөөхүүлээ шүү” гэх нь хөг нь алдагдсан гитрын дуу шиг уйтай сонсогдохыг яана. Тэрхүү гитрын утас хэзээ ч дахин хөглөгдөхгүй мэт санагдах ч үе байсан. Тиймэрхүү жихүүн бодол зүрх хайрахын цагт гэр бүлийн минь аз жаргал бурхны орон руу нисээд явчихсан мэт санагддаг байж билээ. Гэвч: 
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээн баярлуулж үрс нь төрдөг юм аа... 

Хоёр буурлын минь эзгүйрсэн зайг нөхөх гэж охин минь мэндэлснээр баяр ёслолоор л хааяахан хагас дутуу цугладаг байсан хамаатнууд маань урилгагүй зочлох болж, манайхыг зорьсон зочид жим татуулж эхлэв. Тэдний хэлэх үг, ярих сэдэв нь хүртэл ер бусын уянгатайг яана... Ийнхүү хорвоогийн хамгийн эгшиглэнт аялгуу өргөө гэрээс минь цацарч эхэллээ. Тэр бол чиний минь үнэгчлэн инээх хийгээд тунирхан уйлах дуун байсан юм.

Охин үр минь хоёр буурлын минь эзгүйрсэн орон зайг нөхөхөөр ирсэн юм. Түүнээс долоон сарын дараа эмтэрсэн сэтгэлийг бүтэн болгох хөвгүүн үр хорвоод мэндэллээ. Миний охин хийгээд дүүгийн минь хүү хоёр аав, ээжийг бурхны орноо одсоноос гурван жилийн дараа бидэнд ирсэн юм. Би бурханд итгэдэггүй ч “Хүн насан хутгийг олсноосоо хойш гурван жилийн дотор дахин хүмүүн төрлийг олдог” гэдэг үгэнд яагаад ч юм, сүрхий итгэдэг. Тиймээс ч үзэсгэлэнт бяцхан гүнжийн тухай эгшиглэнт дуу дахин нэг уянгат аялгуугаар хөглөгдөж, хоосроод байх шиг санагдаад байсан орон зай бүрэн нөхөгдөв.

Зэмлэсэн үгэнд минь гутрахгүй, гомдоллосон харцнаас минь уйдахгүй. Тунирхсан сэтгэлээс минь зугтахгүй, унагасан нулимснаас минь эмээхгүй. Уурссан нүднээс минь бултахгүй, туулсан амьдралаас минь ичихгүй. Туулах замыг минь харанхуйлахгүй... Баяр гуниг, зовлон жаргал, магтаал сайшаал, гайхамшиг, гутамшгийн алинд нь ч өөдөөс минь эрхлэнгүй ширтсээр зогсох “аз жаргал” минь гэртээ ирлээ. 

Цагаан сарын шинийн нэгний өглөө ах минь “Манайх олуулаа болж байна шүү” гэх нь ер бусын хөг аялгуутай сонсогдоно лээ. 

Таван сарын дараа манайх дахин бүл нэмнэ. Амьдралынхаа туршид нүүр тулж, “халз тулалдах” бэрхшээл, зовлон, өвчин шаналлыг ганцхан харцаар л “анагааж” чадах шидтэн нэгээр нэмэгдэнэ. Цөхрөл бүхнийг итгэлээр сольж, гоморхол бүрийг инээмсэглэлээр эдгээх энэ аз жаргалд төгсгөл үгүй. Хоёр хоёрын дөрөв. Гурван гурвын ес гэдэг шиг манай гэр бүл өнөр болж байна.


Эх сурвалж:

Хятадад ял эдэлж буй 14 иргэнийхээ нэгийг нь шилжүүлж авав
Хятадад ял эдэлж буй 14 иргэнийхээ нэгийг нь шилжүүлж авав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.