“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилсэн ч энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл дахин хойшиллоо. Ингэхдээ гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах санал гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Амарсайханг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт тэднийг буруутайд тооцлоо.