Цахилгааны үнийг энэ онд ”тултал” нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 10 секунд
Цахилгааны үнийг энэ онд ”тултал” нэмнэ

Цахилгааны үнийг энэ онд ”тултал” нэмнэ

Долоо хоногийн пүрэв гараг бүр Засгийн газрын гишүүд “Сайдын цаг” уулзалт хийж өөрийн хариуцаж буй салбарын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулдаг уламжлал өмнөх Засгийн газрын үеэс тогтоод байсан ч хэсэг завсарласан юм. Тэгвэл Эрчим хүчний сайд Д.Зоригтоор “Шийдлийн” Засгийн газрын сайд нарын цаг эхлэв.



Монголчуудыг  гэрэлтэй, өнтэй өвөл­жүүлж буй цөөн хэдэн дулаан, цахилгааны станцууд 1960-1980 онд ашиглал­тад орсон байдаг. Энэ онд зарим нь хагас зуун жилийн ойгоо тэмдэглэнэ. Ингээд бодохоор манай эрчим хүч, дулаан үйлдвэрлэгчид яах аргагүй “хөгширсөн” гэж хэлж болно. Гэхдээ засч сэлбээд л “залуу халаа” гарч ирэхийг хоног тоолон хүлээсээр үүргээ гүйцэтгэж буй. Өвгөрсөн ч гэсэн өнөөдрийн хэрэгцээг хангахуйц 1100 мВт цахилгаан түгээсээр.
Өртэй бас өвгөрсөн хэмээн ад үзэгддэг эрчим хүчний салбарт тулгамдсан гол асуудал бол цахилгаан, дулааны үнэ тариф. УИХ 2010 онд 72 дугаар тогтоол гаргаж цахилгаан, дулааны  үнийг  үе шаттай нэмж 2014 он гэхэд алдагдалгүй болгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ зорилт нь биелээгүй. Иймээс УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хороо энэ онд багтааж Тө­вийн болон Дорнод бүсэд цахилгааны үнийг алдагдалгүй болгон нэмэх шийдвэр гар­гажээ. Эрчим хүчний зохицуулах хо­роо одоо тооцоо судалгаа хийж буй.  Тэгэх­дээ эр­­­чим хүчний үнэ тарифыг бүрэн чөлөө­лөх­­гүй. Төрийн хяналтаар зохицуулна гэжээ.

Харамсалтай нь, олон жил ашиглаж “өвгөрсөн” цахилгаан станцууд хуучирсны­хаа хэрээр өндөр өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг нэг өнцгийг тооцоондоо тусгах хэрэгтэй болж. Тухайлбал,  нэг кВт.цаг цахилгаан 144 төгрөгөөр үйлдвэрлэж хэрэглэгчдэд  122-оор борлуулж байна. Иймд нэг кВт.цаг  тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээж буй юм. Ингээд эрчим хүчний салбар өнгөрсөн оны байдлаар 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн дулаан үйлдвэрлэхдээ 24 мянган төгрөгийн зардал гаргаж 12 мянган төгрөгөөр борлуулдаг аж.

Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь айл өрх байдаг. Цахилгаан, дулааны үнэ нэмбэл иргэдийн ахуй амьдралд хүнд цохилт болно гэдэг. Тэгвэл Үндэсний статисткийн хорооноос нэгэн судалгаа хийжээ. Үүнд нэг өрхийн сарын зардлын таван хувийг эрчим хүчний үнэ эзэлж байгааг тооцсон байна. Тэгэхээр эрчим хүч үнэ нэмэгдвэл дээрх тооцоо 0.4-0.6 хувиар өснө хэмээн эрчим хүчний салбарынхан тайлбарлаж буй юм.  Харин эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг үйлдвэр аж ахуйн газруудын үнэ тарифыг  голлон нэмэх нь. Өөрөөр хэлбэл айл өрхийн цахилгааны тарифыг бага хэмжээгээр нэмж их хэрэглээтэй аж ахуйн нэгжид өндөр үнэтэй борлуулах нь. Тэгэхээр цахилгааны үнэ энэ онд алдагдалгүй болтлоо нэмэгдэх нь. Нэг ёсондоо дээд хэмжээндээ тулах нь. Цахилгааны үнийг нэмэхэд хэд хэдэн учир шалтгаан бий хэмээн эрх баригчид мэдэгдэж буй. Эрчим хүчний сайд Д.Зоригт “Үнэ тариф нэмснээр Монгол Улсын эрчим хүчний систем үр ашигтай, алдагдалгүй ажиллана. Тухайлбал, манай улс үйлдвэрлэж буй эрчим хүчээ алдагдалтай үнээр борлуулдаг бол хөрөнгө оруулагч олдохгүй. Мөн эрчим хүчний салбар алдагдал хүлээж буй нь технологийн шинэчлэлт хийх, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй болгодог юм. Иймд санхүү хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхийн тулд үнэ нэмэх ажлыг үе шаттай хийж эхэллээ. Одоо барихаар ярьж буй цахилгаан станцууд дөрөв, таван жилийн дараа ашиглалтад ороход алдагдалгүй боломжийн үнэ тарифаар цахилгаан, дулаанаа борлуулдаг болно. Энэ онд эрчим хүчний системийн хэмжээнд 17 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээр төлөвлөсөн. Мөн Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа. Тэгэхдээ 2030 он хүртэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг тооцон  үзэж байна. Энэ баримт бичгийг УИХ-д удахгүй өргөн барина” гэв.  

Цахилгааны хэрэглээ жилд 8-10 хувиар өсдөг

Манай улсын дотооддоо үйлдвэрлэж буй цахилгаан, дулаан нь хэрэглээгээ гүйцэхгүй байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Монголын хэрэглээ жилд 8-10 хувиар өсч буй аж. Эрчим хүчний яамны мэдээллээр манай улс  өнгөрсөн онд  6.7 тэрбум кВт.цаг  эрчим хүч хэрэглэжээ. Энэ хэрэглээнийхээ 20 хувийг ОХУ, Хятадаас авсан аж. Өөрөөр хэлбэл, 5.3 тэрбум кВт.цаг  цахилгаан дотооддоо үйлдвэрлэж, 1.4 тэрбумыг хоёр хөршөөсөө импортолсон тооцоо бий. Хойд хөршөөс авах цахилгааны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Иймд өнгөрсөн онд тус улсаас авсан цахилгааны үнэд 50 гаруй тэрбум төгрөг төлөөд байгаа юм. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол 25 орчим сая ам.доллар болно. Урд хөршөөс авч буй цахилгааны 98 хувийг Оюу толгой төсөл хэрэглэж үнийг нь төлдөг. Өнгөрсөн онд нэг тэрбум кВатт цаг эрчим хүч авсан аж. Үүний төлбөр нь 100 гаруй сая ам.доллар болов. Гэвч энэ мөнгө Монгол Улсаас гарч буй гэж тооцох учиртай. Яагаад гэвэл ийм хэмжээний мөнгө манайд үлдсэн бол эдийн засагт маань “хөөрхөн” дэм болох байлаа. Жил бүр дээрх хэмжээний мөнгийг гадагшаа өгөөд байвал хэд хэдэн цахилгаан станц барих хөрөнгө алдаж байна гэсэн үг.
Тэгэхээр манай улс цахилгаан дулааны шинэ эх үүсвэрүүд ойрын хугацаанд барьж эхлэхгүй бол тун удахгүй хоёр хөршөөс эрчим хүчний хараат байдалд орох эрсдэл биднийг хүлээж байгаа юм. Эрчим хүчний сайд Д.Зоригт “Улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр эрчим хүчний салбарт 2016 он хүртэл 88 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Эрчим хүчний салбарт хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалт татна гэж манай яам ажиллаж байна. Тэгэхээр “ДЦС-V”, Тавантолгойн, Багануурын Эгийн голын зэрэг дөрвөн цахилгаан станц барих бэлтгэл ажил ид хийж байгаа. Энэ  цахилгаан станцуудыг улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хувийн хэвшил, зээлийн хөрөнгөөр барина. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар Багануурын уурхайг түшиглэж 700 МВт-ын  хүчин чадалтай  цахилгаан станц барих концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулах хийх эрх олгосон. Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ-аас Монгол Улсад олгох зээлийн эх үүсвэрээр барих шийдвэр гаргасан. Ингээд Хятадын Засгийн газар асуудлаа тавьж гэрээ хэлцэл хийх боломж бүрдсэн. Энэ цахилгаан станц 315 мВт-ын хүчин чадалтай. Эдгээр цахилгаан станц 2019-2020 онд ашиглалтад орно. Мөн Сайншанд, Чойрт нар, салхины цахилгаан станц барих зураг төсөл хийж хөрөнгө босгох, барилга угсралтын бэлтгэл ажил хийж байгаа. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ таван жилийн дараа 2000 мВт болно. Дээр нь нөөцийн хүчин чадлаа оруулан тооцвол 2400 мВт  эрчим хүч хэрэгтэй. Иймд 1400 мВт-ын цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэр шаардлагатай болж байна. Цахилгаан станцуудаас гадна түгээх сүлжээ байгуулах шаардлага бий. Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Багануур, Багануур-Хэнтий-Дорнод, Багануур-Чойр, Чойр-Сайншанд-Замын-Үүд, Оюу толгой-Цагаан суваргыг   холбосон цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамыг концессын гэрээгээр барихаар төлөвлөсөн. Аж үйлдвэрийн яам, Сангийн яамтай ярилцаж байгаа” хэмээв. Дан ганц цахилгаан станц бариад асуудлыг шийднэ гэвэл эндүүрэл. Өөрөөр хэлбэл, цахилгаан, дулаан дамжуулах шугам, сүлжээ, дэд станцууд бас байгуулах ёстой. Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд 220 килвольтын 169 км, 110 килвольтын 107.7 км шугам тус бүр хоёр дэд станц байгуулсан байна. Мөн 35 килвольтын 192.4 км цахилгаан дамжуулах шугам 10-15 килвольтын 161.2 км шугам, 5-10  килвольтын шугамыг  34.5 км-ыг улсын төсвийн хөрөнгө, Хөгжлийн банкны санхүүжилтээр татжээ. Үүнээс гадна  Улаанбаатар хотод баригдах таван хорооллын цахилгаан, дулааны шугам сүлжээ, дэд станцуудыг  энэ онд барих ажил үргэлжлэх нь. Ингэснээр олон арван мянган айлын орон сууц шинээр барих, барилгын компаниудын өртөг зардал буурах боломж бүрдэнэ гэж буй юм.
Эх сурвалж: www.assa.mn

“Урвагчдын арми”
“Урвагчдын арми”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.