Гаднаас өгсөн "Вакциндах даалгавар" ба "мутаци"-д орсон мугуйд ажиллагаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
25 минут 30 секунд
Гаднаас өгсөн “Вакциндах даалгавар“ ба “мутаци“-д орсон мугуйд ажиллагаа

Гаднаас өгсөн “Вакциндах даалгавар“ ба “мутаци“-д орсон мугуйд ажиллагаа

Уг нь манайх цар тахлын ямар ч халдвар тархаагүй цөөн хэдэн улсын тоонд багтаж, бүр магнайд нь явж болох хамгийн боломжтой улс. Цөөн хүн ам, том газар нутаг, өөрөөр хэлбэл хүн амын нягтрал хамгийн багатай.

Тийм ч болохоороо Европ дахин бараг нэрийг нь сонсоод “айн чичирддэг” тарваган тахал хэмээх сүрхий халдварын нэг “голомт” нь Монгол гэгддэг ч, тахлын халдвар илэрсэн үед тараагаад, түйвээгээд байсангүй, илэрсэн тухайн газар бүрт нь хөл хориогоо тогтоогоод эмчлээд ирсэн өөрийн уламжлал, туршлагатай билээ.

Гэтэл манай эрх баригчид Covid -19 гэх цар тахлыг эмчлэх биш тараах ёстой гэж ойгосон мэт ...

“Амжилт” нь бүр дэлхий нийтийн чихийг сортойлгож, нүдийг нь орой дээр нь гаргав. Халдварын тархалтаараа Ази тивд тэргүүлж, дэлхийн 78 улс монголоос зорчигсдыг хилээрээ нэвтрүүлэхгүй болж байгаагаа зарлан, сэрэмжлэв.

“Муу эр дайнд хөөрөв” ... буюу “даалгавар” хэрэгжүүлэх эхлэл

БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн “уушигны хүнд хэлбэрийн өвчлөл”-ийн халдварыг /тухайн үед тэгэж мэдээлж байсан/ ДЭМБ “цар тахал” хэмээн зарлаж, “Ковид-19” хэмээн нэрлэв. Бусад улс орнуудад ч халдвар тархаж байгаа тухай мэдээг цаг минут тутамд цацаж байв.

Харин манайд золоор уг халдвар орж ирээгүй байсан ч эрх баригчид “Муу эр дайнд хөөрөв” гэгчээр эрүүл байгаа ард иргэдээ хөл хорионд оруулчихаад, гаднаас коронавирусын халдвар авсан хүмүүсийг зөөвөрлөн авчирч, нэг, хоёр, гурав, ... хэмээн тоолон бүртгэж, “Манайд халдвар бүртгэгдсэн хүний тоо ... боллоо. Манайхыг халдварын хамгийн эрсдэлтэй улс гэж ДЭМБ, бусад улс орнууд үзэж байна”. “... Манайд халдвар тархах нь цаг хугацааны л асуудал” хэмээн байн байн мэдэгдэж байлаа.

Гэсэн ч манай эмч нар авчирсан өвчтөнүүдийг нь эмчилж эдгэрүүлчихээд болдоггүй...

Дашрамд дурьдахад гаднаас халдвар авч ирсэн өвчтөнүүдийг гардан эмчилж байсан хэдэн эмчийнхээ эмчилгээний аргыг яагаад ч юм бэ их л нууцалж, “... хамаагүй заагаад өгчихвөл дуурайж, дур дураараа эмчилгээ хийгээд” болохгүй болно гэсэн тайлбар хэлж байсан нь одоо эргээд бодоход араасаа даалгавартай, алсын зорилготой “бизнесийн нууц” нь байсан бололтой.

Тэр хугацаанд гадныхан манайд “цар тахалтай тэмцэх зориулалтаар” мөн ч их хандив тусламж, зээл өгсөн дөө!

Тэгтэл ч хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр дотоодод халдвар илэрсэн тухай мэдээлэл цацагдав.

“- Ард иргэдийн амьдралыг туйлдуулж хөл хорьчихоод, халдвар алдчихлаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ!

- Арай ч дээ!

- Иргэд дор бүрдээ л хичээж тэвчсэн шүү дээ!”

хэмээн бухимдсан, харамсаж, гомдсон сэтгэгдлүүд цахим орчинд нэг хэсэгтээ л явсан.

Зориулалтын хөрөнгө хичнээн их орж ирэхийн хэрээр халдвар тараах ажил төдий чинээ нууцлаг, чадварлаг зохион байгуулагддаг бололтой юм.

Харин яаж яваад нэг залуу “Энхсаран” сувилалаас “халдвар тарсан” тухай нууцыг мэдчихсэн ч юм бэ! Ямар ч гэсэн халдвар тараагчийн тухай олон нийт олж сонсов.

“Буруутанд хариуцлага тооцно” гэсэн сүржин мэдэгдлийг дарга нар тэр үед ээлж дараалан хийж, бие биедээ үүрэг даалгавар өгч байсан ч одоо тэр асуудал мартагдан замхарч, харин нууцыг зардруулсан гэх залууд ял оноох гэж байгаа тухай цахим орчинд “яригдах” боллоо.

Ард иргэдийг “айлгах менежмент” нь энэ мэт шууд ил цагаан заналхийлэл болоод явчихав.

Халдвар тараасан суваг ганц тэр сувилал ч байгаагүй нь ойлгомжтой. Бас халдвар тархах явц ч чамлалттай байсан бололтой ... !

Коронагийн сүүдэр дэх “хар” ажиллагаа

Нэг найз маань утасдаж

- Хөөе би чамд нэг мэдээ дуулгая. Манайд чинь коронагийн халдвараар нас барсан иргэдийн цогсыг булаацалдаад эмнэлгүүдийн гадаа дугаарладаг болсон байна гэнэ!

- Хэн, яах гэж тэр вэ?

- Буяны ажлын цогц үйлчилгээ эрхэлдэг компаниуд тэгэж байна гэнэ.

- Худлаа байлгүй дээ! Халдвараар өөд болсон бол бүр айж зугатацгаах байх! Тоглоом шоглоом хийж, ёжилж цаашлуулсан дэгс яриа байх!

- Үгүй ээ! Тэр ийм учиртай юм байна. Миний нэг таньдаг хүний хамаатан коронагаар өөд болсон чинь буяны ажил эрхлэдэг нэг компаниас утасдаад танай талийгаачийг чандарлах ажлыг манайд даалгасан. Халдвараар нас барсан хүний цогцсонд хүн ойртуулж болохгүй учраас битүүмжилсэн ууттай цогцсыг манай компани чандарлах юм. Бүх үйл ажиллагааг та бүхнийг оролцуулахгүй явуулах учраас энэ хүнийхээ буяны ажлын зардалд 10 сая төгрөг өг! гэж нэхээд авсан гэнэ. Тэгтэл удалгүй нөгөө айлын өндөр настай нэг хөгшин хүнд өвчтэй эмнэлэгт хоногоо хүлээж байсныг “нас барлаа” гэж дуулгаад бас л коронагаар өөд болсон тул ... гэхэд нь ар гэрийнхэн нь:

- Юун яасан корона вэ?! Хоёр хоногийн өмнө хийлгэсэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан гэж хэлээд эмнэлэг рүү нь явж очвол аль хэзээний шарил чандарладаг компани аваад явчихсан байсныг араас нь хөөцөлдөж явж, шинжилгээний хариуг гар утаснаасаа үзүүлж батлаж байж авч, өөрсдөө оршуулах ёслолыг үйлдсэн гэнэ. Шарил чандарлах компанид коронагаар өөд болсон хүний цогцсыг чандарлах зардлыг улсаас өгч байгаа юм байна. Тун унацтай бизнес болоод байгаа юм байна гэж ярив.

Энэ мэдээ нэг л эвгүй сонсогдов. Итгэхэд бэрх...

Гэтэл бас нэг танил маань бүр ч ноцтой нэг мэдээг дуулгав.

- Цаана чинь хүний амь аварсан лам нар ялд унах шахаж гэнэ!

- Яагаад тэр билээ?!

- Шарил чандарлах газарт коронагаар өөд болсон хүний шарилыг хайлуулах зууханд хийхийн өмнө хоёр лам хойтын буяны номыг уншиж байгаад идээ зоогий нь хүртээд, түр гадаалаад орж иртэл өөд болооч босоод ирчихсэн - Би хаана байна аа? гээд сууж байсан гэнэ. Түүнээс болоод нөгөө лам нар ажил цалгардуулсан хэргээр байцаагдаж, “нууцыг задруулахгүй” гэсэн ам өчиг өгөөд нэлээн их торгууль хүлээгээд салсан гэнэ. Тэд энэ хэрэг явдлаас болоод бүр ухаан алдатлаа айцгааж, нуугдах, хоргодох газраа олж ядаж байгаа гэнэ гэв.

Өөр хоорондоо хамааралгүй хүмүүсээс сонссон энэ мэдээллүүд итгэж ядсан анхны эргэлзээг минь үгүй хийж “-Үнэн юм байна!” гэсэн сэтгэгдэл төрүүлэв.

Амьд хүнийг “бушуухан шатаачихсангүй” гэж буруутган, “ажил цалгардуулсан” гэж “шийтгэх” хүртлээ Төр засгийн ажил задгайрч, өвчин халдвараар хань татан олз ашиг булаалдсан бүлэглэлүүдийн тогтолцоо болтлоо /коронагаас дутахгүй/ “мутаци”-д орж, ард иргэд рүүгээ заналхийлдэг болчихоо юу?! гэж бодохоор аймаар.

Энд ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү эмч Сүхбаатар дүүргийн шүүх дээр хэлсэн гэх “Намайг хэрвээ ажилд эргүүлж авахгүй бол хуурамч коронагийн хуйвалдааныг илчилж, худалч, хулгайч, луйварчин томчуулын булхайг дэлгэнэ” гэсэн үг цахим мэдээллийн хуудсуудад бичигдэж, олныг шуугиулсаныг нэмж дурьдах нь илүүц биз ээ!

Гэвч хэрэг явдал цааш үргэлжилсээр ...

“Вакцин” хүн төрөлхтнийг аврах уу?!

Том гүрнүүд цар тахлын эсрэг вакцин гаргах ажилд уралдан орцгоож эхэлсэн үеэс “вакцин л хүн төрөлхтнийг энэ “аюулаас” аварна” хэмээх сурталчилгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ гэх /том гүрнүүдийн банк санхүүгийн эздийн санхүүжилтээр оршин тогтнодог/ төлөөний байгууллагаараа дамжуулан өгч эхлэсэн.

Сануулж дурсахад БНХАУ вакцинаа гаргаагүй байхдаа Ухань хотдоо дэгдсэн цар тахлын халдварыг жил хүрэхгүй хугацаанд дарж аваад хэвийн амьдралаа үргэлжлүүлж эхэлсэн шүү дээ!

Өөрөөр хэлбэл том гүрнүүдийн вакцин гарган авах ажиллагаа нь “Хүн төрөлхтнийг аврах” гэхээсээ илүү улс төр бизнесийн өрсөлдөөн болж байгааг улс төр судлаачид ч ярьж хэлсээр байсан.

Хүн төрөлхтнийг аюулт өвчнөөс аврахын тулд эрдэмтэд нь вакцин гаргаж авахын төлөө ажилладаг байсан тэр үе, тэр зуунууд аль хэдийн улиран оджээ.

XX зуунд вакцинжуулалт нэрийн дор, тэр ч байтугай ДЭМБ-ын заавар зөвлөмжийн ард нуугдан, арьс өнгөөр ялгаварласан, үргүйдүүлэх, бэлгийн замын өвчнийг халдварлуулан үндэстнээр нь устгах /геноцид/ бодлого явуулж байсан бусармаг явдлууд илэрч, хохирогчид нөхөн олговор шаардаж, гүйцэтгэгчид буруугаа хүлээж байсан саяхны түүхийн “нурам бүлээнээрээ” байгааг ч энд дурьдахаа больё.

Дэлхийн хүн амыг /бодлогын баримт бичгүүдээс нь иш татсан ном, судалгааны бүтээлүүдэд дурьдсан тоогоор бол 500 сая болгон хорогдуулах/ цөөрүүлэх бодлогоо хэрэгжүүлэх ажлуудаа зөвшилцөн тогтож, төлөвлөчихөөд, үр дүнг нь урьдчилан тооцсон төсөөллүүдээр нь цар тахлыг хэзээ, хэрхэн тараахыг урьдчилаад хэлчихсэн ном зохиолууд ч бичигдэж, бүр уран сайхны кинонууд ч хийгдчихсэнийг дэлгэцээр олон нийтэд бишгүй л үзүүлж байна.

Тийм ч учраас вакцинжуулалтын тухай ойлголтын зөрүүтэй хандлага дэлхийн олон нийтийг эсрэг тэсрэг байр сууринд хуваан хагаралдуулж, ДЭМБ-ын удирдамж зөвлөгөөг дэмжих хийгээд үл дэмжих сөргөлдөөн бий болов.

Вакциныг хүн төрөлхтний эсрэг явагдаж буй бодлогын төлөвлөн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа гэж үзэж эсэргүүцсэн дэлхийн олон эрдэмтэн, судлаачид вакцины ард ямар аюул дагалдахыг бишгүй л сэрэмжлүүлэн бичиж, мэдээлж байгаа. Тэдгээр мэдээллийг дуулж сонссоор байгаа дэлхийн улс орнуудын ард иргэд ч вакцинжуулалтад төдий л таатай хандахгүй байгаа төдийгүй Төр засгийн эрх баригчид нь ч ард иргэдээ вакцин хийлгэхийг хүчилж чадахгүй, “сайн дурын үндсэн дээр” хэмээн зарлав. Зарим улс орны Төр засгийн бодлого байр суурь нь ч вакцинд тун болгоомжтой хандаж байна. Тухайлбал ДЭМБ-аас уриалсаар байсан хэдий ч Дани, Норвеги Исланд Франц тэргүүлэн европын найман улс “АстраЗенека” вакциныг хэрэглэхийг зогсоосон. Австрали ч бас татгалзахаа мэдэгдлээ.

Түүнчлэн Хятад вакцины гурав дахь шатны клиник туршилт явуулж байсан Бразил улс ч гаж нөлөө илэрмэгц нь даруй зогсоосон. Саяхан бас Коста- Рика гэдэг жижиг улс хүртэл Хятад вакцинаас татгалзаж байгаагаа зарлав.

Ер нь БНХАУ-ын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд нь ч өөрийн гаргасан вакциныг үр дүн сул гэдгийг хүлээн зөвшөөрч мэдэгдэж байсан.

Ямар ч гэсэн улс орнууд “дотроо бодолтой, дороо суурьтай”, тус бүрдээ өөрийн гэсэн бодлоготой хандацгааж байна.

Харин манайд ...

“Галзуу нохойд салхи нэмэр...” буюу халдварын сэнсрэлт

Вакцины талаархи улс орнуудын болгоомжлол, вакцинжуулалтын явцад илэрсэн эргэлзээтэй зарим үр дүнгийн талаархи мэдээлэл болоод эрдэмтэд, судлаачдын олон янзын байр суурь манай эрх баригчдад огтхон ч нөлөөлсөнгүй.

Зөвхөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, уриалгыг /бас урд хөршдөө тал засах хэрэгцээ ч байсан байх/ уухайлан дэмжиж, наадамд морио сойсон уяач шиг баярлан хөөрөв.

Манай албан ёсны “гүйцэтгэх-сурталчид”-ын дуу хоолой “вакцин л ганцхан аврал” гэх тэрхүү мэдээллийг, хүчтэй “өсгөгчид” залгасан чанга яригч шиг чих дөжирч, ухаан сарнитал давтан дамжуулах болсон. Сайн дурын “өсгөгчтэй хоолой” ч мундахгүй гарч ирэв.

Дэлхийн ядуу буурай улс орнуудад олдохгүй байгаа вакцинууд манайд л хандивын шугамаар үнэ төлбөргүй янз бүрээрээ орж ирэв. Тэр дотор хараахан ДЭМБ зөвшөөрөл өгөөгүй байсан хятадын Виресолл вакцин ч багтаж байв.

Олон нийтийн дунд Хятадын Синофарм үйлдвэрийн вакциныг хийлгэхийг эсэргүүцсэн дуу хоолой нэлээн гарсан ч түүнийг үл тоон хүн амын дийлэнхийг түүгээр “вакциндсан”.

-Муусайн оркууд аа, бушуухан вакциндаа орцгоо!

-Вакцин хийлгээгүй юмнууд л халдвар тараагаад байна!

-Вакцин хийлгээгүй хүмүүсийг хилээр гаргахгүй!, хамаагүй явуулахгүй!, товчоогоор нэвтрүүлэхгүй!, ажил эрхлэхийг зөвшөөрөхгүй!

Энэ мэтээр ард иргэдийг вакцин хийлгэхийг шаардан шахаж, доромжлон гутааж, айлган сүрдүүлэв.

Зарим нь итгэсэндээ, зарим нь шахалтанд орж, дийлэнхи хэсэг нь бусдыг даган дууриаж “вакциндуулав”.

Вакцины нөлөөгөөр олон ч хүний эрүүл мэнд муудан хямарч, бас цөөн бус хүн эндэв. Гэвч мэргэжлийн байгууллагын удирдах хүмүүс эндсэн шалтгаан вакцинтай холбоогүй гэж зүтгэцгээсээр байлаа. Одоо ч тэр байр сууриа тавихгүй л байна.

Харин албан ёсны бус буюу, цахим орчинд бичиж тайлбарлахдаа “олон хүнийг халдвараас хамгаалахын тулд тэр зэргийн золиос гарах л болно” гэх мэт тайлбараар “хэргээ” зөвтгөж, “арьсаа” хамгаална.

Гэвч дэлхий дахинд илэрч буй халдварын тархах үйл явцаас цар тахлын эсрэг вакцинжуулах арга хэмжээ үр дүнгүй болж байгаа нь харагдсаар ...

Үүний хамгийн тодорхой жишээ нь манайх. “Вакцин хийлгэснээр олонхи нь ямар ч гэсэн дархлаа тогтож байна” гэж ярьсаар байгаа нь худлаа болов. Энд бодит байдлыг илтгэх зарим нэг тоо мэдээг эргэн сануулж дурьдая:

“2021 оны 1-р сарын 20-ны өдөр 12940 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ.

2021 оны 2-р сарын 6-ны өдөр улсын хэмжээнд 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс коронавирус илэрлээ.

2021 оны 03-р сарын 15-нд 9,410 хүнд хийсэн шинжилгээгээр 122 хүнээс халдвар илрэв.

2021оны 04-р сарын 01-нд Шинээр 394 хүнээс халдвар илэрлээ

2021 оны 4 сарын 6-нд Монгол Улсад нийт 414,382 иргэн буюу нийт насанд хүрсэн хүмүүсийн 21 хувь нь вакцинд хамрагдаад байна.

2021 оны 04-р сарын 14-нд Шинээр 1220 халдвар бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 845693 хүн буюу төлөвлөсөн иргэдийн 40.9 хувийг дархлаажуултын эхний тунд хамруулжээ.

Улсын хэмжээнд 4-р сарын 30-ны өдөр 13556 хүнд шинжилгээ хийхэд 1306 хүнээс коронавирус илэрлээ.

2021 оны 05-р сарын 29-нд Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.4 хувь буюу 946 929 нь эхний тунг, 72.9 хувь буюу 694 872 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 903 564 хүн, хоёрдугаар тунг 412 306 хүн тариулаад байна.

2021 оны 05-р сарын 31-нд Шинээр 927 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барав.”

Уг нь манай Улсын онцгой комисс /УОК/-ын дэргэдэх эрдэмтдийн багийн тооцоолон гаргасан урьдчилсан таамаглал /прогноз/-аар бол хүн амын 60-аас дээш хувь вакцинд хамрагдсан тохиолдолд халдвар эрс багасаж, 6 дугаар сарын дундуур гэхэд бүрэн зогсох байв. /Наадмаа бүгдээрээ тайван сайхан тэмдэглэнэ гэсэн итгэл үнэмшлийг нийгэмд төрүүлсэн/

Гэтэл халдвар бүрэн зогсох байтугай ёстой сэнсэрч өгөв. /6-р сарын 12-нд 1792, 13-нд 2188, 14-нд 2263, 15-нд 2386, 16-нд 2395, 17-нд 2642, 18-нд 2746, 19-нд 2635, ..... болов/ Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ч халдвар авч, амь насаа алдсаар байна. Өөрөөр хэлбэл халдварыг зогсоох арга зам нь вакцин биш гэдгийг харуулав.

Харин энэ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс манайхан “айж” байна.

Тэр ч бүү хэл вакцинжуулалтаар /дархлаажуулалт гэж ярьж сурталчилж байгаа нь буруу байна/ дэлхийд тэргүүлж байгаа 13 улсын тоонд орсноо сайрхан гайхуулж, өсөж байгаа халдварыг вакцин хийлгээгүй хүүхэд, залуус тараагаад байгаа мэт... хүүхдээ яаралтай вакцинд хамруулахыг шаардацгааж сууна.

“Вакцин” залгидаг коронавирус буюу ойлголтын алдаа

Чухам яагаад вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ч халдвар аваад, халдвар улам нэмэгдээд байна вэ? Халдварын тархалтад тэгээд хэн буруутай вэ?

Халдвар манайд ингэж огцом нэмэгдсэнд “Ерөнхийлөгч болохын төлөө улайрч сонгуулийн сурталчилгаа нэрээр иргэдийн бөөгнөрлийг үүсгэсэн У.Хүрэлсүх буруутай”, үгүй ээ, “Өөрөө дахин өрсөлдөж чадаагүйдээ шаралхаж одон шагнал тараан цацаж олон хүнийг бужигнуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга буруутай...” хэмээн шинэ, хуучин Ерөнхийлөгчдөө буруутган талцан хэрэлдэв.

Мэдээж тэд буруутай. Тэдний үйл ажиллагаа Ковид-19-ийг тараахад гол үүрэг гүйцэтггэсэн нь ч үнэн.

Бас зарим нь “худлаа хэлсэн” эрдэмтдийн багийг ч буруутган “гоочлов”.

Гэхдээ тэд бүгдийг буруутан болоход хүргэсэн үндсэн шалтгаан нь бид бүхний бодит үнэнийг эргэцүүлж ухамсарлахгүй байгаа хэвшмэл явцуу сэтгэлгээ юм.

Эрдэмтдийн маань тооцооллын алдаа ч үүнээс үүдэлтэй.

Бүр тодруулж хэлбэл өнөөгийн энэ Ковид-19 хэмээх вирусын халдвар нь “цар тахал” гэдэг урьд өмнөх ойлголттой тохирохгүй байна.

Урьд өмнөх “цар тахал” гэдэг ойлголт нь халдварын шинж чанар, илрэх хэлбэр нь ижил, түүнд тохирсон ганц вакцинаар бүх хүнийг тухайн өвчин тахлын халдвараас хамгаалах бүрэн боломжтой байжээ.

Чухам тэр сэтгэлгээ ойлголтын үүднээс манай эрдэмтдийн баг, вакцинжуулалт, халдварын тархалт хоёрыг шугаман хамаарлаар авч үзэж, хичнээн олон хүн вакцин хийлгэх тусам тэр хэмжээгээр халдвар авах хүний тоо багасна гэж тооцсон байгаа юм.

Нэгэнт иргэд вакциндаа хамрагдаад халвараас хамгаалагдчихсан болохоор иргэдийг олноор нь цуглуулахаас айх шалтгаан байхгүй болсон гэж аливааг эргэцүүлэхээс ангид явж ирсэн хуучин, шинэ Ерөнхийлөгчид маань ч “итгэсэн” нь мэдээж.

Гэтэл өнөөдөр дэлхий дахинд тархаад байгаа “Ковид-19” гэх энэхүү “цар тахал” хүн бүрт ялгаатай ханддаг, заримыг нь хацрыг нь илээд, заримыг нь чангахан нудраад, заримыг нь элэгдэж эвхэрүүлээд, заримынх нь чамирхайд дэлсээд унагадаг, тухайн орчиндоо тааруулж “зүсээ хувиргаад” /мутацид ороод/, халдварласан шинж тэмдэг нь ч ялгаатай илэрч, нөгөө сэргийлэн хамгаалах үүрэгтэй “вакцин” гэгчийнх нь суган доогуур нь ч шургаад, толгой дээгүүр нь ч харайгаад, түлхэж унагаад дайраад орчихдог, бидний мэддэгээс огт өөр төрлийнх байжээ. Нэг ёсондоо халдварын вирусыг “залгиад идчих” үүрэгтэй “вакцин” нь харин өөрөө вирустаа залгиулж, тэжээгч нь болчихоод байна.

Ингэснээр “вакциндуулсан” иргэд халдвар тээгч, тараагч, өвчлөгч болж хувирлаа.

Дэлхийн улс орнууд ч үүнийг одоо л бүүр түүр ойлгож эхлэж байх шиг байна.

Ямар ч гэсэн ДЭМБ хүүхдийг вакцинжуулах талаархи зөвлөмжөө өөрчлөн “Хүүхдэд халдварласан өвчлөл хөнгөн тусаж байгаа тул заавал вакцинжуулах шаардлагагүй. Ер нь та нар өөрсдөө л мэд!” гэсэн утгатай зөвлөмжөөр хариуцлагаас өөрсдийгөө мултлав.

Гуаньжоу хотод 5 дугаар сард коронавирусын мутацилагдсан Дельта хувирлбараас дэгдсэн халдварын талхалтыг 27-хон хоногийн дотор хумиж чадсан БНХАУ хилээ 2022 он гартал чимээгүйхэн хаагаад авав.

Энэ бүхэн юу гэсэн үг вэ гэвэл өөр өөр өвчнийг нэг эмийн жороор эмчилж болдоггүй шиг коронавирусын халдвар авсан хүн тус бүрт нь эмчилгээг тохируулан хийж эрүүлжүүлэх, эрүүл хүмүүсээ халдварт өртүүлэхгүйн тулд халдвар тээгчээс ангид байлгаж, мутацилагдсан янз бүрийн халдвар тээгчийг гаднаас оруулж ирэхгүй, хориглон сэргийлэх нь гол арга зам юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.

Гэтэл манайд Ковид-19 “цар тахлын” улмаас дэлхий дахинд өрнөж буй үйл явцыг анзаарч, ойлгож байгаа ч юм алга.

Агаарын хилээ нээж байгаагаа зарлачихаад, хэн нэгнээс хүн амаа толгой дараалан “вакциндах” үүрэг даалгавар авсан мэт зөвхөн нөгөөх л “вакцин”-аа хийлгэхийг шахаж шаардсаар, “сайн дурын” эрхээ эдлэх гэсэн хэн бүхнийг амьдрах арга хэрэгслээр нь хяхан боосоор ...

“Мутаци”-д орсон энэ мугуйд ажиллагаа л бүхнээс илүү аюултай болж байна!

О.Лхагвадорж

Хоёр Солонгосын эргэн уулзалт хатуу хяналтан дор явагдаж байна
Хоёр Солонгосын эргэн уулзалт хатуу хяналтан дор явагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.