Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 46.2 хувьтай гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
	 Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 46.2 хувьтай гарчээ

Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт 46.2 хувьтай гарчээ

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 

хэрэгжилтийг хэлэлцлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгний дотор УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ уг асуудлыг дараа жилийн үндсэн чиглэлээс өмнө хэлэлцсэн байх хуулийн зохицуулалттай.

Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын зарим гишүүд болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлаг, газрын дарга нар оролцсон юм. Монгол Улсын сайд С.Баярцогт энэ талаарх танилцуулгадаа, УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2014 оны эцсийн байдлаар 46.2 хувьтай гарлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүлгээр нь авч үзвэл “Ажилтай орлоготой монгол хүн”-51.5, “Эрүүл чийрэг монгол хүн”-42.4, “Эрдэм боловсролтой монгол хүн”-48.3, “Аюулгүй орчинтой монгол хүн”-39.6, “Эрх чөлөөтэй монгол хүн”-47.0 хувийн биелэлттэй байна. Харин бусад үндсэн зорилтын талаарх бодлогын хэрэгжилт 34.4-48.3 хувьтай байгаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого 68.0, харин нийгмийн хамгааллын бодлого 58.0 хувийн хэрэгжилттэй байгааг дурдав.
 
Засгийн газар бүрэн эрхийн хугацааны эхний жилд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, салбаруудын норм, стандартыг шинэчлэх зэрэг аливаа зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эхний шатны ажлуудыг хийсэн. Түүнчлэн авто зам барих, иргэдийг орон сууцжуулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж хөгжлийг нь дэмжих, ажлын байрыг олноор бий болгож иргэдийг ажилтай, орлоготой болгох, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих чиглэлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг сайд онцлоод Засгийн газар бүрэн эрхийн үлдсэн хугацаанд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг бодитой хэрэгжүүлж ажиллах болно гэдгийг сайд хэллээ.
 
Сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Г.Уянга, Н.Батцэрэг, Н.Алтанхуяг, А.Бакей нарын асуултад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг нар үг хэлсэн юм.
 
Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн ихэнх нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид Засгийн газрын залгамж чанарыг хадгалж хэрэгжилт нь хангалтгүй байгаа бодлого, зорилтуудын шалтгааныг судалж тэдгээрийг үлдсэн хугацаанд гүйцэд хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай, байнгын хороо ч энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг хэлж байв. Иймээс энэ асуудлыг нээлттэй үлдээж, уг асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан байнгын хорооноос гаргах тогтоолын төсөлд гишүүдийн саналыг авч тусган тогтоолын төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн хуралдаанаараа дахин хэлэлцэхээр боллоо.
 
Эх сурвалж: Bolod.mn
Машиныхаа тээшинд цогцос тээвэрлэж яваад баригджээ
Машиныхаа тээшинд цогцос тээвэрлэж яваад баригджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.