Хурааж авсан машинуудаар Хилийн цэргийн хэдэн даргыг эрхлүүлэх гэнэ үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 28 секунд
Хурааж авсан машинуудаар Хилийн цэргийн хэдэн даргыг эрхлүүлэх гэнэ үү

Хурааж авсан машинуудаар Хилийн цэргийн хэдэн даргыг эрхлүүлэх гэнэ үү

        Эдийн засаг хүнд хэцүү үед яам, агентлагийн дарга нарыг шатахуун их хэрэглэдэг, үнэтэй машин ашиглахгүй байхыг Ерөнхий сайд үүрэгдсэн. Энэ дагуу дарга нарын том жийпүүдийг хураах ажиллагаа өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн ч төдийлөн урагшилж өгөхгүй өнөөдрийг хүрлээ.

 

Учир нь дарга нар том жийп машинаасаа салах дургүй байгаа юм.  Одоогийн байдлаар Засгийн газрын автобаазад 70 орчим машиныг байршуулжээ. Олон яам, агентлагтай тэгээд дарга нар нь бүгд бензин их зарцуулдаг том оврын машин хэрэглэдэг байхад 68 машиныг л хураасан гэхээр Засгийн газраас хэрэгжүүлэх гэж оролдож байгаа ажил тийм ч урагштай биш байгаагийн илрэл.  Уг нь Төрийн өмчит 757 байгууллага 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх аж.

 

Тэгвэл Засгийн газар даваа гаригийн хуралдаанаараа нэгэн шийдвэрийг гаргасан байна. Төсвийн байгууллагын дарга нарын унадаг хурааж авч дууссаныхаа дараа нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлж ажиллана хэмээн шийджээ. Мөн Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга “Хураасан жипүүдийг Хил хамгаалах Ерөнхий газар түүний харъяа хилийн заставууд, хилийн мэргэжлийн хяналтын албадад хуваарилна” гэж мэдэгдэв.

 

Үүнээс харвал Lexus-570, Landcruiser 200 зэрэг шатахуун их зарцуулдаг машинууд төрийн албанд түрээсээр явна мөн хилийн цэргийнхэн, мэргэжлийн хяналтынхны унаа болох юм байна.

 

Харин олон нийт Засгийн газрын уг шийдвэрийг ихэд эсэргүүцэж байна. Учир нь нэгээс нь авч нөгөөд нь өгч буй нь чанарын ямар ч ялгаагүй болж байгаа юм. Нөгөө 15 тэрбум төгрөгийг хэмнэх, тансаглалыг зогсоох гээд сүр бадруулан яриад байсан нь шал худлаа болж орхив.

 

Засгийн газрын автобаазад байлгаж байгаад төрийн байгууллагуудад түрээсээр ашиглуулна гэсэн нь бас л төсвийн нэг байгууллага нөгөөдөө түрээсийн төлбөр шилжүүлэх гэдэг дамжлага үүсч байгаа.

 

Хилийн заставын болоод хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын хурган дарга нарыг жийп унуулж эрхлүүлж байхаар дуудлагаар худалдаж улсын төсөвтөө нэмэр болмоор юм уг нь. Ядаж байхад тэр дарга нар нь улсын мөнгөөр бензинээ хийнэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн 15 тэрбумыг хэмнэвэл бид тус мөнгөөр нийгэмд тустай олон ажлыг хийж болох билээ. Ядаж хэд, хэдэн сургууль, цэцэрлэгийг босгочихно. Үгүй ядаж техник, хангамж муутайгаасаа болж улаан гараараа гал унтрааж яваа ОБЕТ-т хэрэгтэй багаж, тоног төхөөрөмжийг нь авч өгч ажилд нь нэмэр болно шүү дээ.
 

Олон сар сүр дуулиантай явуулсан ажлаа ингэж унагаж буй нь Засгийн газрыг чадамжгүйг харуулж байна.

Т.Энхэлээ

Эх сурвалж: 24 Tsag.mn

 ГҮНДАЛАЙ ЯАСЫН...
ГҮНДАЛАЙ ЯАСЫН...
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.