ГҮНДАЛАЙ ЯАСЫН...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
22 минут 47 секунд
 ГҮНДАЛАЙ ЯАСЫН...

ГҮНДАЛАЙ ЯАСЫН...

Гүндалай яг яасан билээ?

Хоёр мянган оны Улсын Их Хурлын сонгуульд Хөвсгөлийн 45 дугаар тойргоос хэн ч мэдэхгүй нэг залуу гэнэт гараад ирсэн нь Ламжавын Гүндалай байлаа. Тэгэхэд Ардчилсан нам ганцхан суудалтай, Ж.Наранцацралт гуайгаас өөр бөртийх гишүүнгүй, Ардын нам бүхэл бүтэн 72 суудалтай, эргээд Монгол улс коммунист дэглэм рүү гулсаад ороход бэлэн зэлэн болчихсон үе. Гэсэн чинь Хөвсгөлөөс бие даан нэр дэвшээд гараад ирсэн Ламжавын Гүндалай гэдэг нөгөөх хэн ч мэдэхгүй байсан нөхөр ууган улс төрийн хүчин нэртэй, улаан коммунистуудын эсрэг ёстой нэг эрэгчин эмэгчнээ үзэлцэж эхэлснийг манай уншигчид мартаагүй л байх ёстой.

Л.Гүндалай анхнаасаа сахилаггүй хүүхэд шиг Монголын төрийг үймүүлээд эхэлсэн юм огт байхгүй

Тэр ер нь ямар ч зорилго, зорилтгүй нэг их шударга, сайхан хүн болж харагдах гэсэн одоогийн зарим нусгай улс төрчид шиг ард түмэнд цаасан малгай өмсгөж яваагүй. Чихрээ голсон хүүхэд шиг өрөө ширээндээ өрвийтөл хонож, тэрийгээ суулт, тэмцэл гэж нэрлээгүй. Дандаа гал авалцсан тэмцэлийн талбар, тулалдааны тэргүүн шугаман дээр тугаа барьчихсан үзэж тарж явлаа. Харин түүнд анхнаасаа гай болсон нэг зан чанар байсан нь өрөвч сэтгэл. Л.Гүндалай 2000 оны арван хоёрдугаар сарын 06-ны өдөр шалдаа буучихаад, шалдан нүцгэн зогсож байсан Ардчилсан намын байр руу явж ороод тэр үеийн тус намын дарга Д.Дорлигжавт шуудхан л “Би танай намын гишүүн больё” гэсэн чинь цаадуул нь огил харайж “Хүүе, хаая, би минь, чи минь, бүхэл бүтэн УИХ-ын гишүүн ороод ирлээ шүү дээ” гээд л хадаг сүү, мөнгөн аяга болоод явчихсан. Ингээд Л.Гүндалай Ардчилсан намын гишүүн болсон. 2000-2002 оны хооронд тэр нам гүм байсан. Харин 2002 оноос түүний тэмцлийн он жилүүд эхэлж, 72 суудал авчихаад даам гарч, хууль, шүүх, прокурор, цагдаа, хүчний байгууллагуудыг бүгдийг нь гартаа атгачихсан байсан Монгол Ардын Намтай удаа дараагийн ширүүхэн зодоонуудыг хийсэн юм. Л.Гүндалай хэзээ ч Илүү сартай зуны Галаа байсангүй. Үнэнийг хэлэхэд өнөөдрийн манай улс төрд Галаанууд олон бий.

Нөгөөтээгүүр нэг нам дангаараа эрх барина гэдэг завхарлын үндэс. Бүгд найзан дундаа орчихсон тэр олон бүлэг хүмүүс Монгол улсын газар доорх баялгаас эхлээс улсынхаа тусгаар тогтнолоо ч яаж ч мэдэх. Дээр нь сөрөг хүчингүй, сөрөг хүчний байр суурь огт хэрэггүй гэж үзсэн тэр праламентын эсрэг тэмцэхээс өөр ямарч зам байгаагүй. Ингээд л 2002 оны намрын чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, Хөвсгөл нутгийн унаган хүү Ламжавын Гүндалай “Үг хэлэхэд юу нь болохгүй байна” гэсэн бичгийг ханцуй дотроосоо гэнэт гаргаж ирээд Улсын Их Хурлын даргын дэргэд бариад зогсчихсон. Энэ нь хэтэрхий хуучинсаг, коммунист суурьтай, манай “маагуу” улс төрчдийн тархинд цус харвуулах шахаж, нийгэм даяар шуугиад явчихсан юм. Л.Гүндалайн тэмцэл эндээс бодитоор эхэлсэн. Басхүү Л.Гүндалай бол  тэмцэл гэж юу болох, Ардчилал ямар үнэ цэнэтэй болохыг хэнээс ч дутахгүй мэднэ. Тэр 1989 оны аравдугаар сарын 03-нд алдарт Берлиний ханыг нурааж, хоёр Герман нэгдэх түүхэн үйл явдалын халуун талбар дээр зогсож, “Эрх чөлөө”, “Ардчилал” гэж хашгирч явсан. Олон арван жил Зөвлөлт Холбоот Улс, Америкийн тоглоом болсон эх орноо, эрх чөлөөгөө эргүүлж  авсан Германчуудын дунд Л.Гүндалай зогсож байсан юм. Тиймдээ ч тэр тэмцэлийн үнэ цэнэ, түүнд хүрэхийн тулд ямар их эр зориг, тэвчээр хатуужил хэрэгтэйг хэнээс ч илүү мэднэ. Ний нуугүй хэлэхэд Л.Гүндалайгаас өөр ийм том хувьсгалын түүхэнд оролцсон ямарч улс төрч манайд нэг ч байхгүй.

 

2002 оны намрын чуулганыг тараасан Л.Гүндалай 2003 оны хаврын чуулганыг ч мөн тарааж орхив

Тараасан ч гэж дээ. Угтаа бол Л.Гүндалай тараагаагүй юм шүү дээ. 72 суудалтай Ардын нам Л.Гүндалай, Ж.Наранцацралт гуай хоёрыг сөрөг хүчин байтугай, хүн байна гэж бодохгүй, индэр дээр гараад 15 минут үг хэлэх, үнэнийг ярих эрх өгөхгүй байсан болохоор Л.Гүндалай Шудрага ёсыг, Үг хэлэх эрхийг, Эрх чөлөөг уриалан дуудсан том, том бичиг өргөөд зогсчихсон юм. Өөр яах ёстой байсан юм бэ? Дундаа орж, дураараа дургих байсан юм уу. Үгүй... Л.Гүндалай л лав тэгэхгүй гэдгийг ёстой баталсан ч чадна. Угтаа бол Л.Гүндалай гишүүнийг үг хэлүүлэе гээд л индэрт гаргаад 15 минут сонсчих ёстой байсан. Гэсэн чинь нэг гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэний төлөө бүхэл бүтэн хаврын чуулганыхаа нээлтийг тарааж байсан манай парламент мөн ч хэврэг туримаг цаана нь ямар их  хар хор нууж байсан болдоо.

Тэгтэл 2003 оны долоодугаар сарын 28-ны өдөр бас нэг хачин жигтэй явдал болж, ард олны нүд бүлтийж, чих дэлдийлээ. УИХ-н гишүүн Л.Гүндалайг цагдаа хүчний байгууллагынхан Буянт-Ухаа нисэх буудал дээр барьж авах гээд чадахгүй алдаж Ардчилсан намын байрны гадаа хүч хэрэглэн баривчилж, ганц худагт хорьдог юм байна. Яг энэ үед нь Ерөнхийлөгч Н.Багабанди, ерөнхий сайд Н.Энхбаяр нар Завхан аймагт Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцож тэдний арыг хууль зүйн сайд Ц.Нямдорж дааж байж л дээ. Энэ ч нэлээд дээрээс шидсэн чулуу болох нь анхнаасаа тодорхой байсан агаад үүнээс өмнөхөн Л.Гүндалай “гадаадын тагнуул” гэсэн тодотголтой  45 хуудас материалыг Монголын Ард түмэнд ил, тод зарлаад, үзүүлээд, харуулаад өгсөн байлаа. Л.Гүндалай ер нь үхэхээс айхгүй хүн гэдгээ аль эрт, тэр үед л нотолчихсон. Үндсэн хуулинд заасан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрхийг зөрчсөн тэрхүү үйлдлийн маргааш Сүхбаатарын талбай дээр 10 мянга гаруй хүн жагсаж, Л.Гүндалайг суллахыг шаардаж, Завханаас эргэж ирсэн ерөнхийлөгч Н.Багабанди тэр шаардлагыг хүлээж авч байлаа.

Л.Гүндалайг хэт попоор “баатар” гэж өргөмжлөх нь хаашаа юм бэ? Гэхдээ тэр хэмжээгүй эрхт эзэн хаан байсан Намбарын Энхбаяр, төрийн бүхий л шатанд үүрлэсэн түүний бүлэглэлтэй амь хайргүй үзэлцэж явсан гэдгийг ард түмэн эргээд санах л ёстой. Л.Гүндалайг баллуурдах гэсэн энэ 8 жилийн дараа эргээд бид бодох ёстой. Тэр тусмаа Хөвсгөлийн ард түмэн 2000-2012 оны хооронд зөв хүнээ УИХ-н гишүүн болгож байсан гэдгээ бүр ч сайн бодох ёстой.

2003 оны өвлийн чуулганы нээлт мөн л бут үсрээд явчихлаа

Яасан, Л.Гүндалай үймүүлсэн. Үгүй ээ, үгүй. Л.Гүндалай ердөө ч үймлүүлээгүй. Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулинд заасан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрхэнд санаатайгаар халдсан, хилс хэрэг тулгаж, Ганц худагт хорьсон бусармаг үйлдлийнх нь эсрэг Л.Гүндалай дахиад төрийн ордонд шударга ёсыг хүссэн том, том бичиг бариад босоод ирсэн юм. Үүнийг нь үзсэн, дээрээс чулуу шиддэг хүмүүс ичсэн дээ чуулганыхаа нээлтийг тарааж хаячихаад ум хумгүй зутгаж байсан нь одоо ч нүдэнд тодхон харагдаж байна.

Энд Л.Гүндалайтай холбоотой бас нэгэн он сар байна. Түүнийг тодруулбал 2003 оны арван хоёрдугаар сарын 25-ны өдөр. Энэ өдөр Л.Гүндалайг Ардчилсан намын байр руу явж ороход дотор нь сууж байсан намын дарга М.Энхсайхан, н.Цолмон, П.Цагаан нар 2004 оны Улсын Их Хурлын Сонгуульд өрсөлдөх намын мөрийн хөтөлбөрөө бичээд сууж байж. Л.Гүндалай тэгэхэд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт гурван зүйл тусгаж өгөхийг хүссэн.

Нэгдүгээрт: Хүүхэд бүрт сар бүр 10 мянган төгрөг өгч байя

Хоёрдугаарт: Газрыг ард иргэддээ олгоё

Гуравдугаарт: Лицензүүдийг цуцлая... Л.Гүндалайн хэлсэн энэ гурван зүйлийг Ардчилсан намынхан тэр дор нь буулгаж аваад, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тодоос тод үсгээр нийтэлж өгсөн. Тэгсний хүчинд 2004 оны парламентад Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй ч 30 гаруй суудал авч, Ц.Элбэгдорж ерөнхий сайд болсон. Хүүхдийн мөнгийг 3000 төгрөгөөр анхлан олгосон. Газрыг ард иргэдэд өмчлүүлэх ажил албан ёсоор эхэлсэн. Харин лицензүүдийг цуцлах ажил газар аваагүй нь дээр, хэрвээ тэгэх юм бол улс төрчид өөрсдөө бадар барина гэж бодсон учир хав дарсан. Монголчууд хачин хүмүүс. Үнэхээр хүүхэд бүрт сар бүр мөнгө олгож эхэлсэн тэр үед Л.Гүндалай шиг сайн хүн байхгүй, хүүхдийн мөнгөний эцэг гэж байсансан. Бүгд л амаа олохгүй магтаж байсансан. Гэтэл одоо...

Хүүхдийн мөнгийг хожим 10 мянга болгох, 20 мянга болгох ажлыг мөн л Л.Гүндалай санаачилж, хэлж, ярьж, барьж гүйсээр батлуулсан

Одоогийн байдлаар нийгэмд хэнийг ч ялгаварлан гадуурхаагүй, ар өврийн хаалгаар орж, гарах шаардлаггүй, зөв, зүйтэй халамжийн бодлого хүүхдийн мөнгөнөөс өөр байхгүй байна. Тэр байтугай Монголчуудын талаас илүү хувь нь цар тахлын үед 100 мянган төгрөг болчихоод байгаа хүүхдийн мөнгөөр амьдарч байна. Санаж явах хэрэгтэй. Хэрвээ Л.Гүндалай хашгирч байж хүүхдийн мөнгийг батлуулаагүй бол, дахин, дахин нэмэгдүүлээгүй бол Монголчуудын ихэнх хувь нь хагд өвс идэж, хар ус уухаас өөр замгүй болчихсон байх байсан шүү.

Ц.Элбэгдоржийн засгийн газарт нөхөр Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд болохыг хүссэн. Хүсэхдээ харин ч нэг хөшигний наана сайхан ил гарч ирж байгаад хэлж орхисон. Даанч албан тушаалын наймаа аль хэдийн явчихсан байсан болохоор Л.Гүндалайд Эрүүл мэндийн сайдыг өгөөгүй юм. Энэ үеэс л Ардчилсан нам Л.Гүндалайг ашиглаж байсан гэдэг нь нотлогдож эхэлсэн дээ. Л.Гүндалай боловсролтой хүн. Удирдлагын академи төгсчихөөд “улсынхаа төлөө” зүтгэнэ гэж донгосч явдаг манай зарим улс төрчид байтугай докторуудын довжоонд нь бүдэрдэг өндөр босготой Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Халле хотын Мартин Лютерийн нэрэмжит Анагаах Ухааны Их сургуулийг тэр 1984-1991 онд суралцаж төгссөн. Төгсөхдөө ч төгссөн шиг төгссөн. Анагаах ухаанаараа дэлхийд эхний тавд ордог Германд хүний их эмч мэргэжлээрэй ажиллаж байсан. Даанч энэ нь албан тушаалын наймаачдад сонин биш байсан. Тийм болохоор Л.Гүндалай дахиад тэмцсэн. Өнгөц харахад энэ тэмцэл албан тушаалын төлөө мэт авч Монголын Эрүүл мэндийн салбарын идээ бээрийг шахаж, авилгыг арилгая, хамгийн гол нь 1,2,3, Хавдар, Халдвартын эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгүүдийг хувьчлаад эхэлсэн хууль бус, ард түмнийг хохироосон шийдвэрийн эсрэг тэмцэе гэсэн бодол дэндүү шудрагаасаа болж дэггүй хүүхэд шиг харагдаад байдаг энэ хүний дотор амь бөхтэй оршиж байсан юм.

Тэгж байтал төдөлгүй мэх мэхэндээ гэгчийн үлгэр болж Ц.Элбэгдоржийн засгийн газар уналаа

 Гол бурууг Л.Гүндалай руу чихлээ.  Энэ үеэс Л.Гүндалайг ганцаардуулсан. Гэхдээ ганц дайчин ганцаардаагүй. М.Энхболдын засгийн газарт Эрүүл мэндийн сайд болсон Л.Гүндалай хамгийн түрүүнд хувьчлагдчихсан байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлгээс эхлээд улсын бүхий л эмнэлгүүдийг хэн нэгний халаасанд орох аюулын эсрэг тэмцэж, зогсоож чадсан. Түүний буянд өнөөдөр бид эрүүл мэндийн даатгалаараа хүссэн эмнэлэгтээ очиж эмчлүүлж, үйлчлүүлж байна. Дараа нь шинэ сайдын хийхээр зорьсон бас нэг чухал ажил бол Монголын Эрүүл мэндийн салбарын хоцрогдолыг арилгаж, техник, тоног төхөөрөмжөөр хангах, эмч, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн байдлыг сайжруулахын зэрэгцээ тухайн салбарт үүрлэсэн авилга, хээл хахуулыг таслан зогсоох явдал байлаа. Хэрвээ уншигч та санаж байгаа бол Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай Халдвар судлалын үндэсний төвийн даргыг ажлаас нь халсны дараа Халдвартын эмнэлгийн бүхий л эмч, сувилагч, ажилтан, албан хаагчид ичихгүй ажил хаяж, хэд, хичнээн өвчтэй, зовлонтой хүмүүс зовж, шаналж байлаа даа. Гэсэн чинь Л.Гүндалай сайдын буруу болгоод л зурагт радиогоор гөвж өгч байсан. Яг үнэндээ бол тэр үеийн авилгад идэгдсэн халдвартын эмнэлгийн ажилтан, албан хаагчид даргадаа биш, Монголын төр, Монголын ард түмэнд тангараг өргөсөн гэдгээ бүгд нэгэн зэрэг мартчихсан нь хачирхалтай. Товчхон хэлэхэд манай анагаахын салбар ийм л ичгүүртэй байсан шүү дээ.

Энд бас нэгэн зүйлийг ТОМ үсгээр бичихэд хэдэн жилийн өмнө Ноён уулыг ухлаа, барилаа, та минь босоорой, тэмцээрээ гээд л галзууралдаад л баахан тэмцэгчид, эх орончид гарч ирээд байсан даа. Тэгтэл түүнээс бүр өмнө Л.Гүндалай гэдэг хүн Эрүүл мэндийн сайд байхдаа гартаа туг бариад Бороо Гоулдын эсрэг дайраад орчихож билээ. Хаа, хамаагүй эрүүл мэндийн сайд тийн Хүннүгийн ихэс дээсдийн булш, бунхан оршсон Ноён уулаас эхлээд Монголын газар шороог уул уурхай гэдэг мангасаас хамгаалж, тэр тэмцэл нь дахиад ялж байсныг бусад нь биш юм аа гэхэд Хөвсгөлийн ард түмэн мартах учиргүй. Хэрэвзээ мартах л юм бол араа шүдээ долоож, хөрөө шүдээ хурцалж, анаж, занаж байгаа Аспир Майнинг гэдэг компани та бүхний хоймор нутгийг там болгож орхино гэдгийг өглөө бүхэн санаж явах хэрэгтэй. Санах бүртээ хэн бидэнтэй хамт тэмцэж чадах вэ? Хэн тэмцэж явсан билээ гэж бодож байх хэрэгтэй.

Нэг жижигхэн жишээ дурьдая

 Гэхдээ аймшигт жишээ... Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад Монгол Улсад ДОХ өвчний 11 тохиолдол байсан. Одоо 240 гараад явчихжээ. Цаана нь хэд, хичнээн мэдэгдээгүй тохиолдол байгаа юм бэ? Бүү мэд. Сайдаар ажиллаж байхдаа энэ хүн аргагүйн эрхэнд, ард олны төлөө ичих нүүрээ ширлэж байгаад бэлгэвч бариад хашгирч явсан нь бас л үнэн. Соёлын довтолгооны үед тэмбүү, заг хүйтэнд баригдаад хамар, ам нь хүртэл тасраад уначихсан, нүүрэн дээрээ савхи наачихсан явсан гашуун түүхтэй ард түмэнд тэгж ухуулахаас өөр яах юм бэ? Л.Гүндалай сайн сайд байсан.

Монгол хүн урт насалж, удаан жаргаасай, Монгол улсад дүр исгэсэн биш жинхэнэ Ардчилал тогтоосой гэж хүссэн энэ хүн М.Энхболдын шахалтаар Эрүүл мэндийн сайдын ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө “Эрүүл Монгол хүн” гэж үндэсний хэмжээний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, багагүй ажил хийсэн. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг нь цааш  хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлчихсэн  бол Элэг бүтэн Монгол мэтийн луйварчид гарч ирэхгүй л байсан юм.

Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаас буулгах болсон хэд, хэдэн гол шалтгаан бий. Тэдгээрээс Бороо Гоулд руу дайрсан, Халдвар судлалын үндэсний төвийн даргыг ажлаас нь халсан, Улсын эмнэлгүүдийг хувьчлах ажлыг таслан зогсоосон зэрэг нь томоохон байр суурь эзлэнэ.  Монголын газар шорооны бүрэн бүтэн байдал, Монгол хүний эрүүл мэнд, амь насны төлөө тэмцснийхээ хариуд тэр албан тушаалаасаа буусан. Гэвч Л.Гүндалай анхнаасаа албан тушаал, сандал суудалтай зууралдаагүй. Албан тушаал, сандал, суудалтай зууралдсан хүн ТЭМЦЭЛ хийдэггүй юм гэдгийг тэнэг хүн ч ойлгоно.

Бодоод байсан чинь Гүндалай яг яасан юм бэ?

Хулгай хийсэн үү, худлаа хэлсэн үү, ЖДҮ авсан уу? Тендер идсэн үү, улс үндэстнийг хохироосон, Монгол улсын баялаг руу дайрч, давшилсан гэрээ, контракт байгуулсан уу? 60 тэрбумдсан уу, Эрдэнэтийн 49 хувийг наймаалцсан уу? Оюутолгойг Канадуудад бэлэглэж биднийгээ харлуулсан уу? МАНАН дунд орж, манийхаа итгэлийг мангасын аманд хаясан уу? Үгүй шүү дээ... Тэмцэл хийж явсан, ялалт байгуулж явсан бүхий л цаг хугацаандаа энэ хүн байнга 45 дугаар тойрогтоо ажиллаж, 2003 оны зуднаар 100 мянган тонн тэжээл ачаад цас сөрж явсан, Финлянд руу Хөвсгөлчүүдээсээ явуулж, тийшээ явсан нэг хүн зуны гурван сард жимс түүж, хувийн аж ахуй эрхлэх талаар багагүй мэдлэгтэй болж, тухайн үеийн ханшаар багадаа 5000 доллартай болоод ирж байсан. Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж зуданд хотоо харлуулсан айлууд руу 500 тугалтай үнээ туугаад очиж байсан. Хувцас хунар, хоол хүнс, эм, тан, эмч домч бүгдийг нь л аваад очиж байсан. Ногоо тарьж сургана гээд үр ачаад явж байсан. Эмнэлэг, сургуулийн машин тэрэг, барилга байшин юу л хэрэгтэй байна манай хүн хасагдаж, танагдсан төсвийн хэд дээр өөрийнхөө бизнес хийж хураасан хэдээ бариад гүйж явсан. Улаанбаатар хоттой залгаа 52-ын даваанаас өвдөж, зовсон 7 өнчин янзага олж, гэртээ авч ирээд буйдан, шүүгээ, ширээ, сандлаараа хашиж, гудас хөнжлөө дэвсэж байгаад эмчилж, эдгэрүүлээд Хөвсгөлдөө аваачиж тавьсан нь одоо олон сайхан буга, согоо болчихсон байна. Тарвага, хүдэр үржүүлэх ажлыг нутагтаа хийсэн, тэр нь үр дүнд хүрсэн. Ламжавын Гүндалай гэдэг ийм л хүн. Хулгайч биш, худалч биш, хуурамч биш, хуйвалдаанч биш... эцэст нь хэлэхэд түүнийг сүүлийн 8 жилд харлуулах ажлыг хангалттай зохион байгуулжээ. Харлуулж, ард түмнээс холдуулж гэмээнэ авилгачдад боломж олдожээ, бид ч мухар, сохор явж дээ.

Тиймээ, Гүндалай яг яасан юм бэ?

Нэг дуу дуулаа л биз. Нэг нум сум харваа л биз. Жагаатай цуг нэг телевизийн нэвтрүүлэг жаахан үймүүлээ л биз. Өөр энэ хүнд хийсэн гэм, зөрчсөн хууль, авсан авилга  хаана байна? Монголын төрд үе, үе тэмцэгчид, эх орончид тодрон гарч ирдэг. Нэгэн үе Очирбатын Дашбалбар гэдэг халуун эх оронч ул болсон нам, зул болсон улс төрийн хүчний хэнээрхэлийг хазаарлаж байсан. Түүний дараа Ламжавын Гүндалай гэдэг тэмцэгч гарч ирсэн. Түүнд тэмцэх боломж олго, түүнтэй хамтран тэмц.

 

      Нийтлэлч: О.Наст

"Чингис бонд"-оос санхүүжсэн "Гудамж" төслийн гүйцэтгэгч компаниуд өр зээлэнд баригдаж дампуурлын ирмэгт иржээ, бондын мөнгө хаачив
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.