"Шилэн данс"-ны үйл ажиллагааг хянадаг Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаараа дамжуулан нэгэн мэдээлэл цацсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тодруулбал, ЦЕГ-ын шилэн дансыг шалгах явцад Их тэнгэрт болсон Генерал цол бий болсоны 71 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд 13 сая 54 мянган төгрөг зарцуулсан бол албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан М.Мөнхбаатарын ар гэрт нэг удаагийн тэтгэмж гэж ердөө 6 сая 39 мянган төгрөг өгсөн гэх мэдээллийг түгээгээд байгаа юм.
Энэхүү мэдээллийн хэр үнэн бодитойг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Цагдаагийн албаны тухай хуулинд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог. Харин албан үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн алба хаагчдад 30 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Шилэн дансанд бүртгэлтэй байгаа талийгаач М.Мөнхбаатарын хувьд яг албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаагүй тул 30 сая төгрөгийн тэтгэмжийг ар гэрт нь олгосон. Ингэхдээ эхний ээлжинд 23 сая 800 мянган төгрөгийг ар гэрт нь олгож, сүүлд нь үлдэгдэл 6 сая гаруй төгрөгийг олгосон баримтыг иргэн Б.Цогтгэрэл мэдээлж байна. Шилэн дансны мэдээлэл нь иргэн бүрт нээлттэй. Мөн бусдад түгээх эрх нь ч нээлттэй. Тиймээс иргэдэд мэдээлэх гэж байгаа иргэн тухайн байгууллагаас нь үнэн бодит мэдээллийг авч түгээж байх нь зүйтэй” гэх тайлбарыг өглөө.
Дашрамд дуулгахад, генералын арга хэмжээнд 80 генерал оролцсон бөгөөд арга хэмжээнд нийтдээ 13 сая 54 мянган төгрөг зарцуулсан гэхээр нэг генералд 163 мянган төгрөг зарцуулсан байгаа юм.
Б.Чимэг
Zaluu.com