Ашиглалтад бүрэн оролгүй дөрөвдэх жилтэйгээ золгож буй Дарханы авто зам эхнээсээ хууларч байна. Тодруулбал, долоодугаар сарын 26-ны их хэмжээний борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг руу салах хэсэгт 140 метр зам үерийн усанд угаагдаж, эврэл үүсчээ. ЗТХЯ-наас эвдрэл гарсан зам дээр шуурхай ажиллаж, засварлахаа мэдэгдсэн. Гэвч анх 80 см зузаан болно гэж яригдаж байсан Дарханы зам нэг борооны дараа эвдэрсэн нь шүүмжлэл дагуулж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын тавны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан. Ингээд тендер зарлаж, 2019 оны зургаадугаар сараас ажлыг эхлүүлсэн ч хоёр, дөрөвдүгээр багц замыг хариуцсан Хятад компани ажлаа хаяад явсан. Нийт 137 сая ам доллар зарцуулах тус замын ажил санхүүжилт, ковид, гүйцэтгэгч компани, ажилчид зэрэг асуудлаас болж хэт удааширч, хариуцагчид нь дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь олон нийтийг бухимдуулж байгаа юм. Түүнчлэн Дарханы замын ажлын хэсгийн ахлагч Л.Халтар сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй гэж иргэд шуугиж байна.
“Л.Халтар сайд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын багцад хийж буй ажлыг газар дээр нь үзэж, шаардлагатай үүрэг, чиглэлийг өглөө” гэх мэдээлэл энд тэндгүй. Хянаж, шалгаад, ажлаа шахуу хийх үүрэг өгөөд байхад тус замын гүйцэтгэл төлөвлөгөөнөөсөө хоцорсоор. Эцэстээ ажил хариуцсан Л.Халтар сайд хүртэл ”Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” гэж бухимдсан. Тэрбээр “Энэ замын зовлонг дэндүү сайн мэдэж, эдэлж байгаа хүн бол би. Иргэд зам хурдан тавигдах ёстой л гэдэг. Дарханы замын хувьд ковидын нөхцөл байдал үнэхээр нөлөөлсөн. Бүтэн жил зогссон тоног төхөөрөмжүүдээ тосолж, арчилж, засвар үйлчилгээ хийсээр байтал есдүгээр cap гарсан. Энэ хугацаанд бороо, цас гээд цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэж ажил зогссон өдрүүд цөөнгүй. Харин ч сиймхийгээр нь ажилласаар байгаад овоо явсан” гэсэн юм.
Мөн авто зам ашиглалтад орох хугацааны талаар “Хоёрдугаар багц аравдугаар сарын 30-н гэхэд хатуу хучилттай замын зорчих хэсгийг нээхэд бэлэн болгоно гэсэн амлалтаа өгсөн. Бид үүнд 100 хувь итгэлтэй байгаа. Харин дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй байна” гэх тайлбарыг өгсөн.
Ийнхүү цаг агаар, хүн хүч, тоног төхөөрөмжөөр шалтаглан хариуцсан ажлаа дорвитой хийж чадахгүй сунжруулж байгаа Л.Халтар сайдыг ажлаа өгөхийг олон нийт шаардаж байна.