Ж.Батсуурь гишүүн танилаа танихгүй болтлоо айв уу!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 36 секунд
Ж.Батсуурь гишүүн танилаа танихгүй болтлоо айв уу!

Ж.Батсуурь гишүүн танилаа танихгүй болтлоо айв уу!

Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан, АТГ-аас 17 хүний нэрийг зарласан бол албан ёсоор зарлалгүйгээр олон хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нүүрсний асуудалд холбогдуулан шалгах бололтой. Бүр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг прокуророос ирүүлсэн гэх мэдээлэл бий.

Саяхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг, хилийн бүсэд байх “Андын илч” уурхай руу зэвсэглэсэн этгээдүүд халдсан дуулиан алсраагүй байна. Харин үүний цаана УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг бий хэмээн хэвлэл мэдээлэл болон цахим орчинд дэлгээд эхэлсэн. Энэ бол маш ноцтой асуудал. Ул суурьтай шалгаж, эзэн холбогдогч, учир шалтгааныг нь тодруулах ёстой. Энд УИХ-ын гишүүн байна уу, улсын Ерөнхийлөгч байна уу хамаагүй шалгах учиртай. Харин эрхэм гишүүн эрс эсэргүүцсэн тайлбар хийхдээ “Андын илч уурхайн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цээсүрэнг танихгүй. Би үүнд хамаагүй” гэх байр суурийг илэрхийлсэн.

Гэтэл Ж.Цээсүрэн нь Ж.Батсуурь гишүүний тун ойрын хүн гэдгийг эх сурвалжууд баримтаар дэлгэсэн. Тодотговол, 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ж.Батсуурьт холбогдох 336 тоот хавтаст хэргийг хэлэлцэхэд Ж.Цээсүрэн өмгөөлөгчөөр нь ажиллаж байжээ. Гэтэл танихгүй хэмээн гүрийж байгаагийн цаана маш том айдас байна гэдэг нь ойлгогдоно. Сайн танилаа танихгүй хэмээн мэлзэж байгаа нь улам бүр хардлага төрүүлж байгаа нь лавтай. Хэдхэн жилийн өмнө хэргээ өмгөөлүүлэн аврал эрж явсан эрхэм гишүүн хамтрагчаа мартах болтлоо юунд сандарна.

Ж.Цээсүрэнгийн хувьд урьд өмнө цагдаагийн байгууллагад Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд ахлах офицероор ажиллаж байгаад тодорхой хэрэгт шалгагдаж, улмаар цагдаагийн байгууллагаас халагдсан даруйд хувиараа өмгөөлөл үзүүлэх болсон гэдэг. Ийн явахдаа Ж.Батсуурийн түнш болж, аймгийнхаа ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон, өдгөө “Андын илч” уурхайд орон нутгийг төлөөлдөг ТУЗ-ийн гишүүн юм байна. Орон нутгаас өгч байгаа мэдээллээс харахад өнгөрөгч жил согтуугаар машин жолоодож яваад зогсоол дээр байсан машинуудыг ташраар нь мөргөсөн хэрэг үүсгэж байсан ч чимээ намдсан гэх мэтээр түүний тухайд таатай мэдээ алга. Ж.Батсуурийн хувьд ч Сүхбаатар аймгийг засаглаж байхаас эхлээд хэл ам дагуулсан. Хамгийн сүүлд АТГ-т шалгагдаж байхад нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэргээс мулталсан гэх яриа байдаг.

УИХ-ын гишүүний нэр холбогдоод буй уурхайд анх маргаан хэрхэн үүссэн тухайд товчхон ч гэсэн дурдах хэрэгтэй болов уу. Монголын талын хувь эзэмшигч болох Сүхбаатар аймгийн ИТХ-ыг төлөөлөн, ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг Ж.Цээсүрэн болон Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч асан Э.Лутбаяр нар нь Жан Чуан, Шин Вейдонг гэгч хятадуудыг авчирч, 51 хувь эзэмшигч “Жинжөү Бай Хуй” компанийн тамга тэмдэг, ерөнхий захирал Минг Фаншингийн гарын үсгийг хуурамчаар хийсэн албан бичиг үйлдэн, уг бичгийн дагуу ТУЗ-ийн хурал хуралдсан мэт зохион байгуулсан гэх мэдээлэл бий. Ингэхдээ эзэмшигчийн нэг гүйцэтгэх захирал н.Туяаг огт оролцуулж мэдэгдэлгүйгээр гүйцэтгэх захирлын суудлаас огцруулж, Жан Чуаныг оронд нь томилсон явдал нь зэвсэглэхэд хүргэсэн байх магадлалтай хэмээн орон нутгийнхан үзэж байгаа. Гэхдээ энэ маргаантай асуудал нь одоогоор шалгагдаж байгаа учраас энд ямар нэгэн тодорхой мэдээлэх боломжгүй юм. Гагцхүү УИХ-ын гишүүн “Андын илч” уурхайн Монгол талын хувь эзэмшигч Ж.Цээсүрэнг танихгүй хэмээн мэлзэж байгаа нь хууль хяналтын байгууллагынхан төдийгүй ард түмний хардлага төрүүлж шалгах нэгэн үндэслэл болсон. Миний хувьд ч хардаж байгаа хэрэг. Хардах шалтгаан ч бий. Тухайлбал, “Андын илч” уурхайн гүйцэтгэх захирал Жан Чуан Хятадаас Монгол Улсад уурхайн ТУЗ-ын гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ынхан, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нартай “Дарьганга” зочид буудалд шөнөжин наргихдаа эрхэм гишүүний сонгуулийн мөнгийг босгох тухай асуудал яригдсан гэдэг. Энэ үеэр хуурамч бичиг баримт хэрхэн үйлдэх талаар яриа өрнөсөн бололтой. Магадгүй саяхан болж өнгөрсөн зэвсэгт халдлагын эх үүсвэр “Дарьганга” зочид буудалд өрнөсөн байхыг ч үгүйсгэх арга алга. Хөрөнгө тойрон суугаад наргиж байгаа эр улс юу ч ярьж болно шүү дээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд энэ тухайд тайлбар хийхдээ “Монголын нийгэм үймээн шуугиантай, УИХ-ын гишүүнийг татна, татахгүй гэсэн ийм үед зохион байгуулалттайгаар намайг гүтгэсэн үйлдэл боллоо. Нэр бүхий сайт дээр "Хятад иргэд, зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гээд огт ямар ч холбогдолгүй зүйлээр гүтгэн доромжилж, мөнгөөр ивээн тэтгэж 300 орчим мянган хүнд тарааж, 5000 гаруй шэйр хийж, 2000-аад хүнээр намайг зүхүүлж "дүүжилнэ, ална, устгана" гэсэн байр сууринаас хандсан учир хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүй болсон юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Эрхэм гишүүн хэдийгээр ийнхүү мэдээлж байгаа ч сайн танилаа танихгүй болтлоо сандарч байгаагийн цаана юу байна вэ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

АН-д өгч буй МАН-ын сануулга
АН-д өгч буй МАН-ын сануулга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.