МАН-ыг Засгийн газраас гарч магадгүй гэх мэдээлэл гарч эхлэв. Энэ нь ч үнэний ортой болов. Тус намын бүлэг өнгөрсөн даваа гаригт намын байрандаа хуралдаж Засгийн газраас гарах асуудлыг ярилцсан гэнэ. Бүлгийн дарга С.Бямбацогтын өгч буй мэдээллээр бол уг асуудлыг албан ёсоор шийдвэрлээгүй ч намын зарим гишүүдээс ийм саналыг гаргасан нь үнэн гэнэ.
Тэрбээр энэ талаар “Ардчилсан намаас томилогдсон Ерөнхий сайд МАН-ыг Засгийн газарт хамтарч ажиллаач гэж урьсан. Тэр "Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагаа буруу байж. Энэ алдаагаа засч Засгийн газартаа хариуцлага тооцчихлоо. Цаашид улс орноо бодоод бидэнтэй хамтарч ажиллаач" гэж урилга ирүүлсэн. Удаа дараа бид уг асуудлаар бүлэг болон Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэж байж шийдвэр гаргасан. Ингэж хамтрахдаа бид эдийн засаг, улс төр, сонгууль болон Үндсэн хуультай холбоотой асуудлаар гэрээ байгуулсан. Олон асуудлаар тохиролцсон. Бид гэрээнийхээ дагуу ажиллаж байтал нөхдүүд гэрээнд тусгагдсан зүйлүүдийг хэрэгжүүлэхээс тодорхой хэмжээнд цааргалах, татгалзах, хойшлуулах оролдлогууд гарч магадгүй юм байна. Ийм байдлаар явбал эдийн засгийн хямрал, хүндрэлээс гарах нь юу болох бол гэдэг асуудал бүлгийн хурал дээр яригдсан. Үнэхээр ойлголцож, тохиролцоод явах түнш мөн үү биш үү.Дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөдөг гэдэг шүү дээ. Уг асуудал бүлгийн хуралд яригдсан байгаа. Гэхдээ албан ёсны шийдвэр гараагүй. Зарим гишүүдээс ийм санал гарсан” гэлээ.
Түүний хэлж буйгаас үзвэл хэрвээ АН хамтарснаа мартаж дээгүүрээ тэврэлдсэн мөртлөө доогуураа өшиглөөд байх юм бол Засгийн газраас гарах асуудлыг илүү хүчтэй хөндөж ярьж болно гэдгийг сануулж буй бололтой.
Тодруулбал, АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар МАН-ыг Засгийн газраас гарахыг шаардаж буйгаа олон нийтэлд зарласан. Үүний дараахан АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "МАН-аас шаардаж байна" хэмээн бас л хэвлэлийн бага хурал хийсэн. Мөн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нэгэн байнгын хорооны хурал дээр МАН руу дайрсан утга бүхий үгийг хэлсэн гэх мэдээлэл байна. Тиймээс Б.Гарамгайбаатарын тус мэдэгдлийг МАН-ынхан онцгойлон хурал дээрээ авч ярилцсан гэж эх сурвалж мэдээлж байна. Учир нь Б.Гарамгайбаатарын мэдэгдлийг Ардчилсан намын байр суурь гэж ойлгож байгаа аж.
Харин Л.Эрхэмбаяр "АН парламентад суудалтай бүх намуудтай хамтран Засгийн газраа байгуулж, ажиллаж байгаа. Энэ хугацаанд АН-аас албан ёсоор улс төрийн намуудын талаар байр сууриа илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэн. Засгийн газраа хамтран байгуулсан олон намын дотроос МАН-д хандаж төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон халж байгаа хууль бус ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна. Шалтгаангүйгээр төрийн албан хаагчдыг хомроголон халах асуудал Хөдөлмөрийн яам, БХБЯ, ЗТЯ, БОНХАЖЯ, МХЕГ, ОБЕГ-т хавтгайраад байна" гэсэн мэдэгдэл хийсэн билээ.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл АН-ын удирдлагууд “доод хүмүүс”-ээрээ дамжуулж МАН-ыг Засгийн газраасаа хөөлгөх ажлыг хийлгэж эхлүүллээ гэж үзэхээс өөр арга байхгүй юм.
Энэ болгонд нь МАН-ынхан таг дуугүй байсан. Тус нам хэдий болтол тэсэх вэ гэсэн бололтой бүлгийн хурлаараа уг асуудлыг хэлэлцсэн нь энэ аж. Шадар сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаандаа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаад бүлэг дүгнэлт хийж, шийдвэртэй алхам хийхгүй бол хүлээх боломжгүй гэж ярьсан гэнэ. Үүнийг нь Д.Хаянхярваа гишүүн баталж “Манай намын бүлэг Засгийн газарт хамтарсан нь хэр үр дүнгээ өгч байгааг байнга анхааралдаа авч ажиллана” гэж хэлэв. Тус бүлгийн гишүүд Тавантолгойн асуудал шийдэгдэхгүй бол эдийн засаг улам хүндэрнэ. Гэтэл АН уг асуудлаар талцаж хуваагдаад дорвитой шийдвэр гаргахгүй байна. Дээр нь эрх баригч хүчний зүгээс Ардын намынхныг Засгаас хөөх боллоо. Хөөгдөн, хөөгдөн Засагт байх хэрэг бий юм уу. Төслөө хөдөлгөе, эдийн засгийн хүндрэлийг даван туулъя гэж МАН Засагт хамтарсан. Хамтарсан шалтгаанаа эргэн харж, асуудлыг бодитой дүгнэх ёстой гэх мэтээр ярилцжээ. Гэхдээ Засгаас гарч, орох нь тоглоом биш учраас АН-ын удаа дараагийн мэдэгдэлд дээрх хариултыг өгөөд үзье гэх үүднээс дээрх тайлбарыг С.Бямбацогт өгсөн биз ээ.Уг нь МАН-ынхан "Өр нэмбэл Засгаас гарна", "Эдийн засгаа сэргээхгүй бол засгаас гарна", "Бодлого хэрэгжихгүй бол засгаас гарна", "Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол засгаас гарна" гэх мэт сүржин мэдэгдлүүдийг хийж байсан билээ.
Т.Энхэлээ
Эх сурвалж: 25tsag.mn