-аян замын тэмдэглэл-
Холдоо хол гэх ... сэтгэлээ дэвсээд нутгийн зүг, их Алтайнхаа зүг хөлгийн жолоо заллаа. Яарсан сэтгэлийн үзүүрт цэнхэрлэж харагдах уулс, тэртээх тэнгэрийн хаяагаар зэрэглэж зэрэглээнд нь уусаж алдан, нисэж, буун намайг хүлээх нь хадаг дэлгэсэн мэт. Энэ хадган цэнхэр уулс холдох бүрий хөхрөгчийн өнгөнд уусах нь тэнгэрийн авшигтай мэт. "Ийм л хол Алтайдаа” гэж Алтай нутгийн хүү гавьяат Бямбаа нэгэнтээ дуу алдсаныг уншиж л байлаа. Нээрээ л тийм юм даа. Говийн сайхан Алтайн хойд сэжүүр, алдарт Хүйсийн говийн зүүн хормойд морин уулаараа нэрлэсэн нэгэн сум байх. Хөхморьт гэх энэ сум зүүд зөнгийн алаг замбуулинд онож заяасан газраа цагийг элээж, нутгаа гэсэн сэтгэлтэй хоёр мянга гаруй хүн зон нь голомтоо сахин амьдарсаар.
Хөхморьт хайрханаа нутгийнхан “Өвгөн буурал” хэмээн дээдэлдэг. Үнэхээр л энэ уул алсын алсаас бараатай. Орой дээрээс нь тунгалаг өдөр Очирваань хайрхан харагддаг гэдэг. Талын хөх салхинд илбүүлэн байж орой дээр нь гарахад эргэн тойрон алган дээр тавьсан мэт тодрох нь гайхалтай. Баруун тийш харвал алдарт Сутай хайрханы мөнгөн дуулга сүү дусаасан юм шиг цайраад, зүүн тийшээ харвал Монголын их элс шаргалтан Сангийн далай нуурандаа дүрээ унаган налайна. Ай даа... нутаг минь дүрээрээ. Хойшоо харвал Хөхморьт сумын төв хунгийн сүрэг шиг цайрна. Ай тэнд л бага насны минь мөрөөдлийн мөнгөн жигүүр өдөлж, дотуур байр, сургууль хоёрын хооронд түүчээлж өнгөрсөн дөө. Байшин бүхэн нь миний тоонот юм шиг дотнохон цайрахад сэтгэл аяндаа тэмүүлэхийн моринд дөрөөлөх юм даа. Нутгаа санаад, санахын зөнд хөтлөгдөөд гол зүйлээ ярилгүй зөндөө хулгасан байна.
Хөхморьт уул домог түүхтэй. Сайхан хөх морины тухай... Энэ уулыг тойрч өссөн адуу хурдан байх нигууртай. Тэгээд ч нутгийн адуу нутагтаа уралддаг байхад уясан бүхэн нь цулбуур өргөдөг байсныг би сайн мэдэх юм. Говь-Алтай, Ховд, Завхан гээд тойрсон аймгуудын хаяа бэлчээр залгаа сумдад Хөхморьтын морьд очиж гэмээнэ айраг, түрүү алддаггүй хурдан хурц ажнайнууд үе, үедээ алдаршиж, нутаг, усаа дуудуулж байсан юм. Тэр бүхний хамгийн шинэхэн нь энэ л нутгийн сайн уяачдын нэг Дагваагийн унаган адуу, аймгийн алдарт уяач “Морьт-Галуут" уяачдын галын тэргүүн Түвдэннямын Ганзоригийн ажнай хурдан бор морь юм.
Энэ л сайхан хүлэг Өвгөн буурал уулаа, өргөн түмэн нутгийн олноо, уясан эзнээ, унасан хүүхдээ хичнээн ч удаа магнай тэнийлгэн баярлуулав даа... Нутгийнхаа нэрийг алдаршуулсан ажнай хүлэг гэдэг үнэхээр л молор эрдэнэ юм аа. Түвдэннямын Ганзоригийн бор морь шүдлэн наснаасаа хурдалж, цэнгэл баярын босоо хийморь нь өөдөө ассан хүлэг юм. Хурдан бор морь шүдлэндээ Завхан аймгийн Дөрвөлжин суманд түрүүлж, соёолон насандаа Говь-Алтайн баяр наадамд аман хүзүүлж, мөн тэр жилээ Говь-Алтай аймгийн ах, дүү хоёр тод манлай уяач "Максын" гэх тодотголтой уяачдын Баян-Уул суманд болсон мялаалгын наадамд түрүүлж, хавчиг насандаа Хөхморьт сумын сургууль байгуулагдсан ойд аман хүзүүлж, Морьт-Галуут галын баярт түрүүлж, их насандаа 2012 оны Говь-Алтай аймгийн баяр наадамд аман хүзүүлж, мөн тэр жилээ баруун бүсийн даншиг наадамд гуравт давхижээ... Ийм л сайхан хүлэг Хөхморьт уулынхаа сүрлэг овооны дэргэд чагнаархан зогсож, номын дуутай, ёсын жудагтай зодог тайлж байна.
Хөх бор морины зүсээр алдаршсан Өвгөн буурал хайрхан арвандолоодугаар жарны “галзууруулагч” хэмээх модон хонин жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 19 буюу шар нохой өдөр ийнхүү зүс нийлсэн сайхан хүлгээ хотойн байж оргил овоон дээрээ зодгийг нь тайлан онголж байна. Хүлэг, нутаг хоёр нэгэндээ ээнэгшин байх энэ л хором ямархан сэтгэл хөвөлзүүлсэн агшин байсан гэж санана. Үүлэнд умбан алдах сайхан хүлэг морин буурал уулынхаа зоон дээр нэг л амгалан байх юм. Номын дуу сонсож, ариусахын ялдамд хуурын дуунд уяран уруулаа өмөлзүүлэн нулимсаа барьж ядсан уяач, морь хоёрыг харахад нүдэнд аяндаа нулимс хуран мэлтэрч байлаа... Хүн, байгаль, хүлэг гурав хүйн холбоотойн “амьд гэрч” нь болсондоо би ч их баярласан. Чухамдаа энэ хүлэг Алтай нутгийн унаган хүлгүүдээс аймагтаа хамгийн илүү амжилт гаргаснаараа, Хөхморьт сумаас хамгийн их амжилт гаргаснаараа онцлог юм.
Одоо мэдээллийн хурд, техникийн хурд, хөгжлийн хурд, бэл бэнчингийн хурд дамжин зүүн аймгуудаас зөөж ирсэн хурдан хүлгүүдийн “зуд” болж байгаа үед нутгийнхаа хөрс шороонд тэнцэж, нутгийнхаа хөх тэнгэр доор хурд юугаа хуваалцсан ийм хүлэг тун ч ховор билээ... Үүлэн зүстэй хурдан бор мориндоо зориулж нутаг усны зон олонтойгоо баяр хуваалцаж их насны морьд уралдаж, 32 бөх барилдаж бэсрэг наадам хөгжөөлөө. Их насны морины уралдаанд 50 шахам хурдан хүлэг давхиснаас мөн л бэлгэшээл мэтээр үүлэн бор морь түрүүлсэн нь Хөхморьт сумын уугуул аймгийн алдарт уяач А.Цэцэнбандийн ажнай байлаа.
Ингэж Хөхморьтын хөх тэнгэр доор хөх морины домогтой ууландаа хурдан бор морио онголж хүндэлсэн их насны морины уралдааныг үзээд наадмын дэвжээг нар зөв тойруулан бодож ахуйд аргагүй л "гурван бор" давхацсан байлаа... Бор морийг онголж зодог юуг нь тайлан ижил сүрэгт нь тавихад санаа нь амарсан ч юм шиг, эсвэл нэг их гэрэвшсэн аятай дөхөж очоод хэнзэлж ургасан хөмүүл, хялгана хазлан захалсхийх нь хүртэл нэг л торгон агшин байсан шүү... Сайхан хүлэг морь, сайхан уяач эзэн хоёр энэ өдөр хэдэн ч удаа хоолой нь зангирч, хэдэн ч удаа нулимсаараа сэтгэлээ нэрсэн гэж санана. Ай даа, “гурван бор” давхацсан өдрийн наран Сутай хайрханы зүгт хоргодон хоргодон уруудсаар авай...
Хөхморьтын морьд хөхморьтдоо бий
Хөхморьт уулынх нь домог сэтгэлд бий
Хөхмориных нь удам сүрэгтээ бий
Хөх уулынх нь сүр тэнгэртээ бий... гэж аян замын тэмдэглэлээ жаргаая даа.
Сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр