Ерөнхийлөгч АНУ-ын Конгерссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 4 секунд
Ерөнхийлөгч АНУ-ын Конгерссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч АНУ-ын Конгерссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АНУ-ынКонгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Гаалт, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Давид Прайс, Сусан Дэвис, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр нь АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд суудалтай 2 намын 20 гишүүнээс бүрддэг бөгөөд шинэ тулгар ардчилсан орнуудын хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох зорилготой байгууллага юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Конгрессийн эрхэм гишүүдийг Монгол Улсад хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд эрх чөлөө, ардчиллын оронд тавтай морилохыг урилаа. Мөн ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд АНУ-ын Сенат, Конгрессийн зүгээс дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв. Монгол Улс  ардчиллын туршлагаа бусадтай хуваалцаж, өөрийн энхийг сахиулагчдыг Ирак, Афганистан зэрэг оронд илгээн ажиллууж байгааг хэллээ.

Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам Конгрессийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж байгаад хариу талархал илэрхийлэн АНУ, Монгол Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа онцлон хэлэв. Үүний дараа төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Тэд Монголын ардчилал хэрхэн гүнзгийрэн хөгжиж байгаа, авлигатай хийж буй тэмцлийн үр дүн болон бүс нутгийн зарим асуудлаар хариулт авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний асуултад хариулахдаа “Ардчилал, эрх чөлөө бол монгол хүн бүрийн эрхэмлэн дээдэлдэг төрөлхийн үзэл баримтлал юм. 1990 онд ардчилалд хөл тавьснаас хойш Монгол орон ихээхэн өөрчлөгдөн хөгжиж байна. Тухайлбал, 1990 онд орон даяар телевизийн ганц суваг, нэг радио, өдөр тутмын 5 сонинтой байсан бол өнөөдөр эдгээрийн тоо хэдэн зууд хүрснээс гадна олон нийтийн мэдээллийн сүлжээ хүн бүрийн хэрэглээ боллоо.

Монгол бол парламентын засаглалтай орон. Монголд ардчиллын институциуд амжилтай хөгжиж байна.

Монгол Улс хөрш хоёр оронтойгоо урт удаан хугацааны түүхэн харилцаатай. Гэхдээ монголчуудын баримталдаг зарчим өөр. Монголчууд иргэн хүчирхэг, эрх мэдэлтэй байж улс орон хүчирхэг байна гэж үздэг. Монголчууд 26 жил буюу хүний нэгэн үеийн туршид ардчиллаар замнаж, одоо дараагийн шинэ үе төрж байна.

Монгол Улс бүс нутагтаа ч ардчиллыг дэмжих, энх тайвныг хөгжүүлэхэд өөрийн гэсэн үүрэгтэй оролцдог. Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагын дор Хойд, Өмнөд Солонгос, Японы хоорондох зарим хаалттай асуудлуудаар Монгол Улс зуучлан нутаг дээрээ уулзалтууд хийлгэж ирсэн. Киргиз, Мьянмар зэрэг оронд Монголын ардчилсан сонгуулийн туршлагаар чөлөөт сонгуулийг амжилттай явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Умард Солонгост айлчлахдаа Ким Ил Сений нэрэмжит Их сургуульд ардчиллын сэдвээр лекц уншсан нь олон нийтийн анхаарлыг их татсан.

Авлигатай хийх тэмцлийг Монголд эрчимтэй өрнүүлж, Трансперенси интернэшнл байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын авлигын индекс 120 дугаар байраас 72 руу орж, авлига буурч байна. Хууль, эрх зүйн салбарт шинэчлэл явуулж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өдгөө УИХ 11 эмэгтэй гишүүнтэй, сонгуульд өрсөлдөгчдийн 20 хувьд эмэгтэйчүүдийн квот тавьж өгсөн” гэлээ.

Мөн Монголын эртний түүхээс сонирхууллаа. Ираны музейн үзмэрийн нэлээд хувь нь Монголын түүх, соёлтой холбоотой байдаг. Монголын өвөг дээдэс тэнд анхны эмнэлэг, сургууль, одон орон судлалын төвийг байгуулж байсан. Монголын нууц товчоонд Чингис хааны намтрыг түүхэн үйл явдалтай нь холбон өгүүлсэн байдаг зэргийг танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд улс орнуудын түншлэлд хүн хоорондын харилцаа чухал байдгийг тэмдэглэж, Монголын ардчиллын үйлст амжилт хүсэв.

Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр нь 1990 онд Төв болон Зүүн Европын 10 орны хууль тогтоох байгууллагыг дэмжих зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг байсан бөгөөд 2005 онд АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дэргэд “Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих хороо” болон өргөжжээ. Улмаар 2013 оноос Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр болж, өнөөдрийн байдлаар 17 орны хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс 2006 оноос Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрт хамрагдаж, үйл ажиллагаанд нь УИХ-ын төлөөлөл тогтмол оролцож иржээ.

Газрын ховор элемент Лугийн орд Солонгос эздийн гарт оржээ
Газрын ховор элемент Лугийн орд Солонгос эздийн гарт оржээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.