Б.ТАМИР
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүн гарчээ. Өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.6 мянган төгрөг буюу 3.9 хувиар буурч, өмнөх улирлаас 25.5 мянган төгрөг буюу 1.8 хувиар өсжээ.
Нэг өрхийн сарын дундаж нийт орлогын хэмжээ 2021 оны эхний улиралд 1.1 сая төгрөг болсон гэсэн статистик гарчээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр иргэд хүнсний дэлгүүрээс өдрийн хүнсээ зээл авч залгуулсаар байсан ч дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч, дахин зээл өгөх боломжгүй болсон дүр зураг хаа сайгүй байна. Энэ бол цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямрал иргэдийн хэтэвчийг хоосолж байгаа бодит жишээ.
“ИРГЭД ЭРГЭЭД ХҮНС ЗЭЭЛЭЭР АВААД ЭХЭЛСЭН”
Баянзүрх дүүргийн XXI хороонд хүнсний дэлгүүрийн худалдагч С.Нарандулам “Манайх энэ хороондоо хүнсний дэлгүүр ажиллуулаад арваад жил болж байна. Жижиг дэлгүүр учраас бид энэ хороондоо амьдардаг, байнгын үйлчлүүлэгч нартаа зээл өгдөг. Гол төлөв ахмадууд зээл авна. Сүүлийн үед зээлээр хүнс авах хүсэлтэй хүмүүс эрс нэмэгдсэн. Улсаас 300 мянган төгрөг өгсний дараа хүмүүс өрөө төлөх нь арай дээр болсон. Гэсэн хэдий ч одоо эргээд зээл авч эхэлж байна. Энэ хорооныхоо хүмүүсийн амьдралыг мэддэг, ойлгодог учраас зээлээр хүнс өгдөг ч байнга их хэмжээгээр өгөөд байх хэцүү. Эргээд бид бараагаа татахад хүндрэл учирч, эргэлтийн мөнгө түгжигдэхэд хүрээд байна. Сүүлийн саруудад манай хүнсний дэлгүүрийн орлого 30-40 хувиар буурсан” гэв. Эднийх нийтдээ нэг сая гаруй төгрөгийн хүнсийг зээлээр олгожээ. Тус дэлгүүрт хамгийн багадаа 6000, ихдээ 100 мянган төгрөгийн өртэй хүмүүс байна. Баянзүрх дүүрэг бол Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг. Гэсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин 48.1 хувь, ажилгүйдлийн түвшин 9.9 хувь буюу Улаанбаатар хотын дундаж түвшингээс харьцангуй доогуур байдаг байна.
“СТАТИСТИКИЙН ТАЙЛАНД ӨРХИЙН ОРЛОГО НЭМЭГДСЭН Ч БОДИТ БАЙДАЛ ДЭЭР БУУРСАН”
Сүүлийн саруудад өрхийн орлого буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар бүр тогтмол нэмэгдсээр буйг бид өмнө нь мэдээлж байсан. Гэвч статитистикийн газраас гаргасан тайлан бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.
Өнгөрсөн жилд эдийн засаг зургаан хувиар агшиж, өмнөх оны гуравдугаар улиралд гэхэд л 70000 гаруй ажлын байр хумигдсан гэсэн судалгаа гарсан. Энэ хэрээр ажилгүй иргэдийн тоо өсч хүнсний дэлгүүрээс хүнсээ зээл авах иргэд нэмэгдсэн байна. Картандаа мөнгөө хадгалдаг, бэлэн мөнгөөрөө хүнсээ авдаг хүмүүс хадгаламжинд байсан мөнгөө үрээд дууссан, ажил хийдэг, зээл авдаггүй байсан хүмүүс хүртэл зээлээр бараа бүтээгдэхүүн авдаг байсан тухай худалдагч ярьж байна. Цар тахлын улмаас үүссэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг олон талаас нь судалсан судалгаанууд хийгдэж байгаа. Гэвч иргэдийн өнөөгийн амьдрал, өрхийн эдийн засгийн бодит байдлыг хамгийн ойроос, хамгийн бодитоор нь хүнсний дэлгүүрийн өрийн дэвтрээс харж болохоор байна.
Эх сурвалж: Tumen.mn