Цорж лам Санжжавын занданшуулсан шарилыг нутагт нь буцаах шийдвэр цуцлагдаагүй ажээ. Хэд хоногийн өмнө зарим эх сурвалжууд “Хулгайлагдсан уг занданшуулсан шарилыг нутагт нь буцаахгүй” хэмээн мэдээлж байлаа. Цорж Санжжавын занданшуулсан шарил одоо хаана хадгалагдаж байгаа, ажлын хэсгийн дүгнэлт бүрэн гарсан эсэх, тэрхүү шарилыг Архангай аймгийн Цахир сумын нутгаас хулгайлсан этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа ямархуу шатандаа яваа зэргийг холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм. Хулгайлагдсан тэрхүү занданшуулсан шарил одоогийн Архангай аймгийн нутагт амьдарч байсан Гэсэр ламын шав Цорж Санжжавынх мөн гэдгийг шинжээч, судлаачид нэгэнт тогтоогоод байгаа ажээ. Эртний ёс заншил, буддын соёл, зан үйлийн талаас нь манай эрдэмтэд, лам хуврагууд, нутгийн иргэд шарилыг уугуул нутагт нь аваачиж, анх оршуулсан яг тэр янзаар нь залахаар шийдсэнийг Хууль зүйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэн зэргээс томилогдсон ажлын хэсгийнхэн огт өөрчлөөгүй гэж энэ ажлын хэсэгт ажиллаж буй бурханч лам Г.Пүрэвбат өнөөдөр утсаар хэллээ. Мөн тэрбээр, “Удахгүй ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гарна. Энэ үеэр бүх зүйл тодорхой болно” гэсэн юм. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүү ”Занданшуулсан шарилыг хулгайлсан этгээдийг булш сүйтэгсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Занданшуулсан шарилыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хадгалж байна. Энэ шарил нь хосгүй үнэт өв биш” гэлээ. Занданшуулсан шарил хулгайлсан хэргийн талаар цагдаагийн байгууллага энэ оны нэгдүгээр сарын эхээр анх олон нийтэд мэдээлсэн юм.
Эх сурвалж: Tumen.mn