“Аав аа” гэж дуудах сайхан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 46 секунд
“Аав аа” гэж дуудах сайхан

“Аав аа” гэж дуудах сайхан

 

 

Одоогоос яг есөн жилийн өмнө юм. Дөрвөн дүү, эгч, ээжийгээ нутагтаа орхиод их хотод “хөгшин” оюутан болоод ирсэн би хоёрдугаар курстээ суралцаж байлаа. Хүүхэд байхаасаа л шүлэг зохиолыг нь шимтэн уншиж, шүтэн биширч явсан томоохон зохиолчидтойгоо уулзаж, урмын үг сонсч, заримд нь зэмлүүлж, зэмлүүлснээ шагнал хэмээн баярлаж явахдаа гэр бүлийнхнээ бараг мартсан байх. Манай суманд одоогийнх шиг утасны сүлжээ ороогүй байсан болохоор хааяа нэг ээжтэйгээ захидлаар харилцана. Нэг өдөр хичээлийн завсарлагаанаар танихгүй дугаар залгахаар нь автал:
-Байна уу?
-Байна, хэнтэй ярих вэ?
-Аав нь байна аа, миний хүү сайн уу? гэв
“Аав нь байна” гэдэг үг намайг бүр гайхашруулж орхив. Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй, түгдрэн байснаа “Хэн гэнэ ээ” гэхэд зүрх маань хурднаар түг түг цохилж эхэлсэн юм. Надтай “Аав нь байна” гэж ярих хэн байдаг билээ хэмээн хэсэгхэн гүн бодолд автлаа. Тэр үеэс долоон жилийн өмнө аав маань тэнгэрт дэвшснээс хойш би гэдэг хүн энэ орчлонд “Аавын хүү, миний хүү” гэх үгийг сонсоогүй бөгөөд хааяа ч болов “Аав аа” гэж дуудмаар санагддаг байж билээ. Аав маань уртын дууг сэнгэнэтэл сайхан дуулна. Хааяа бөгтөр цавьдар морио эмээллэж унаад Арбулагийн гол өгсөөд давхиж одно. Оройхон халамцуухан, эмээл дээрээ хазгайдуу суугаад “Эрдэнэ засгийн унага нь 
Эрэмгий болоод жороо доо
Элст манхан нутагтай
Эмгэн буурал ээжтэй шүү...” хэмээн уянгалтал дуулсаар ирнэ. Тэгээд бас болоогүй ээ “Миний дуулахыг морьтой хүн бууж, босоо хүн сууж сонсоно” хэмээн хөөрхөн онгирчихно. Нутгийнхан аавыг ихэд хүндэлж, орсон айл бүхэн нь халуун яриа дэлгэж, аль байдаг нэрмэлийн шимтэйгээсээ дайлна. Харин намайг харахаараа “Аавыгаа хувилсан юм шиг адилхан” гэнэ. Ааваас маань хойш ч нутгийн олон “Аав шигээ сайн хүн болоорой. Эцэг чинь түмэнд нэртэй хүн байсан юм шүү” гэж их захидагсан. Ер нь, тэр үед надаас бусад нь аавтай юм шиг санагдаж, асар ихээр ганцаардаж, тийм дээ ч гэрээ, ойр дотны хүмүүсээ орхиод гарч билээ. Харин надтай “Аав нь байна” гэж ярих хүнийг бодлоо нэгжээд ч олсонгүй. 

 

-Сайн, сайн байна уу, гэхдээ та дугаар...

 

-Аан, би Чанцалын аав байна аа, миний хүүгийн хичээл сурлага өндөр үү?

 

Тийм ээ, тэр хүн миний найз охины аав нь байж билээ. Хүний амьдралын хүрдийг би “Үргэлж л хагацаж байдаг” хэмээн буруу бодсон байж. Гэтэл дундарсан нь эргээд дүүрдэг, нөхөгддөг юм байна гэдгийг тэгэхэд л би ухаарсан даа. Би одоо ч “Аав аа” гэж дуудах аавтай хүн. Харин бурхан гэж байдаг л юм бол аавыг маань урт удаан наслуулж хайрла...!

 

Эх сурвалж: Unen.mn

 
Чоно борооноор ЧОЙНОРОВ сиймхийгээр нь…
Чоно борооноор ЧОЙНОРОВ сиймхийгээр нь…
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.