“Ядаж бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц хүнийг ЕС-д дэвшүүлбэл зөвшилцөхөд бэлэн”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 24 секунд
“Ядаж бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц хүнийг ЕС-д дэвшүүлбэл зөвшилцөхөд бэлэн”

“Ядаж бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц хүнийг ЕС-д дэвшүүлбэл зөвшилцөхөд бэлэн”

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэх шийдвэр гаргасан.  Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бүлгийн дарга С.Бямбацогт нар албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “ АН-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдөр МАН-д Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн талаар зөвшилцөх бичгийг явуулсан.  Харин 18-нд манай намын Удирдах зөвлөл, бүлэг хуралдаж  шийдвэрээ гаргалаа. Улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг хямралын хэмжээнд хүргэсэн, улс орныг өрийн дарамтад оруулсан, шинэчлэлийн гэх нэртэй огцорсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнийг Ерөнхий сайдад томилох энэ саналыг зарчмын хувьд дэмжих боломжгүй гэж үзлээ.  Шинээр байгуулагдах Засгийн газар бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг түргэн, шуурхай шийдвэрлэж,  шинэ арга барил, санаачлага гарган ажиллаж байж хямралт байдлаас гарах ёстой.  Мөн өмнөх засгийн алдаатай бодлогуудыг засах ёстой.  Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө тавигдаж байгаа хамгийн чухал зорилт.  Тиймээс өмнөх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн  уг тавигдаж буй шаардлагыг биелүүлж чадахгүй гэж үзэж байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдвэрлэх, тодорхой мэдлэгтэй, туршлагатай, УИХ дахь бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц, улстөрийн намуудтай ойлголцож чадах тийм хүнийг Ерөнхий сайдад дэвшүүлбэл зөвшилцөхөд бэлэн” гэлээ.  Энэхүү шийдвэрээ өнөөдөр АН-ын дарга З.Энхболдод албан бичгээр хүргүүлсэн байна.  

 

Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргье.  

 

-МАН Ерөнхий сайдад  нэр дэвшигч дээр хоёр хуваагдсан гэх мэдээлэл.  Үүнд тайлбар өгөөч.  МАН дотроо бүрэн ойлголцож чадсан уу?

 

Ж.Мөнхбат

 

-Зарим нэг хэвлэл мэдээллээр МАН хоёр хуваагдсан гэх мэдээлэл гарсан байна лээ.  Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг хэлье.  Даваа гаригт намын Удирдах зөвлөл хуралдсан.  Хуралдаанаар нэр дэвшигчийн байр суурь болоод АН-ын байр суурийг сонсьё гэдэг үүднээс бүлгийн хурал дээр Ч.Сайханбилэгийг урьсан. Үүний дараа УИХ дахь намын бүлгийн гишүүдийн саналыг сонссон.  Түүнээс энэ асуудлаар бүлэг хуралдаж улстөрийн эцсийн шийдвэр гаргаагүй.  Ийм хуулийн заалт ч байхгүй.  Өөрөөр хэлбэл, санал хураалт явагдаагүй гэсэн үг.  Харин эцсийн шийдвэрийг намын Удирдах зөвлөл гаргасан.  Удирдах зөвлөлийн  олонхи нь Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн.  Түүнээс бүлэг нь нэг шийдвэр гаргаад, УЗ өөр шийдвэр гаргасан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

 

МАН шинээр байгуулагдах засагт орох уу?

 

-АН-аас Ардын намд зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх санал ирсэн.  Түүнээс хамтрах эсэх асуудал Ардын намд ирээгүй.  

 

УЗ-ын шийдвэрийг МАН-ын бүлэг нь дагаж мөрдөнө гэсэн үг үү. УЗ-д хэдэн хүн байдаг вэ. Ер нь ямар үндэслэлээр Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа юм?

 

М.Энхболд

 

-МАН-ын УЗ улстөрийн шийдэл гаргадаг. Улстөрийн намын тухай хуульд намын бүлэг, намын УЗ-ын хооронд харилцан ажиллах талаар тодорхой заагдсан байдаг.  Энэ дүрэм журмын дагуу бүлэг, УЗ үйл ажиллагаагаа явуулдаг.  МАН-ын УЗ 21 гишүүнтэй.  Нийт гишүүдийн 63 хувь нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан.  

 

УИХ-д суудалтай бүх улстөрийн намуудад засаг байгуулах саналаа АН явуулна гэж байсан.  ИЗНН, болоод “Шударга ёс” эвслийн бүлэгт санал хүргэгдсэн гэсэн.  Харин МАН-д хамтарч засаг байгуулах санал очоогүй юм уу?

 

-Ж.Мөнхбат

 

-Өчигдөр АН-ын дарга бүлгийн хуралд оролцсон.  Ингэхдээ өмнөх Засгийн газарт хамтарч ажиллаж байсан “Шударга ёс” эвсэл ИЗНН-д хамтран ажиллах бичгийг явуулсан гэсэн.  Харин МАН-д АН-аас засагт хамтарч ажиллъя гэсэн албан ёсны хүсэлт ирээгүй.  

 

-Ч.Сайханбилэгийн асуудлыг чуулганаар хэлэлцэх байх.  Энэ үеэр бүлгийн гишүүд ямар байр суурьтай оролцох юм бэ?

 

С.Бямбацогт

 

-МАН нэгдмэл удирдлагатай, хамтын шийдвэр гаргадаг байгууллага.  Хамтын шийдвэр дээрээ хэзээд нэгдсэн байр суурийг хадгалж ирсэн. Цаашид ч тийм байна.  УЗ шийдвэр гарсан.  Тиймээс бүлэг энэ шийдвэрийн дагуу хандана.  Нөгөө талаар  Ерөнхий сайд томилогдсны дараа өөрөө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирнэ.  Энэ үйл явц болоогүй байгаа.  

 

-АН, МАН хамтарч засаг байгуулна гэдгийг хэвлэлийнхэн хэлэхгүй байгаа шүү дээ.  Харин танай намын бүлгийн гишүүд энэ талаар яриад байгаа?

 

-М.Энхболд

 

-УИХ-ын гишүүд өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлэх ёстой.  Гэхдээ тухайн асуудлыг хэлэлцэхэд намын бүлэг нэгдсэн ойлголтод хүрч, тэр гарсан шийдвэрийг дагаж ажиллах ёстой.  Энэ байдлыг манай бүлэг хатуу барьж ажиллаж ирсэн.  

 

-Олон нийт Засгийн газрыг хурдан байгуулах хүсэлтэй байна.  Тэгэхээр МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлэхээр гацаа үүсэх гээд байна аа.  Хэрвээ улс орноо бодож байсан бол арай өөр шийдвэр гаргаж болоогүй юм уу.  Эсвэл улстөрийн тоглолт хийгээд байгаа юм уу?

 

-Арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон.  Харин бид арваннэгдүгээр сарын 17-ныг хүртэл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх саналыг ирүүлэх байх гэж харсан.  Үндсэндээ хоёр долоо хоног АН ҮЗХ-ны хурлыг хийж хугацаа алдсан.  Бид засаг төр гацаах зүйл огт хийгээгүй.  17-ны өдөр өгсөн бичгийн хариуг 18-ны оройн хурлаар шийдсэн.  Бид эрх ашгийг эрэмбэлж байгаа.  Бид засгийг хурдан байгуулах, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах гэдэг зарчмын байр суурин дээрээ байгаа.  Гэхдээ түүнээс илүү шинэ Засгийн газарт ажиллах хүмүүсийн чадвар, өмнөх Засгийн газрын алдааг засч чадах хүнийг томилох нь цаг хугацаанаасаа илүү ач холбогдолтой.  

Эх сурвалж unen.mn

 

Төмөр зүрхийг 2018 онд хүнд суулгана
Төмөр зүрхийг 2018 онд хүнд суулгана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.