Г.Эрдэнэтуяа: Хэн бүхэнд хүндлэлтэй хандах нь хүн байхын утга учир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 24 секунд
Г.Эрдэнэтуяа: Хэн бүхэнд хүндлэлтэй хандах нь хүн байхын утга учир

Г.Эрдэнэтуяа: Хэн бүхэнд хүндлэлтэй хандах нь хүн байхын утга учир

Энэ удаагийн “Хувилбартай асуулт” булангийн зочин хойморт ҮБХИС-ийн Санхүүгийн хэлтсийн дарга, Ерөнхий санхүүч дэд хурандаа Г.Эрдэнэтуяа уригдлаа.

Та ямар улиралд төрсөн бэ?

-Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол баясаж, төр улс даяараа түвшин сайхан цэнгэх төгөлдөр их баярын шинийн гурванд аав, ээждээ ирсэн энхрийхэн охин нь билээ, би. (Инээв)

Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал...

-Зах зээлийн салхи сэвэлзэж, аливаа юмс хомсхон байсан үеийн сурагч учир ахынхаа гахайн ширэн гутлаар гоёж, офицер цүнхээр гангардаг байв. Манайх тухайн үед Эрдэнэтолгойд амьдардаг байсан юм. Тиймээс хичээлдээ явах замыг товчлон БХИС-ийн хашааг давж “танхайрах” үе зөндөө. Харуулд зогсоо цэрэг ах “буудлаа шүү” гэж сүрдүүлнэ. “Чадвал бууд даа” гэж хэлчхээд зугтчихдаг байж билээ.

Таны хүндэлдэг хүн...

-Хэн бүхэнд хүндлэлтэй хандах нь хүн байхын утга учир, нэг л удаа элээх амьдралын мөн чанар юм уу даа. Ер нь тэгээд хүн бүхэнд хүндлэл хүлээх нандин чанар байдаг шүү дээ.

Таны бахархал...

-Амьд бурхад аав ээжээрээ, аз болж тэднийгээ олж, ашид мөнхийн эх орноо онож мэндэлснээрээ бахархаж бас үргэлж талархаж амьдардаг. Мөн мөрдэс зүүсэн цэргийн бүсгүйн замаар цэх шулуухан алхаж яваа өөрөөрөө омогших нь бий.

Таны шүтлэг...

-Аавыгаа шүтэж амьдардаг. Мэдээж бас Монгол түмний нийтлэг жишгээр Буддын шашныг даган баясаж засал ном хийлгэдэг дээ.

Шүтдэг уул...

-Аавынхаа унасан газар, угаасан ус арын сайхан хангай нутгийг бүхлээр нь шүтдэг. Тэр тусмаа аавынхаа хүй цөглөж, хөлд орсон газар шороог эрхэмлэн дээдэлдэг.

Эх орон гэж юу вэ?

-Өвөг дээдсийн минь халуун амь, бүлээн цусаар тамгалагдаж, бидэнд өвлөгдсөн газар шороо, хил хязгаар.

Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?

-Хайр өөрөө их өргөн агуулгатай. Аав ээж, ах эгч, анд нөхөд, амраг хань, алдрай үрсээсээ мэдрэх хайр болгон өөр өөр өнгөтэй. Тэгэхээр солонгын долоон өнгөөр зүйрлэвэл зохилтой юм болов уу.

Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?

-Бурхан та буянтныг үргэлж хайрлан энэрч байгаарай. Чөтгөр чи зөвхөн нүгэлтнийг л шоглоорой гэж захья.

Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?

-Шинжлэх ухаантай холбож ойлговол итгэхээс өөрцгүй.

Дуртай хоол...

-Балчир насандаа будаатай хуурганд нугасгүй байлаа. Харин одоо гэрийн хуушуурт дурладаг болсон.

Дуртай дуу...

-Сэтгэл санаа ямар байгаагаас хамаарч сонсох дуу маань өөрчлөгдөөд байдаг юм.

Дуртай спорт...

-Сагсан бөмбөгийн спортод дуртай, муугүй тоглодог ч байв. Гэвч одоо үздэг л болжээ.

Таны хамгийн ихээр үзэн яддаг зүйл...

-Үзэн ядалт гэдэг бол өөрт шаналал, гуниг зовлон л авчирна. Тиймээс аливааг үзэн ядаж сэтгэлдээ буртаг тээхийг хүсдэггүй.

Хэлэх дуртай үг...

-“Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэсэн ардын сайхан үгийг хэлэх дуртай.

Хобби...

-Үзэг, түлхүүрийн оосор цуглуулдаг.

Баримталдаг зарчим...

-Шударга, хариуцлагатай байхыг чухалчилдаг.

Хүсэл мөрөөдөл...

-Эрүүл байхыг л хүсдэг. Бас нэгэн мөрөөдөл бий, гэхдээ тэрийгээ өөртөө үлдээчихье.

Та хэр өр нимгэн бэ?

-Хэтэрхий хатуу эсвэл хэт хайлан байх нь зохисгүй гэж боддог. Тиймээс ямар ч тохиолдолд хатуу, зөөлний тунг тааруулахыг хичээдэг.

Баярлалаа гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ, хэнд зориулж хэлсэн бэ?

-Би баярлалаа гэдэг үгийг хэлэх их дуртай. Баярлаж, талархах зүйл энэ орчлонд дэндүү их учраас тэр шүү дээ. Дөнгөж сая хүүхдүүддээ, бас хамтран ажилладаг хүмүүстээ хэлсэн.

Бухимдсан үедээ...

-Тэр даруйд нь бухимдуулсан хүндээ, бухимдсан асуудлаа шууд хэлчихдэг. Ямааны мах халуун дээрээ гэдэг биз дээ. (Инээв)

Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог вэ?

-Хоршин сүлэлддэг гэвэл тэндээс саарал өнгө бий болно. Амьдрал саарал өнгөтэй бол онцгүй. Тэгэхээр хосолдоггүй зүгээр л ээлжилдэг байх.

Сүүлийн хариултыг асуултгүйгээр таны мэдэлд үлдээе...

-Ямагт бахархал, талархлыг минь төрүүлдэг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин хэмээх хийморьлог салбартаа баярлалаа гэж хэлье. Бас энэ салбарт мөр зэрэгцэн алба хааж байгаа хэн бүхэнд ажлын амжилт, амьдралын гэгээн бүхнийг хүсье.

Дотоод ертөнцөө бага ч гэсэн чимээлж, түүнийгээ цаг гарган бидэнтэй хуваалцсанд баярлалаа.

Хошууч Д.МЭНДБАЯР

Эх сурвалж: "Соёмбо"сонин

Нэг цагаан зээрийн экологийн үнэлгээ 500-550 мянган төгрөг байдаг
Нэг цагаан зээрийн экологийн үнэлгээ 500-550 мянган төгрөг байдаг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.