Хэн, хаана нэр дэвших вэ: Сүхбаатар, Багануур дүүрэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 9 секунд
Хэн, хаана нэр дэвших вэ: Сүхбаатар, Багануур дүүрэг

Хэн, хаана нэр дэвших вэ: Сүхбаатар, Багануур дүүрэг

Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг уншигчиддаа багцлан танилцуулж буй.  Бид энэ удаад Сүхбаатар, Багануур дүүргээс УИХ-д нэр дэвшигчдийн танилцуулгыг уншигчиддаа хүргэж байна. УИХ-ын дөрвөн тойрог бүхий тус дүүрэг нь нэр дэвшигчдийн өрсөлдөөн ширүүхэн өрнөх өөрөөр хэлбэл “үхлийн хэсэг” болж магадгүй гэх таамгийг дагуулаад байгаа юм.

УИХ-ын 59 дүгээр тойрог

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6-дугаар хороо ба Багануур дүүргийн 4, 6-дугаар хорооны нутаг дэвсгэр тус тойрогт хамаарч байна. УИХ-ын 59 дүгээр тойрогт МАН-аас Д.Цогтбаатар, АН-аас Б.Мэдрээ, МАХН-аас Н.Удвал, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Ц.Мөнхжин тар тус тойрог “тулна”. МАН-аас итгэл үзүүлэн дэвшүүлсэн Д.Цогтбаатарын тухайд 20 гаруй жил төрийн албанд ажилласан жинхэнэ төрийн хар хүн гэгддэг. Өмнө нь Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан гээд түүний ажлын туршлагыг илтгэх тодотгол хөвөрнө. Одоо тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар ажиллаж буй юм.

АН-аас нэр дэвшсэн Б.Мэдрээгийн тухайд 2012-2016 оны парламентийн үед УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөгдөх болон гишүүнээсээ татгалзах сураг дуулдах бүрт  түүний нэр дуулдаж эхэлдэг байсан. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад багтан бичигдсэн ч “хамраараа” таслуулсан нэр дэвшигч юм. 2007 оноос Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа тэрээр энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүрэгт хүч үзэхээр ийнхүү шийджээ. МАХН-аас тус тойрогт Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг “зүтгүүлэхээр” шийдэж нэрийг нь дэвшүүлжээ. Хүүхдийн эмч мэргэжилтэй тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон ч итгэл алдралгүй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан юм.

УИХ-ын 60 дугаар тойрог

Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар тойрог болоод Багануур дүүргийн I хороо тус тойрогт хамаарч байна. МАН-аас Ц.Мөнх-Оргил, АН-аас Х.Тэмүүжин, МАХН-аас Л.Сэлэнгэ, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас А.Лхамдэгд нар өрсөлдөнө.

Ц.Мөнх-Оргил нь Харвардын их сургуулийг төгсч 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож байсан. Тэрбээр УИХ-ын 2004 оны сон­гуулиар МАХН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж байсан бол 2008 онд Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж байсан юм. Харин АН-аас нэр дэвшигч Х.Тэмүүжингийн тухайд 1998 оноос МУИС-Хууль зүйн сургуульд багш, 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн, 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2008 оноос эхлэн УИХ-ын гишүүн бол 2012 онд Хууль зүйн сайдаар томилогдож байсан. Хуулийнг шинэчлэл хийсэн, хийхээр зүтгэж яваа нь түүний иргэдээс сайшаал хүртэх гол оноо юм. МАХН-ын Л.Сэлэнгийн тухайд чамгүй боловсрол гэгддэг бөгөөд намын дарга Н.Энхбаярын “фэн” гэгдэх намын эмэгтэй гишүүдийн нэг юм.

УИХ-ын 61 дүгээр тойрог

Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 14 дүгээр хороо Багануурын тавдугаар хороонд МАН-аас Сү.Батболд, АН-аас М.Батчимэг, МАХН-аас И.Энхтүшиг, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Б.Энхмаа нар “үзэлцэнэ”. Мэдээж УИХ-ын гишүүн Сү.Батболд болоод УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын хооронд гол өрсөлдөөн болох болов уу. Сү.Батболдын тухайд 2000-2004 онд Гадаад хэргийн дэд сайд, 2004-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдаар тус тус  ажилласан. 2004, 2008 оны ээлжит  сонгуулиар УИХ-ын гишүүн болсон тэрбээр 2008-2009 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2009-2012 онд Монгол Ардын Намын даргын албыг хашиж байв. Мөн 2012 оноос мөн УИХ-ын гишүүнээр сонгогдож ажиллаж байгаа улстөрч юм. 

М.Батчимэгийн тухайд энэ удаагийн сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр тойргоо “усалж” байсан ч аймгийн намын даргын албаас чөлөөлөгдөж улмаар намаа хоёр хуваасан хэрэгт буруутгагдсан. Мөн тойрог ч олдохгүйд хүрээд байсан түүний аминд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал орж, тойргоо “бэлэглэсэн” юм.

УИХ-ын 62 дугаар тойрог

Тус тойрогт Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо болон Багануур дүүргийн гуравдугаар хороо хамаарч буй. 62 дугаар тойрогт МАН-аас Ц.Цогзолмаа, Л.Гантөмөр, МАХН-аас Ц.Баярхүү, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Н.Наранцэцэг нар өрсөлдөнө. Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж дүүргийнхээ иргэдийн амьдрал асуудлыг сайтар мэддэг гэлцдэг Ц.Цогзолмаад энэ удаад МАН-ынхан ихээхэн найдвар тавьж буй. Харин АН-аас УИХ-ын гишүүн,  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нэр дэвшсэн.

Д.СҮРЭН

 

“Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна
“Amjilt.com” буруугүй ч эрхийг нь өгөхгүй гүрийж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.