Өнөөдөр тохиож буй дэлхийн болон Монголын багш нарын өдөрт зориулсан ёслолын ажиллагаа БСШУЯ-нд болов.
Энэ үеэр тус яамнаас өнгөрсөн хичээлийн жилд ажлын амжилт, хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдээ тодруулан, тэдэнд хүндэтгэл үзүүлэв. БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, “Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" хэмээх уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн 5 дугаар сард Инчеон хотноо болсон Дэлхийн боловсролын форумын үеэр “Чадвартай, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр чадвартай, идэвх санаачилгатай, сайн цалин хангамжтай, сайн засаглалын системд ажилладаг багш нар”-ын чухлыг онцлон тэмдэглэсэн. Монгол Улсын төрийн бодлого, боловсролын салбарын цаашдын зорилт энэ чиг хандлагатай нэгэн зүгт байна” гэдгийг онцлов.
2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 35.7 мянган багш сурган хүмүүжүүлэгч 750 гаруй мянган хүүхдийн ирээдүйн хөгжлийн төлөө өөрсдийн эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.
Оны тэргүүний багшаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Гансайхан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сарыгуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл, Завхан аймгийн Улиастай сумын Чандмань-Эрдэнэ сургуулийн химийн багш Ц.Чимэдрэгзэн нар тодорлоо.
Улсын тэргүүний цэцэрлэгээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар цэцэрлэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг тус тус шалгарав.
Улсын тэргүүний сургуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар сургууль шалгарч, өргөмжлөл, шагнал гардсан юм.