Г.Чинзориг даргаа, оператор компаниудад аудит оруулж ажил албаа хийсэн шиг хийгээч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 28 секунд
Г.Чинзориг даргаа, оператор компаниудад аудит оруулж ажил албаа хийсэн шиг хийгээч

Г.Чинзориг даргаа, оператор компаниудад аудит оруулж ажил албаа хийсэн шиг хийгээч

Цар тахлын үеэр хямралд өртөөгүй, хатуу хөл хорих тусам орлого нь зузаарч буй ганц салбар бол төлбөрт контент, нэвтрүүлгүүдийг дахин дамжуулагчид. Өөрөөр хэлбэл, UNIVISION, SKYMEDIA, DDISH, MNBC зэрэг компаниуд.

Хүнсний компаниудтай зэрэгцэн цар тахлыг үл ажран ажиллаж, хамгийн ихээр хөлжиж байгаа гэхэд хэтийдсэн болохгүй.

Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэд хөл хорионд орон хоногийн хоолоо аргацааж ядан байхад эдгээр компаниуд өнгөрөгч гуравдугаар сараас төлбөрөө 2500-3500 төгрөгөөр нэмж хатуурхсан. Үүнийгээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хэмээн тайлбарлаж биесээ өмөөрсөн.

2019.12.12-нд батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн гол зорилго үнэ нэмэх бус контент, нэвтрүүлгийг дахин дамжуулагч UNIVISION, SKYMEDIA, DDISH, MNBC зэрэг компаниуд сар тутамд үзэгч, хэрэглэгчээс хураан авч байгаа үйлчилгээнийхээ хөлсний тодорхой хувийг контент үйлдвэрлэгчдэд өгдөг байх эрх зүйн орчныг бий болгох явдал байв.

Өмнө нь хуулийн зохицуулалтгүйгээс болоод телевизийн салбар контент буюу уран бүтээлээ дамжуулагч байгууллагуудад үнэгүй нийлүүлдэг байсан. Харин бусдын оюуны өмч, бүтээл, хөдөлмөрийг үзэгч, хэрэглэгчдэд түгээн, дамжуулан худалдаж байгаа IPTV үйлчилгээ эрхлэгчид үзэгч, хэрэглэгчээс төлж байгаа бүх хураамжийг өөртөө авч, хөлждөг явдлыг таслан зогсоох зорилготой хэмээн хууль санаачлагч тайлбарлаж байсан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд мэдээний цагийн улс төрийг багасгах, улстөрчдийн яриаг цөөлөх гэхчлэн тухайн телевизийн редакцийн дотоод асуудлын талаар хөндөж байснаас бус дахин дамжуулалт нэрийн дор мөнгө хүүлэгчдийн асуудлыг төдийлөн авч хэлэлцээгүй. Учир нь дахин дамжуулалтыг эрхлэгчид нь Сү.Батболд, С.Амарсайхан тэргүүтэй төрийн түшээд байдаг учраас бизнест нь төдийлөн хутгалдахыг хүсээгүй биз.

Үр дүнд нь хуулийн сиймхийг ашиглаж, тарифаа нэмэгдүүлсэн хариу барив.

Тус хуулийн 20.5.3-т “Өргөн нэвтрүүлгийн радио, телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах” гэж оруулсан.

Дахин дамжуулалтын компаниуд орлогынхоо 15-аас багагүй хувийг контент үйлдвэрлэгчдэд өгөхөөр хуульчлагдсан гэсэн үг.

Гэтэл эрхэм түшээдийн компаниуд тарифаа үүнд уялдуулан нэмсэн байна. Хуулийн гажуудлаас улбаатай иргэдийн нуруун дээр ачааг нэмж, халаасыг нь нимгэлж байгаа хэрэг.

Үүний хажуугаар хошин шог, цэнгээнт нэвтрүүлгүүдийг төлбөртэй цэсэнд оруулж, хөл хорионд сургууль, цэцэрлэггүй болж гэртээ “хашигдсан” багачуудад ч төлбөрт контент нийлүүлж эхлэв.

Төр засгаас цахилгаан, дулааны үнийг тэглэхээс эхлээд олон хөнгөлөлт үзүүлж байхад дээрх компаниуд сохор зоос хямдруулсангүй. Хямдруулах битгий хэл төлбөрөө нэмж, иргэдийн дампууралд дарамт нэмцгээв.

Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийж, алслагдсан айл өрхүүдэд өргөн нэвтрүүлэг хүргэдэг компаниудад тендер зарладаг. Уг тендерт 10 жил эзэн суусан нь DDISH. Тус компани жил бүр хиймэл дагуулаас өргөн нэвтрүүлэг түгээх үйлчилгээний хөлсөнд улсаас 1.2 сая ам.доллар авч байсан гэдэг.

Энэ орлого 2019 оны тендэрт “Монголсат” компани ялснаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан П.Сэргэлэнгийн халаас руу шилжсэн гэсэн үг. П.Сэргэлэнгийн арын нууц ноёнтныг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Б.Балгансүрэн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг гэдэг бөгөөд тэд “DDISH”-ээс 5 дахин бага буюу жилийн 400 орчим сая төгрөгийн үнийн саналаар ялалт байгуулсан байдаг.

“DDISH”-ийн 49 хувийг “MCS” групп, 51 хувийг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг. Өдгөө DDISH, Юнивишн компаниуд жилдээ 500 гаруй тэрбумын орлого олдог гэх мэдээлэл бий. “МСS” группийн охин компани “Юнител”-ийн ТУЗ-ийн дарга, MCS-ийн томоохон хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Ганболд. Тэрбээр Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хүргэн ах бөгөөд энэ салбарын хамаг хар хорыг хутгадаг, хаан заан нь гэдэг.

Сү.Батболдын Sky media компани жилдээ 200 гаруй тэрбум, Шадар сайд С.Амарсайханы MNBC нь жилийн 100 шахам тэрбумын орлоготой гэж байгаа.

Тэдэн дээр нэмээд төлбөрт контент түгээгч SPS, Dream box, Movie box, Asian box зэрэг суваг эзэмшигчид ч мөнгө хүүлж, дахин дамжуулалтын компаниудтай нийлэн хамгийн өндөр орлогыг олж байгаа гэчихэд хол зөрсөн мэдээлэл болохгүй. Эдгээр суваг эзэмшигчдийн сар тутмын орлого 250-300 сая гэдэг.

Ийм өндөр орлоготой, энэ салбарын мөнгө хүүлэгчид дотроо бас орон зайгаа булаалдаж, гэдсэндээ хөлөө жийлцэнэ. Ингэхдээ үндэсний ганц компани болох “Жем нэт” групп рүү дайрч, хамаг муу муухайгаа Ц.Цэрэнпунцагт нялзаан харлуулахдаа гар нийлдэг гэж байгаа.

“Жем нэт” группийн орлогоос бусад нь гадагшаа, гадны хөрөнгө оруулагчид руу урсдаг бөгөөд тэд тусгай зөвшөөрөл эзэмшигсэнийхээ төлөө Бүх нийтийн үүргийн санд жилдээ хэдхэн төгрөг төлдөг.

Ядаж байхад Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд байх ёстой уг сан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын харьяанд байж мөнөөх мэргэжлийн бус дарга Б.Болор-Эрдэнэ гэгч эмэгтэйн гараар, ямар ч хяналтгүйгээр зарцуулагдаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нь ч гэж лойчихсон нөхөр. Дахин дамжуулагчид, өндөр орлогот суваг эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн эрхийг олгодог эрх мэдэлтэн атлаа Бүх нийтийн үүргийн сангаа дэргэдээ авчихаж чаддаггүй, агентлаг болоод аж ахуйн нэгжүүдийнхээ аманд багтчихсан явдаг бололтой.

Уг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ нарын мэдлэг чадвар хүрдэгсэн бол дахин дамжуулагч компаниуд болон төлбөрт контент түгээх суваг болох SPS, Dream box, Movie box, Asian box эзэмшигчдэд аудит оруулаад, амьсгалын аппаратгүй зүдэрч ард иргэдээ тахлаар алдсаар суугаа Засгийн газартаа нэмэр болмоор…

Эдгээр газрууд, тэр дундаа Харилцаа холбооны зохицуулах хороо ажлаа хийсэн шиг хийж ирсэн бол өнөөдөр үндэсний телевизүүд, үндэсний контент бүтээгч, уран бүтээлчид дампуурлын ирмэгт ирж үлгэн салган гэлдрэхгүй л байсан байх.

Тус хорооны хурган дарга нарыг албан тушаал, авлига хээл хахуулийн амтанд орж гаршсан гэж харддаг олны хардлага хий хоосон зүйл ч биш байж мэднэ.

Учир нь цар тахлын хүнд үед үйлчилгээний төлбөрөө 2500-3500 төгрөгөөр нэмчихсэн нөхдөд иргэдийнхээ өмнөөс хатуухан хариу бариад, үнэ нэмсэн үндэслэл дээр нь хяналт шалгалтыг одоог хүртэл хийчихэж чадахгүй яваа нь сэжиг төрүүлнэ.

Бензиний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхэд жагсаж, цаазлах нь холгүй бухимддаг олон нийт ч мэдлэг мэдээлэлгүйдээ UNIVISION, SKYMEDIA, DDISH, MNBC компаниуд үнээ 2500-3500 төгрөгөөр нэмж байхад хүлцэнгүй дуугүй сууж төлсөөр…

Эх сурвалж: Niigmiintoli.mn

УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Б.МӨНХСОЁЛ сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хаалаа
УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт БИЕ ДААН нэр дэвшигч Б.МӨНХСОЁЛ сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор хаалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.