Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан, цар тахлын өвчлөлийн тоотой зуузай холбон, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн тухай дуулиан Монгол Улсаас хальж байна. Тэгээд ч түүний хүчирхийлэл үзүүлсэн гэх бүсгүйчүүдийн тоо ч цар тахлын тоотой ойролцоо тусах аж. Энэ утгаараа цар тахлын халдварын тоо Ц.Анандбазарын эргүүлсэн бүсгүйчүүдийн тоо хоёр нэг хэсэгтээ уяатай явах нь ойлгомжтой. Түүнд дарамтлуулсан гэх иргэн Б.Сүндэръяа энэ тухайд баримтаар өгүүлж, Цагдаагийн ерөнхий газарт хандсан бөгөөд цагдаагийн хамгаалалтад албан ёсоор ороод байгаа учраас ийн хэлж байгаа хэрэг. Үүнээс харахад Ц.Анандбазарын өдүүлсэн хэрэг мөн гэж болохоор.
Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагад хууль санаачилна, батлуулна гээд сууж байгаа гишүүн ийм байж болохгүй гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ хаалга тогшиж байгаа энэ үед эрх баригч намаас нэг ийм гаж гэмээр донтой гишүүн гарч ирж байгаа нь ч санаандгүй хэрэг биш байх. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн наана Ц.Анандбазарт хариуцлага тооцохгүй бол МАН-д эерэг дүн авчрахгүй гэдгийг МАН-ын удирдлагууд ярьжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-ын удирдах түвшинд энэ асуудал яригдаж, “Ц.Анандбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлж арга хэмжээ авахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулиар бидэнд томоохон сөрөг нөлөө үзүүлнэ” хэмээжээ. Эрх баригч намын удирдлага ийм бусармаг зүйлтэй эвлэрч, ямар нэг арга хэмжээ авахгүйгээр сонгуульд орсноос шууд ялагдлаа хүлээсэн дээр байх. Айсуй тэмдэглэх 100 жилийн ойн баяраар МАН Ерөнхийлөгчтэй болох туйлын хүсэлтэй байгаа. Нөгөө талаар 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн суудлаа алдаж ирсэн эрх баригчид ямар ч үнээр хамаагүй энэ суудалд залрахаар улайрч байгаа. Энэ замд саад болсон Ц.Анандбазар байтгуайг арчиж таарна. Үүнээс харвал эх сурвалжийн хэлсэн “цэвэрлэх ажиллагаа” явагдах нь ойлгомжтой болжээ.
Мөн адил хэрэгт холбогдоод байсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2019 оны төгсгөлд буюу арваннэгдүгээр сард яллагдаж байж МАН 2020 оны сонгуульд амжилтаа хадгалж чадсан юм. Түүнээс 65 суудалтай жаалж байсан нам хүчирхийлэл үзүүлсэн гишүүнээ хаацайлж чадахаар байв. Гэвч дараа дараагийн амжилтад муугаар нөлөөлдөг учраас бүрэн эрхийг нь түдэглзүүлж тохирох шийтгэлийг хүлээлгүүлснээр амжилтаа бататгаж 2020 оны сонгуульд 62 суудал авч байв. Өнөөдөр Ц.Анандбазарт холбогдох энэ асуудал яг энэ замаар явж байна. Гэхдээ Ц.Анандбазарын энэ асуудал Д.Гантулгынхаас ч ноцтой, хамрах хүрээ асар өргөн гэдгийг анзаарсан биз ээ. Ямартай эрх баригчид алдаа гаргасан гишүүнээ золигт гаргах нь ойлгомжтой болж байна. Эс тэгвээс нийгмийн хамгийн эмзэг сэдэв болж буй хүчирхийлэл, түүнийг бусармаг үйлдлийг хаацайлсан ямар ч бурхан нэр дэвшээд амжилт олохгүй юм. Нөгөө талаар “Би ийм хэрэг өдүүлээгүй” хэмээж байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар шахалтад орж бүрэн эрхээ хөндүүлснээр өөрөө хүсэлт гаргаад гишүүнийхээ эрхээс татгалзаад шалгуулчих хэрэгтэй. Үнэхээр буруугүй юм бол бүр л тодорно биз. Үнэхээр буруутай бол ял шийтгэлээ хүлээх хоёр л зам үлдлээ.
Тэгэхээр иргэн Б.Сүндэръяагийн олон нийтэд өгсөн мэдээллээс хүргэх нь зүйн хэрэг байх. Тэрээр “Цагдаагийн ерөнхий газарт хандах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Ц.Анандбазар гишүүнтэй 2019 онд танилцаж байсан. Танилцах хүсэлтийг манай найзаар дамжуулан олон удаа тавьж байсан ч тэр болгонд нь татгалзаж байсан. Танилцах шалтгаан байсан юм билээ. Түүнийг нь одоогоор олон нийтэд хэлэх боломжгүй байна. Өргөдөл гомдолдоо тусгасан. Ц.Анандбазар гишүүний асуудлаар 1000 гаруй охин холбогдсон. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар намайг ямар ч хамаагүй хүнтэй холбож, бичлэг эвлүүлж хийсэн. Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан. Насаараа ингэж дарамтлагдаж чадахгүй. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Энэ хүнийг би дийлэхгүй болохоор өргөдөл гомдол гаргаж чадахгүй байсан. Бүх нотлох баримт надад байгаа” хэмээсэн юм.
З.Шатар
Түмэн.мн